Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй Монгол Ардын Нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд нэр дэвшигчдийн төлөөлөл, мөн намын гишүүд, дэмжигчид, ахмадууд, залуус, иргэдийн төлөөлөл оролцов.
Ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлтэд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй Улсын Их Хурал, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг та бид хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна” хэмээн нээлтийн үгээ эхлүүлэв.
Тэрбээр Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, шинэ 30 жилийн хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн ирэх дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөө, нэр дэвшилтийн талаар танилцуулав.
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэх болно. Энэ ч утгаараа Монгол Ардын Намын жагсаалтын тэргүүнд хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан манай улсын шилдэг залуу мэргэжилтэн Г.Лувсанжамцыг урьсан юм. Энэ удаагийн сонгууль жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү, эсвэл улстөрчид нь өөрсдөө жагсаалтад өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно. Энэ бол ард түмний ялалт байх болно. Тиймээс Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно” гэв.