Н.Лхагвадорж Засаг дарга болсноор гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр (2024.10.23) хуралдаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, анхдугаар хуралдааны дэгийн дагуу төлөөлөгчдөөс санал хураах ажиллагаа зохион байгуулж, төлөөлөгчдийн олонхын санал авсан Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадорж ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо.
Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон Н.Лхагвадоржийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 49 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 333 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 600 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, хашаа байшинтай, 215 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200 , Toyota, spacio маркийн машинтай, 18 саяар үнэлэгдэх малтай ,100 сая төгрөгийн эзэмших газартай, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 127 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд зээлгүй байна.
2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадоржийн хувьд 3 жилийн хугацаанд өөрийн орлого нь 125 сая төгрөгөөс 49 сая төгрөг болж БУУРЧ, харин гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ.