Иргэд, парламент хоёрын “гүүр” ба Л.Нинжжамц Иргэд, парламент хоёрын “гүүр” ба Л.Нинжжамц
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Иргэд, парламент хоёрын “гүүр” ба Л.Нинжжамц

2024 оны 6 сарын 08

Arslan.mn
УИХ, ер нь бол улс төрийнхэн иргэдтэй байнгын эргэх холбоотой ажиллах ёстой. Эргэх холбоо тасарвал мэдээлэл дутагдаж, мэдрэмж алдагдана. Тэгээд “эрсдэл” үүснэ. 

Тэр утгаараа УИХ-ын үйл ажиллагаанд эргэх холбоо хамгийн чухал үүрэгтэй. Энэ холбоосыг авч явдаг нэг чухал гүүр нь манай хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид юм. 

УИХ-ын 1992 оноос хойшх найман удаагийн бүрэлдэхүүний иргэдтэй холбох нэг гүүр нь хэвлэлийнхэн байж ирсэн. 

УИХ-ын дарга энэ сарын 5-нд отгон чуулганы төгсгөлд “…УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. …Энэ чуулганаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Авлигатай тэмцэх, баялгийн хулгайг илчилж, төр, ард түмний хяналтад авах, гэмт үйлдэлд нь тохирсон ял, хариуцлага ногдуулах шударга ёсны зарчим эдгээр хуулиудаар баталгаажлаа. …Төрийн дээр гарсан олигарх бүлэглэл, ард түмний боломжийг тоносон гэмт үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг Цэгцрэх хөдөлгөөн эрчилсэн цаг үеийн шахалтад орж, илчлэгдсээр байна.

Парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргаж, Хөгжлийн банкны, Нүүрсний, Эмийн чанарын, Ашигт малтмалын лицензийн, Ногоон автобусны гэх мэт дуулиант хэргийг илчилж, иргэдийн засаглах эрх, ил тод байдал энгийн хэм хэмжээ боллоо. Олон жил бугшсан тогтолцооны авлигууд ил болж, шударга ёсны цоо шинэ хэм хэмжээ тогтож буйд энэ парламент чухал хувь нэмэр оруулсан. Нийт нийгмийг сэрээсэн энэ сайн үйлсийг идэвхжүүлэн дэмжигч, хамтран зүтгэгч, Шүгэл үлээгч нь манай парламент, гишүүд байж чадсан гэж үзэж байна” хэмээсэн нь дээр хэлснийг дүгнэж, бас нотолж хэлсэн үг юм. 

Мөн “…Бид “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилгоо мэдэгдэхүйц үр дүнд хүргэлээ. Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх үйл явц чухал амжилтад хүрсэн. Үүнд УИХ-аас нэтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим системүүд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэсэн нь иргэд, УИХ хоёрын эргэх холбооны талаарх том дүгнэлт болно. 

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ отгон чуулган дээр “…Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйл дээр хамт ажилласанд талархлаа. Энэ удаагийн парламент маш олон онцлоготой байлаа. Бидэнд яг ингэж хуралдаж чадахгүй байсан цаг үе байсан. Тухайн үед хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн болон эдийн засаг хүнд, хасах 4.7 хувьд хүрч, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Энэ хүндрэлтэй байдлыг давахад хамт байлцсан парламентийн гишүүддээ талархал илэрхийлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тэр төвөгтэй, хүндрэлтэй цаг үед намын хувьд бүгд өөр үзэл баримтлалтай ч улсын хөгжилд бүгд нэгдмэл, том зургаар харж байсанд талархаж байна. Хоёрдугаар сарын 14-ны өдөр цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтуудыг цуцалсан. Харамсалтай нь дахин 14 өдрийн дараа Орос Украины дайн эхэлсэн. Бензин, шатахуун, хүнсний маш олон зүйл тасалдаж эхэлсэн. Улмаар Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг баримталж хувийн хэвшлүүдтэйгээ хамтран боомтуудыг нээж, Оюу толгойн далд уурхайг нээсэн. Би онцгойлон АН-ынхандаа ч талархал илэрхийлмээр байна. Гүний уурхай, эдийн засагтай холбоотой асуудалд нэгдмэл байсан АН-ынхан болон ХҮН намын дарга Т.Доржханд танд талархал илэрхийлье.

Хоёр том гүрний дунд оршдог парламентийн арчилсан засаглалтай Монгол Улсын хувьд илүү олон ургальч үзэлтэй, олны намын төлөөллөө хангах нь бидэнд туйлын чухал байсан.

Улмаар бид 76 гишүүнтэй парламентийг түүх болгон үлдээж, 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой парламенттай байх тогтолцоог хийж чадсан.

Чадсан чадаагүй маш олон зүйл байгаа. Чадаагүй бүх зүйлийнхээ төлөө та бүхнээс уучлалт хүсье. Дэмжиж ажилласан эрхэм парламентийн гишүүддээ нийт Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс энэ төвөгтэй хүндрэлтэй гурван жилийг туулахад хамт байсанд маш их баярлалаа” гэсэн. 

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын нэг ижил агуулга бүхий дүгнэлт нь УИХ-ын Тамгын газрынхан, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажил үүргээ сайн гүйцэтгэснийг ч хэлсэн хэрэг л дээ. 

Товчхондоо, УИХ, Засгийн газрын тэргүүнүүд хийсэн ажлаа иргэдэд хүргээд түүнийхээ “коммент”-ыг эргээд сонсчихсон, ийм хэмжээний дүгнэлт хийнэ гэдэг үүний нотолгоо юм. 

Энэ чухал үүргийг гүйцэтгэж ирсэн хүмүүсийн нэг нь УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц болж таарна. Дээр хэлсэнчлэн тэрээр сэтгүүлч хүний хувьд аль 1996 оноос хойш, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргын хувиар 2021 оноос хойш “гүүр”-ний үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг олон нийт маш сайн мэднэ. Хууль батлахаас бусдыг нь хийгээд ирсэн сэтгүүлч, улстөрч юм. Энэ агуулгаараа сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон эмэгтэй манлайлагчдын тод жишээ, томоохон лидер гэхэд болно. Үүнийг хийсэн ажил, туулсан зам нь нотолно. Тэрээр 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж, бие даасан чөлөөт хэвлэл болон олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж иржээ.

Түүнчлэн 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Л.Нинжжамц нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үйл явцад гар бие оролцож Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, одоо УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийг хариуцан үр дүнтэй ажиллаж ирсэн байна.

Л.Нинжжамц ийн хэвлэл мэдээллийн салбарт 30 орчим жил ажиллахдаа, “Сонины зар сурталчилгааны менежмент”, “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” зэрэг зургаан ном, “Сэтгэл мэднэ”, “Эрт нахиалсан сарнай”, “Хавар”, “Хамгийн азтай үе”, “Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино, “Гэргий”, “Дурлаж болохгүй бүсгүй” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Халхын голд байгуулсан гавьяа”, “Тусгаар тогтнолын товчоо”, “Тахал”, “Өв соёлын өлгийн нутгаар” баримтат киноны продюсерээр ажиллаж, МҮОНТ-ийг тоон технологид бүрэн шилжүүлж, MNBSport, MNBWorld, MNB Гэр бүл сувгуудийг санаачлан бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан чөлөөт хэвлэлийн шилдэг менежер, уран бүтээлч юм. 

Үнэхээр ч Л.Нинжжамцын 2021 оноос хойш хариуцаж буй УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв нь өнгөрсөн гурван жилд батлагдсан бүхий л том хуулиудаар иргэд, олон нийттэй холбогдож, санал дэмжлэг авах хамаг хар бор ажлыг нугалсан байдаг. 

Нөгөөтэйгүүр Л.Нинжжамц нь өнгөрсөн хугацаанд улс төрөөс холдоогүй, заримдаа эмэгтэй хүнд арай л чангадам улс төрийн зөрчилд оролцоод явж байсан үе ч бий. Гэхдээ ухарч няцаад буцчихдаггүй. Хэдэн жилийн өмнө хэвлэлд ярьсан нэг үг нь санаанд бууж үлдсэн юм. Тухайн үед Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирал, ажлаас болоод хэд хэдэн гишүүнтэй үзэж тарж байсан санагдана. Ямартай ч тэрээр “…Би сэтгүүлч, хуульч, философич, дөрвөн хүүхдийн ээж. Эдгээр мэргэжлээрээ хорь гаруй жил Засгийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллага, телевиз, өдөр тутмын сонинд ажиллаж ирлээ. Ажлыг хийсэн шиг хийж, үр дүнд хүргэхийг зорилт болгож ирсэн. Ухарч шантрах нь миний чанар биш. Эдүгээ өөрийн бие даасан хуультай МҮОНРТ-ийг хараат бусаар , олон улсын жишгээр удирдан ажиллахыг чин зорилго болгож байна. Олон улс, дэлхийн энэ чиглэлээс суралцах туршлага их байна. Олон нийтийнхээ итгэлийг илүү олох, тэдэнтэй хамтран ажиллах зүгт үргэлж тэмүүлнэ. Хүмүүсээ ч их шахаж ажиллуулж байна. Би аргацаасан, үлбэгэр үхээнц байдалтай угаасаа эвлэрдэггүй. Түс тас түргэн яриад, шуурхай шийдээд, хуультай, хурдтай, зарчимтай, зорилго зорилтдоо махарч ажиллахыг хичээдэг. Хэлэхээ хэнээс ч айлгүй хэлээд, хэлсэндээ, ярьсандаа байх гэж зүтгэж ирсэн нь миний араншин. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан маань гадарлах байх. Манай хамт олон, удирдлагын баг өмнөөс маань хэн нэгэн ажлыг маань хэзээ ч бидэн шиг хийхгүйг онцгой ойлгож, нэгдэн нягтарч, улс орондоо үлгэрлэн манлайлж ажиллан хүнд цаг үеийг давж сайн сайхныг цогцлоон бүтээх ёстой л гэж ойлгож хичээж байна даа. Зорьсоныхоо төлөө зоригтойхон ажиллана аа” гэж байсан нь өдгөө “Өдрийн сонин”-ы шарласан хуудаснаа үлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657398
2 эможи

Зочид
2024-06-09 09:06
МҮОНРТ-ийн захирлаар тавих хэрэгтэй юм.Одоо ажиллаж байгаа Гэрэл юмаа сайн мэдэхгүй ажил нь сайн болохгүй байгаа тул сэтгүүлчийн ажлаа олон жил хийсэн боловсрол, мэдлэгтэй энэ эмэгтэйг захирлаар тавих хэрэгтэй юм.
Зочин
2024-06-09 04:03
Их дажгүй эмэгтэй хүн чанар, боловсрол мэдлэг сөйтай мөн сайн удирдагч дээр нь маш цэгцтэй эмэгтэй
keyboard_arrow_up