АН дахь “зэтгэр“-ийн гацаа АН дахь “зэтгэр“-ийн гацаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН дахь “зэтгэр“-ийн гацаа

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Хаашаа ч  үгүй, байж болох цорын ганцхан гарц бүхий явдлыг “Зэлтэрийн гацаа” гэцгээдэг. Сэлэнгийн Түшигээр Оростой хиллэх нутагт нөгөөх алдарт “Зэлтэрийн гацаа” бий. Домог түүхийг нь мэдэхгүй монгол хүн үгүй. Тиймээс бид ингэж яриад сурчихсан. Тэгвэл Зэлтэрийн гэхэд биш "зэтгэр"-ийн гэж болмоор гацаанд АН орчихоод байна. Халуун намраар эхэлсэн энэ гацаагаа гаргаж амжилгүй хүйт оруулчихав. Удахгүй дүн өвөл эхэлнэ. Тэгээд цас ханзармагц хүсэн хүлээсэн сонгууль нь болно. Бүтэн улирал ярьж буй боловч энэ үнэндээ энэ маш богино хугацаа юм.

Энэ гацааны хамгийн том шалтгаан генсекийн томилгоо. Бараг зун эхлүүлсэн ҮБХ-ны хурлаа энэ албан тушаал дээрээ тохироогүйн улмаас хурлаа хаалгүй тарсан. Өнөөдөр ч хөшигний ар дахь фракцын дарга нарынх нь яриа хөөрөө үргэлжилсээр байна. Харамсалтай нь тохирдоггүй.

АН-ын албан ёсны эх сурвалжууд “...Генсекийг намын дарга мэднэ” гэсэн. Өөрөө ч хэлээд байна. Гэвч АН-ын дарга Лу.Гантөмөр хэн нэгнийг гаргаж ирсэнгүй. ҮБХ-ны хурлаа нээснээс хойшхи хоёр сарын хугацаанд хэдэн ч генсек “нэр дэвшүүлж” болохоор цаг өнгөрлөө. Тэгвэл үүний цаанаа нөгөөх л фракцууд нь тус бүрдээ генсек зүтгүүлээд намын даргаа ацан шалаанд оруулчихаад байгаа юм байна. Уг нь тэрбээр С.Эрдэнэболдыг “дундын хувилбар” хэмээн фракцууддаа танилцуулжээ. “Нэг Монгол”-ынхон зөвшөөрөөгүй байна. Харин УИХ-ын гишүүд суурьтай энэхүү “Нэг Монгол”-оос Э.Одбаярыг санал болгожээ. Энэ хөдөлгөөн, эсвэл фракцын хувьд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход үндсэн үүрэг гүйцэтгэсэн. Тэр утгаараа  “Нэг Монгол” намдаа жин дардаг, намын даргадаа ч нөлөө үзүүлдэг.

Харин С.Баярцогтын зүгээс Ч.Өнөрбаярыг зүтгүүлж байна. “...Хэрвээ Ч.Өнөрбаярыг болохгүй гэвэл би өөрөө болно” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Түүний хувьд АН-ын гол шийдвэр гаргах байгууллага болох Улс төрийн зөвлөлийг хариуцдаг, мөн тэнд бараг 90 хувийн хяналт тогтоосон учир үг нь үнэтэй, хүчтэй.

Нөгөө талд МоАХ гэж бас нэг фракц бий. Тэдэнтэй “Алтангадас” нэгдчихсэн. МоАХ, “Алтангадас” хоёроос “...О.Алтангэрэлийг генсек болгоё” гэсэн саналыг тавьсан байна. Энэ дөрвөөс гадна УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин хоёр генсект яригдаж удаж байна. Гэхдээ ардаа хүчтэй дэмжлэгтэй, фракцтай нь Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр /эсвэл С.Баярцогт/, О.Алтангэрэл гурав болчихоод байгаа юм.

Эднээс АН-ын дарга аль нэгийг нь сонголоо гэхэд ард нь бас асуудал гарчих магадлал бас бий. Юу гэхээр, “...Э.Одбаярыг дэмжихгүй” гэвэл “Нэг Монгол”-ынхон МоАХ, “Алтангадас” хоёртой нийлээд улс төр хийгээд явчихна. Ингээд ч байгаа бололтой юм.

УИХ-ын гишүүдтэй энэ фракцыг “гомдоох” нь АН-ын даргад ашиггүй. Хэцүү болно. Тэрийг эрсдэл гэж үзээд Э.Одбаярыг генсек болгочихвол бусад нь “боож үхэх” шахна. Адаглаад л МоАХ, “Алтангадас” хоёр улс төрөө эхлүүлнэ. Нөгөөх “...С.Баярцогтыгоо огцруул. Үгүй бол нам байгуулаад гарлаа” гэдэг шаардлагаа тавих сайхан шалтаг болж өгнө. “...Ч.Өнөрбаяр юм уу, С.Баярцогтыг генсек болгоё” гэсэн ч дээрх нөхцөл байдал арилахгүй. Тэгээд МоАХ, “Алтангадас”-аас санал болгосон О.Алтангэрэлийг дэмжээд ч асуудал цэгцрэхгүй. Гэтэл энэ ондоо багтаж генсекээ тохирч шийдэхгүй бол АН ирэх сонгуульд оролцох эсэх дээрээ тултал хүндэрнэ. Намын даргад нь бүр хүнд тусна. Албан тушаалтай нь ярих хэмжээнд хүрнэ. Ийм л нэг "зэтгэр"-ийн гацаа үүсчихээд байгаа юм.

Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөр хэр зэрэг маневртай шийдвэр гаргахаас энэ бүхэн хамаарна. Гээд болоогүй ээ. Энэ “зэтгэр”-ийн гацааны дараагийн шалтгаан нь Нийслэлийн АН-ын даргын асуудал болоод байгаа юм. Генсекийнхээс нь ялгаа байхгүй. Д.Бадарсан, Ц.Баатархүү, Т.Батцогт, М.Тулгат нарын нэр явна.

Лу.Гантөмөр өөрөө Д.Бадарсанг, “Нэг Монгол”-ынхон Ц.Баатархүүг, МоАХ-ынхон Т.Батцогтыг, “Гранд”-ынхан нь М.Тулгатыг зүтгүүлж байна. АН-ын дарга Лу.Гантөмөр өнгөрсөн өдрүүдэд болсон намынхаа зөвлөгөөний үеэр “...Нийслэлийн АН-ын даргыг удахгүй сонгоно” гэсэн. Гэхдээ генеск, Нийслэлийн АН-ын дарга хоёрын албан тушаал АН дахь улс төрийн хувьд сиамын ихэр шиг бие биеэсээ хамааралтай болчихсон. Эхлээд “...Генсек энэ хүн болох юм бол Нийслэлийн АН-ын дарга тэр хүн болно” гэсэн зарчим дээр фракцууд нь тохирох ёстой юм. Үгүй бол АН дахь "зэтгэр"-ийн гацаа үргэлжилсээр байх болно.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652289
0 эможи

keyboard_arrow_up