“Либертари” нам бол цэвэр БАРУУН ЖИГҮҮРИЙН үзэлтэй нам “Либертари” нам бол цэвэр БАРУУН ЖИГҮҮРИЙН үзэлтэй нам
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Либертари” нам бол цэвэр БАРУУН ЖИГҮҮРИЙН үзэлтэй нам

2023 оны 10 сарын 06

Arslan.mn

“Либертари” нам энэ сарын 10-ны өдөр анхны их хурлаа хийхээр товлосон байна.  Хуулийн дагуу намын их хурлаа 45 хоногийн өмнө хийж, даргаа сонгож, дүрмээ батлаад 801 хүний гарын үсгийн хамт Дээд шүүхэд намаа албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс манай намд бүртгүүлсэн бол Их хуралдаа идэвхтэй оролцоорой хэмээн хэвлэлийнхэнд өнөөдөр /2023.10.06/ мэдээлэл өглөө.

“Либертари” намыг үүсгэн байгуулагчдын зүгээс “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахад манай улс төрийн намууд зүүний, барууны гэж үзэл баримтлалаа тодорхойлдог ч бүгд зүүний үйл ажиллагаатай байна. Тиймээс энэ улс орны эдийн засаг сүйрэл рүүгээ явж, төсвөөр дамжуулаад авлига албан тушаалын хэрэг өнөөдрийн түвшинд хүрээд байгаа юм. Бидний зүгээс томорсон төсөв, хавтгайрсан халамжийг багасгаж, бизнес хийгээд явж байгаа хүмүүст илүү их боломж олгож, төрийн дарамтыг багасгая гэдэг зорилгоор энэ намыг байгуулсан. Монголд үзэл санааны бланс хэрэгтэй байгаа юм.  Манай нам цэвэр барууны үзэл санааг бодлогоо болгож явна” гэсэн мэдээлэл өглөө.

"Либертари" намыг үүсгэн байгуулагч залуус сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Либертари Намыг байгуулж байгаагийн шалтгаан юу вэ? Либертари Нам ямар үзэл санааг баримтлах вэ?

-Монголд чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг түгээх, энэхүү үзэл санаан дээрээ бат зогсож чадах улс төрийн хүчин байх боломжтой гэдгийг харуулах нь Либертари Намыг байгуулж буйн зорилго юм. Монголын улс төрийн намууд бүгд эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг. Зарим нэг нам нь цаасан дээр өөрсдийгөө чөлөөт зах зээлийн төлөө зогсдог гэж бичсэн байдаг ч бодит амьдрал дээр үүнийхээ эсрэг хөдөлдөг. Эдийн засгийн бодлогын хувьд цэвэр "баруун жигүүр"-ийн үзэл баримтлалтай нам Монголд үгүй. Иймээс энэ орон зайг нөхөхөөр бид Либертари Намыг байгуулж байна.

-Баруун жигүүрийн үзэл гэдгээ дэлгэрүүлж болох уу? Барууны үзэл, зүүний үзэл гэдэг нь чухам юугаараа ялгаатай юм бэ?

-Хамгийн энгийнээр хэлье. Төр татварыг бага тогтоох нь зөв, төр эдийн засагт оролцох ёсгүй, төр хуулийн доорх тэгш байдлыг сахиулах ёстой гэх нь "баруун жигүүр"-ийн үзэл. Төр өндөр татварлаж, эдийн засагт янз бүрийн арга хэмжээгээр оролцож, хүмүүсийг тэгшитгэх ёстой гэх нь "зүүн жигүүр"-ийн үзэл. Монгол улс зүүний үзлээр замнаж буй учир одоо ийм байдалд байна.

-Төр эдийн засагт оролцохгүй юм бол төр байхын хэрэг юу вэ? Хулгай, дээрмийг хэн зогсоох юм?

-Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана, цөөлнө гэж хэлэхээр хүмүүс төрийг тэр чигт нь үгүй хийх гэж байна хэмээн маш буруу ойлгодог. Либертари үзэлтнүүдийн хувьд төр гэдэг бол ард олныг дотоодын хулгайч, луйварчин, дээрэмчдээс хамгаалах "цагдаа", гадны халдагчдыг зогсоох "зэвсэгт хүчин", иргэд хоорондын маргааныг шийдэх "шүүх". Бид нар эдийн засаг дахь төрийн оролцоог буюу төрийн дарамт, шахалтыг авч хаях гэж хичээж байна. Эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүдэд "үнийн хяналт, квот, лиценз, татаас, хөнгөлөлттэй зээл, төрөөс албадан тогтоосон стандарт, янз бүрийн татварууд, гадаад валютын хяналт, мөнгө хэвлэлт" зэрэг орно. Бид эдгээрийг үгүй хийхийн төлөө зүтгэж байгаа юм.

-Төр зах зээлийг зөнд нь орхичих юм бол монопольтой хэн тэмцэх юм бэ?

-Монополийг бий болгогч гол субъект нь төр. Элдэв янзын татаас, хөнгөлөлттэй зээл, тусгай зөвшөөрөл гэх мэтээр төр зарим компанид давуу тал өгдөг нь төрөөс уг давуу эрхүүдийг авсан цөөн тооны компаниудад зах зээлд ноёрхох бололцоог нээж өгдөг. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд аливаа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх цорын ганц зам нь хэрэглэгчдэд илүү хямд, илүү сайн үйлчлэх байдаг бол, манайх шиг төрийн оролцоонд гүн идэгдсэн системд төртэй хамсаж байж компаниуд томордог.

-Танай нам засагт гарлаа гэж бодоход хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Орлогын албан татвараас бусад бүх татварыг болиулна. Төрийн хүчээр тогтоосон үнийг чөлөөлнө. Төрийн өмчит компани бүрийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна. Бүх сангуудыг татан буулгана. Эрүүл мэндийн салбараас төрийг гаргана. Нэгэнт дампуурчихсан төрийн нийгмийн даатгалыг нэн даруй үгүй хийнэ. Санхүүжилтийг нь төрийн үйлдвэр, компаниудыг зарж олсон мөнгөнөөс гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон бүтэн өнчин хүүхдүүдэд зориулагдсан халамжаас бусад бүх төрлийн төрийн халамж, тэтгэмжийг зогсооно. Мөнгөний нийлүүлэлтийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлэхгүй. Удахгүй Либертари Намын платформ ил тавигдана. Сонирхсон хүмүүс тэндээс илүү дэлгэрэнгүйгээр унших боломжтой.

-Цаг үеийн холбогдолтой асуулт асууя. Нийтийн тээврийн салбар дахь асуудлыг яаж шийдвэл зохих вэ?

-Нийслэлчүүдийн нүүр тулдаг хамгийн ярвигтай асуудал бол нийтийн тээврийн хүртээмжгүй байдал. Удаан хүлээлгэдэг, орчин бохир, бөөгнөрөл өндөртэй нь хувь хүмүүсийг автомашин худалдаж авахад нөлөөлдөг ба энэ нь эргээд замын түгжрэлийг даамжруулдаг. Үнийг төр зохицуулдаг нь зовлонгийн шалтгаан юм. Үнэ чөлөөтэй болчихвол компаниуд үнэ, орчин, чиглэлээрээ өрсөлдөж эхэлнэ. Сегментээрээ сална. Хэрэглэгчид худалдан авах чадвараа харгалзан чөлөөт сонголт хийнэ. Хүмүүс автобус хэзээ ирэхийг ширтэн жиндэж зогсохгүй, автобусны завааныг гайхахгүй, чихэлдэхгүй. Хамгийн гол нь автобус нэмэгдэж, автомашин цөөрснөөр түгжрэл саарна. 2022 оны 9-р сарын байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 950 автобус 105 чиглэлд гарч байна. Билетийн үнэ нь 300-500 төгрөг буюу хэт хямд, 1/3 нь үнэгүй зорчдог нийтийн тээврийн салбар дахь 19 компанийн 2022 онд авсан татаасын хэмжээ 171 тэрбум төгрөг. Нийтийн тээврийн салбар дампуурсан нь, хулгай нүүрлэсэн нь төрийн оролцооноос л үүдэлтэй. Метрог шийдэл гэж хардаг хүмүүс бий. Гэвч метро гэдэг бол эдийн засгийн тооцоололгүй мөрөөдөл. Метро бариад зорчих тасалбарын үнийг нь хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хэмжээнд тогтооход иргэд тасалбарынх нь үнийг төлж дийлэхгүй. Тасалбарын үнийг хүчээр буулгавал татаас нь төсвөөс гарч таарна. Төсөв гэдэг бол татвар төлөгчид. Өөрөөр хэлбэл, төрийн байгуулах метро бол социалист шийдэл. Түгжрэлийг багасгах цорын ганц боломжит, эрүүл зам нь нийтийн тээврийн салбарыг либералчлах юм. Нийтийн тээврийн (автобусны) үнийг чөлөөлж, компаниудад татаас олгохоо боливол нийслэлд нийтийн тээвэр зохих ёсоороо хөгжиж, хүмүүс түгжрэн барин машин унах нь багасна.

-Эрчим хүчний хомсдол хурцаар яригдах боллоо. Үүнийг та бүхнийхээр яавал дээр вэ?

-Эрчим хүчний компаниуд насжилт нь дөхсөн эсвэл хэтэрсэн тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй, ажилчдыг цалингаар татаж хүчрэхгүй болчихоод буйг салбарын мэргэжилтнүүд нь хэлсээр л байна. Шалтгаан нь эрчим хүчний салбар дахь үнийн хяналт. Төр үнийг хүчээр барьснаар нэг талаас төрийн компаниуд нь байнга татаасаар ажиллаж, нөгөө талаас хувийн компаниуд энэ салбарт орж ирдэггүй. Алдагдалтай ажилладаг төрийн компаниуд нь тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийх бололцоогүй, нэмээд хүний нөөцийн хомсдолд орсноор нурж унахад ихээхэн ойртсон байна. Энэ бол үнийн дээд хязгаар нь хомсдолд хөтөлдөг гэх эдийн засгийн хуулийг монголчууд умартсаар ирсний балаг. Үнэ чөлөөлөгдчихвөл ашиг хайсан компаниуд эрчим хүчний станцуудыг барьж эхэлнэ. Эрчим хүчний үнэ өсөхөөр яаж цахилгааныхаа төлбөрийг төлөх юм гэж асуух хүмүүс гарч ирэх байх. Өмнө хэлсэнчлэн, татварыг асар ихээр бууруулах тул иргэд бодит үнийг төлж дийлнэ.

-Өнөөгийн Монголд тогтсон энэ системийг хэн бий болгов. Яаж нураах вэ?

-Нийт монголчуудын бүтээсэн, хүчирхэгжүүлсээр буй эдийн засаг дахь төрийн оролцооны систем нь өнөөгийн Монголын дорой буурайн цорын ганц шалтгаан. Төрөөс шимэгчилдэг төрийн албан хаагчид, улс төрчид, төртэй хамсдаг бизнесменүүдийг "төр эдийн засагт оролцох ёстой" гэсэн үзэл төрүүлдэг. Харамсалтай нь монголчуудын дийлэнх олонх нь төр эдийн засагт оролцох нь зүйтэй гэж боддог зүүний үзэлтнүүд. Улс төрчдөд бус, тэднийг сонгодог ард түмэнд гол учир бий. Хэдий урт хугацааны шийдэл мэт сонсогдож болох ч Монгол дахь төрийн хулгай, дээрмийн системийг устгах зам нь ард олныг гэгээрүүлэх буюу зүүний үзлээс нь салгах юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам амьдрал доройтдог. Одоогийн төрийн бодлого үргэлжилсээр байх дор иргэд улам ядуурна.

-Ингэж шулуухан хэлэхээр та нарыг сонгогчид сонгохгүй бус уу?

-Либертари Намын нэн тэргүүний зорилго бол чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх. Тэрнээс биш сонгогдохын тулд, олонход таалагдахын тулд үзэл санаанаасаа ухрах юм бол энэ намыг байгуулсны хэрэг үгүй. Бид нар олонхын санаа бодлыг дагах бус, харин дагуулах ёстой. Ерөөс Монгол дахь намууд олонх юу хүснэ түүнийг нь дагуулж ярьдаг. Яг хамхуул мэт. Либертари Нам тэдэн шиг байж болохгүй. Дахин хэлье. Бидний зорилго болвоос үзэл санаа, зарчмаасаа алхам ч ухрахгүйгээр бага багаар ч хамаагүй тогтвортойгоор ахих.

-Танай намын ард Ц.Элбэгдорж гэхчлэн улс төрчид байгаа гэх цуурхал явдаг. Энэ талаар?

-Бидний ард ямар ч өөр намын улс төрч, нөлөөний этгээд байхгүй. Жишээлбэл, Ц.Элбэгдорж бол манай намын үзэл баримтлалаас чанх эсрэг үзэл баримтлалтай хүн. Бид юугаараа ч тэр хүнтэй зам нийлэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651529
0 эможи

keyboard_arrow_up