АН-д “АН-ын хүн” АЛГА УУ АН-д “АН-ын хүн” АЛГА УУ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-д “АН-ын хүн” АЛГА УУ

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

АН байгуулагдсаны 23 жилийн ойн өдөр маргааш тохионо. АН-ыг 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН, МҮАН, МСДН, МСМН, МШАН нэгдэж байгуулж байжээ. Ингэж “...Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их хурлын 02 дугаар тогтоолоор АН-ын Үндсэн дүрмийг баталсан”-ыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2000 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж авчээ. АН-ын даргаар 2000-2002 онд Д.Дорлигжав, 2002-2005 онд М.Энхсайхан, 2005-2006 онд Р.Гончигдорж, 2006-2008 онд Ц.Элбэгдорж, 2008-2014 онд Н.Алтанхуяг, 2015-2017 онд З.Энхболд, 2017-2020 онд С.Эрдэнэ, 2020 оноос хойш даргагүй байж байгаад 2023 оноос Лу.Гантөмөр ажиллаж байна.

АН байгуулагдсанаас хойшх 23 жилийн хугацаанд 2012-2016 онд УИХ-д олонх болон засгийн эрх барьж байв. Түүнээс өмнө 1996-2000 оны хооронд засаг барьж байсан. Улсын дээд шүүхэд байгаа Улс төрийн намын бүртгэлийн хоёрдугаарт бичигддэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгуулийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг гэсэн үг. Товчдоо, ийм түүхтэй нам байгаа юм. Том нам л даа. Гэвч 2020 оноос хойш эв хагарч, эвдрэлцсэн нь АН-ыг арай л үгүй хийчихээгүй.

Хоёр дарга, хоёр ҮБХ, хоёр юу юу ч билээ, энэ гурван жилд үзээгүй “юм” энэ намынханд үлдсэнгүй. Тэгж тэгж энэ оны эхээр намын даргатай болсон. Улмаар удирдлага, удирдах байгууллагуудаа сонгосон. Гэхдээ эвдрэл нь эдгээгүй байна. Эвлэрэл нь маш эмзэг байгааг АН-д өрнөж байгаа үйл явдлуудаас бэлхнээ харж болно. Үйл ажиллагаа нь бол “...Дүүрсэн хэрэг” гээч шиг л яваад байна. “...Ингээд явж байгаа нь их юм” гэсэн ч болох юм. Яагаад гэхээр, АН-ын дарга, удирдлагуудыг хуулиар зөвшөөрч, шүүхээр бүртгэсэн ч нам даяараа хүлээн зөвшөөрдөггүй. Хэзээ ч дэлбэрч мэдэх, хэзээг нь мэдэхгүй цагтай тэсрэх бөмбөг шиг “амьдарцгааж” байна. Ер нь бол АН-ын энэ асуудал нь хоёр л хүчин зүйлээс болоод байгаа юм.

Нэгдүгээрт, энэ нам дахь гурван том фракц эвдрэлийг үргэлжлүүлэн авч явж байна. Эхний хоёр нь экс хоёр Ерөнхийлөгчийн шууд мэдлийн хоёр фракц бий. “...Нэгийг нь С.Баярцогт, нөгөөхийг нь Х.Баттулга өөрөө удирддаг” гэж АН-ынхан, бас улс төрийн хүрээнд ярьдаг. Гурав дахь УИХ-ын гишүүдийн фракц байдаг. Харин дунд нь Лу.Гантөмөр бий. Ингээд л үзэж тардаг. С.Баярцогт Улс төрийн зөвлөлийг, Х.Баттулга нийслэл, аймгуудын АН-ыг гартаа авсан. Гишүүд өнгөрсөн долоо хоногт генсек томилуулсан. Тэгээд харахаар АН-ын дарга Лу.Гантөмөрт яг мэдээд томилсон “эрх мэдэл” одоогоор алга л байх шиг байна. Түүнчлэн АН-ын гурван фракц гурвуулаа өндөр амбицтай. Намын эрх мэдлийг авах хүсэлтэй. Лу.Гантөмөрийг хүүхэлдэй шиг байлгах сонирхолтой. Зарим талаар тэгцгээж ч байна. С.Баярцогтын фракц Лу.Гантөмөрт арай нөлөөтэй. Томилгоонуудын заримаас тэгж харагдана. Х.Баттулга болохоор дотоод сонгуулиуд дээр нь ажиллачихдаг. Сурчихсан. Гишүүдийн тухайд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход хүчээ өгсөн. Тэрийгээ сануулсаар байгаад генсекээ томилуулсан. Нэг иймэрхүү эвлэрээд, тохироод, эсвэл бүр шантаажлаад байгаа дүр зурагтай үйл явдлууд АН-ын болсоор удаж байна.

Хоёрдугаарт, АН даяараа хүлээн зөвшөөрдөг удирдлагатай болж чадаагүй юм. Энэ нь л фракцуудын “улс төр”-ийн үндэс болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, гурван том дарга нь гурвуулаа “гологдох” шалтгаантай. Намынх нь жирийн гишүүдийнтухайд шүү дээ. Чухамдаа тэр дээр нь л фракцууд “улс төр”-өө хийж хүссэндээ хүрдэг гэсэн үг. АН-ын дарга Лу.Гантөмөрийг “...Сул байна” гэдэг шүүмжлэл эхнээсээ л тасраагүй. Одоо бүр имиж нь болчихлоо. Нэг үгээр хэлбэл, түүнийг “...Намаа зангидаж чадахгүй байна” гэж хаа сайгүй ярьдаг болсон. Тэргүүн дэд дарга С.Баярцогтыг “...Уг нь мундаг улстөрч, гэхдээ Оюу толгой, дараа нь шүүхтэй холбоотой явдлууд нь ноцтой. Нэр хүнд нь тааруухан” гээд байдаг. Генсек Э.Одбаярыг АН-ын өмнөх генсектэй харьцуулах нь элбэг байна. Хамгийн эвгүй нь түүнийг “...Эрх баригч намтай ойрхон” гэдэг ойлголт намд нь тарсан. Цаашид улам гүнзгийрэх бололтой. Дөрөөлөх ийм шалтгаанууд бий.

Ядаж байхад УИХ-ын 2024 оны сонгууль бараг эхэлчихсэн. “...Намын даргаа солино”, “...Тэргүүн дэд даргыг огцруулна”, “...Генсекийг зайлуулна” гэдэг яриа хөөрөө, хурал хуй нь тасрахгүй бололтой. АН байгуулагдсан өдөр болдог “хүндэтгэлийн хурал”-ууд нь ч ийм уриа лоозонтой болох сурагтай. Ер нь тэгээд энэ бүхнээс ганц л зүйлийг олж харахаар байна. АН даяараа хүлээн зөвшөөрч, дагуулаад явчих, лидерийн дүртэй “АН-ын хүн” алга уу. Ийм л ганц асуудлыг шийдэхгүй бол энэ намын зовлон дуусах болоогүй дэг ээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653180
0 эможи

keyboard_arrow_up