Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аюурсайхан: Ерөнхий сайдыг огцруулах шаардлагын хариуг долоо хоногийн дараа ирүүлэхгүй бол Олон улсын байгууллагуудад хандана

2014 оны 10 сарын 06

МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга, эдийн засгийн ухааны доктор Т.Аюурсайхантай ярилцлаа.

-МАН-ын Шинэчлэлийн хорооныхон энэ оны есдүгээр сарын 30-аас эхлэн суулт зарлаад байна. Та бүхэн улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрхэд Засгийн газрын алдаатай бодлого нөлөөлсөн гэж үзэн, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа. Харин тэрбээр бүтцийн өөрчлөлт хийхээр болоод УИХ-ын чуулганаар дэмжигдчихлээ. Энэ бүхэн та нарын хүссэн зүйл мөн үү?

-Бүтцийн өөрчлөлт гэдэг бол хариуцлагаас зугтах, цаг хожих гэсэн арга болох нь тодорхой. Төсвийн үргүй зардлыг багасгах, үр дүнтэй, цомхон бүтцээр ажиллах нь зөв. Гэвч энэ өөрчлөлт дүр эсгэсэн төдий л харагдаж байна. Иргэдийн хүлээлтэд нийцэхүйц хэмжээнд биш байна. Нөгөө талаар Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтийг санал болгожбайна гэдэг бол Засгийн газрын өмнөх бүтцийг алдаатай болж, муу ажилласныг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл өмнөх бүтцээ өөрөө санал болгож батлуулж, удирдаж ажилласан. Тийм учраас өөрөө ч хариуцлага хүлээх ёстой болж байна.

нгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 мянга гаруй аж ахуй нэгж хаалгаа барьж, нэг иргэнд ногдох гадаад өр 6700 ам.доллартай тэнцэх боллоо, инфляци өсөж иргэдийн амьжиргаа дордож байна гэж та бүхэн ярьж байгаа. Харин гарцыг нь хэрхэн харж байна вэ? Яавал энэ бүхэн өөрчлөгдөх юм бэ?

-Нэн тэргүүнд төсвөөс гадуур хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байгаа хөрөнгө мөнгийг хяналтанд авах ёстой. Төсвийн орлого 605 тэрбум төгрөгөөр тасарч, үүний зэрэгцээ төсвөөс 2,6 дахин их хөрөнгө Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон Хөгжлийн банкны нэрийн дор хууль тогтоомж зөрчин улсын нэгдсэн төсвөөс гадна зарцуулагдаж байгаа нь том аюул мөн. Бид 2017 оноос бондны өрийг хүүтэй нь хамт төлж эхэлнэ. Тийм учраас өрийг ямар эх үүсвэрээр төлж, түүнийг нь ямар графикаар бүрдүүлэхэд чиглэсэн өрийн менежмент хэрэгтэй. Өрөө төлөхийн зэрэгцээ эдийн засгаа босгох асуудал байна. Уул уурхайн төслүүдээ урагш нь ахиулж, олсон орлогоороо мэдлэг, технологид тулгуурласан, экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Ингэвэл ажлын байр олноор бий болохын зэрэгцээ эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь болох юм. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зохих хэмжээгээр нэмж, бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх ёстой. Нийт 32 жилийн статистик үзүүлэлтүүдийг хамарсан эконометрикийн судалгаагаараа Монгол улсын эдийн засгийн өсөлтийн загварыг гаргаж авсан. Энэ загварын дагуу эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь хөрөнгө оруулалт болон экспорт байгаа. Экспортын хувьд уул уурхайгаас хамааралтай байгаа бөгөөд энэ төрлийн орлогоо буруу зарцуулж байгаагаас Голланд өвчинд өртөж байгааг нотолсон. Тийм учраас боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн чухлыг онцлоод байгаа юм. Хөрөнгө оруулалт маш чухал бөгөөд дотоодын нөөц боломж хязгаарлагдмал учраас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж олох асуудал байна. Сүүлийн жил гаруйн дотор Засгийн газрын буруу бодлогын улмаас гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар буурлаа шүү дээ. Зөвхөн энэ л гэхэд эдийн засагт том цохилт өгч байна. Үндэсний зөвшилцөл, үндэсний эв нэгдэл, шударга, хариуцлагатай засаглал байгаа цагт л гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Бид үндэсний эв нэгдлийг хамгаас эрхэмлэнэ. Гагцхүү буруу, бусармаг дээр тогтсон эв нэгдэл гэж хаана ч байхгүй. Тийм ч учраас эв нэгдлийн тотгор болсон буруу бусармаг, шударга бусыг зайлуулъя гээд байгаа юм.

-Танай намын УИХ дахь бүлэг энэ асуудалд та бүхэнтэй гар, сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна уу. Хангалттай сөрж, хяналт тавьж чадахгүй байна гэх шүүмжлэлтэй санал нэгдэх үү?

-Бидний тэмцэл үр дүнд хүрэх газар нь УИХ-ын чуулганы танхим. Тийм ч учраас УИХ дахь намынхаа бүлэгт бидний тэмцлийг дэмжиж, хамтарч ажиллахыг албан ёсоор уриалсан байгаа. Тодорхой саналуудыг ч хүргүүлсэн. Яг үнэнийг хэлэхэд хангалттай гар, сэтгэл хийлж ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Дэмжиж байгаа хүмүүс ч байна, зугтаж байгаа нэгэн ч байна. Хэн нь хэн бэ гэдгийг харж байна. Асуудлыг нам дотроо ярина.

-Та бүхний тэмцэл Ерөнхий сайдад алдаагаа засах байдаг л нэг хурц хэлбэрийн анхааруулга гэж үзэх үү. Өмнөх эсэргүүцлийн цуглаан, жагсаал, суултуудаас юугаараа ялгаатай вэ?

-Ерөнхий сайд зөвхөн улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох бус, улсын төсөвт учруулсан хохирлынхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Бидний шаардлага зохих судалгаа тооцоон дээр үндэслэж байгаа. Нийгэм, эдийн засгийн статистикийн тоо баримтууд дээр дүгнэлт хийхийн зэрэгцээ нийслэл болон орон нутгийн нийт 5837 иргэнээс судалгаа авсан. Судалгаанд оролцсон хүмүүсийн 71,6 хувь буюу дөрвөн хүн тутмын гурвынх нь худалдан авах чадвар сүүлийн нэг жилийн дотор огцом буурч, “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйгээр барахгүй иргэдийн амьдрал улам доройтсон гэж дүгнэлээ. Шимэгчдийн засгийн газрын буянаар гурван хүн тутмын нэг нь орлогогүй болсон байна. Ийм учраас судалгаанд оролцсон иргэдийн 77,4 хувь нь Ерөнхий сайд огцрох ёстой гэж үзсэн. Өмнөх жагсаал, цуглаануудын хувьд бүгд л цаг үеийнхээ шаардлагаар гарч ирж байсан. Яахав, зорилгоосоо гажсан, гадныхны санхүүжилт, турхиралтаар хийгдсэн, хувийн эрх ашигт автагдсан зэрэг зүйлс байж л байгаа. Ерөнхий утгаар нь харвал алдаа гажуудлын эсрэг иргэд дуу хоолойгоо гаргах нь зөв. Буруу бусармаг зүйлийн эсрэг хэн нэг нь дуугарах ёстой биз дээ. Бидний тэмцэл ч бас цаг үеийн шаардлагаар л хийгдэж байна. Тэр ч утгаараа тэмцлийн арга хэлбэр, үйл явцаараа мэдээж ялгагдана. Түүнээс биш тэр тэмцэл буруу, энэ тэмцэл давуу гэсэн зүйл байж болохгүй л дээ.

-Эцсийн зорилго чинь Ерөнхий сайдыг огцруулах явдал гэж ойлгож болох уу?

-Төрийн албыг төрлийн алба болгож, иргэдийнхээ талхыг булааж өөрсдөө баяжиж, ойр тойрныхон нь олон арван тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож, улс орноо асар их өрийн дарамтанд оруулж, төсөв мөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулж, эдийн засгийнхаа аюулгүй байдалд үлэмж их хохирол учруулж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуцлагаа хүлээх л ёстой. Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн учраас бид хувь хүнийхээ хувьд эрсдэл үүрч, зориг гарган амаргүй тэмцэл хийж байна. Ерөнхий сайдыг огцруулах нь бидний эцсийн зорилго биш. Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл бэрхшээл, төр өвчилсний шалтгаан нь төрийн тогтолцоондоо байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зарим талаараа өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг оновчтой байдлаар зохицуулж чадахаа больсон байна. Хэн ямар үүрэг хүлээх, хэн хэндээ хяналт тавих, иргэдийн оролцоо хаанаа байх зэрэг олон асуудал бүрхэг байна. Дээрээс нь Үндсэн хуулийн цэц нь улс төрчдийн захиалгат байгууллага болсон нь хэнд ч ойлгомжтой боллоо. Эрх баригчид улс төрийн намуудтай зөвшилцөж, иргэдийнхээ эв санаанд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх бус, гадаадынхны захиалга гэж хардахаас аргагүй ард иргэдээ талцуулж, хагаралдуулсан бодлого явуулах боллоо. Тийм учраас бүх нийтийн санал асуулга явуулж, энэ бүхний гогцоо дэгээ болсон Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах хэрэгтэй. Үгүй бол улс төрийн энэ хямрал цаашид ч үргэлжилнэ. Улс төрийн хямрал эдийн засгийн хямралыг дагуулах нь ойлгомжтой.

-Дараагийн тавьж байгаа нэг асуудал тань“Ерөнхий сайдын хамаатан саднуудтай холбоотой хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно гэж та мэдэгдсэн. Энэ хэргийг нотлох баримт хангалттай байдаг ч няцаах элдэв хэрэгслийг ашиглаж байгаа. Энэ асуудлаар нь та Ерөнхий сайдад бурууг нь хүлээлгэж чадах болов уу?

-Ерөнхий сайдын охин, хүргэн, зөвлөхүүдтэй холбоотой их хэмжээний авлига, албан тушаалын хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа талаар мэдээлж байгаа. Төсвийн мөнгийг Ерөнхий сайдын гэр бүл хувьдаа хэрэглэсэн баримт материал ч дэлгэгдсэн. Хууль хяналтын тодорхой байгууллага Ерөнхий сайдыг хууль зөрчсөнийг ч мэдэгдсэн. Зөвхөн эдгээр нь дангаараа Ерөнхий сайдтай хариуцлага тооцох үндэслэл болно. Монголоос өөр оронд байсан бол аль хэдийнэ өөрөө саналаараа ажлаа өгчихсэн байгаа.

-Танай хорооныхон тэмцлээ эхлүүлснээс хойш ямар интитуци, албан тушаалтнуудад ямар шаардлага тавьж, хэнээс, ямар хариу авав? Эсвэл бүр дөжирчихөж үү?

-Жилийн өмнөөс эдийн засгийн байдал хүнд болж эхлэхэд бид улс орноо бүтэн тойрч, иргэдийн ахуй амьдралтай танилцаж, тэдний саналыг нь авсны үндсэн дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах 12 үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлдэж, УИХ-ын дарга болон нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчид хандан, Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг дэмжихийг уриалсан. Гэвч ямар нэг хариу хэнээс нь ч аваагүй. Тийм ч учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжлээ. Төрийн ордны баруун талд гэр барьж, улс төрийн суулт хийж байна. Ерөнхий сайдтай хариуцлага тооцохыг дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Улс орны нөхцөл байдал, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааны талаар иргэдийн дунд санал асуулга явууллаа. Үр дүнд нь тулгуурлаж өнөөдрийн жагсаал цуглааныхаа үеэр долоо хоногийн хугацаатай шаардлагыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт уриалга хүргүүллээ.

-Одоогийн байдлаар танай хороог дэмжиж иргэдээс хэр олон хүн ирэв. Хэчнээн гарын үсэг цуглуулсан бэ?

-Шинэчлэлийн хороог маш олон хүн дэмжиж байна. Бусад ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагууд ч бидний зорилгыг дэмжиж, хамтран ажиллаж байна. Эгнээндээ 57 ТББ-ыг нэгтгэсэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Иргэний оролцоот ардчилал ТББ, Цөмийн аюулын эсрэг “Голомт хөдөлгөөн” зэрэг байгууллагууд бидний тэмцлийг дэмжиж, хамтран ажиллаж байна. Гарын үсгийн хувьд одоогийн байдлаар 3000 орчмыг цуглуулсан.

-Та бүхэн тавьсан шаардлагыг тань хүлээж аваагүй нөхцөлд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэсэн. Тэр нь ямар хэлбэр вэ. Чуулган эхэлчихсэн болохоор маргаашаас дараагийн алхмаа эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Иргэдийн гарын үсэг, санал асуулгын дүн болон өмнө тавьж байсан шаардлагууд дээрээ тулгуурлаж ажилгүй, орлогогүй Монгол, эдийн засаг нь хямарч, иргэд нь ядуурсан Монгол, авлигад идэгдэж, чадамжаа алдсан төр, хуульгүй болж, өрөндөө баригдсан улс гэсэн 4 үндэслэлээр дараагийнхаа шаардлагыг хүргүүллээ. Шаардлагынхаа хариуг нэхэж суултаа үргэлжлүүлж байна. Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлдэж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, эвслийн бүлгийн гишүүд болон АН-ын эрүүл сэтгэлгээтэй бүлгийн гишүүдийг гарын үсэг зурахыг уриална. Шаардлагын хариуг долоо хоногийн дараа буюу ирэх даваа гарагийн өглөө 10 цаг гэхэд ирүүлэхгүй бол бусад байгууллага, хөдөлгөөнүүдтэйгээ хамтарч тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Олон улсын байгууллагуудад хандана.Дарангуйллаас хортой дүр эсгэсэн ардчилал Монголд бат оршиж байна шүү дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9760
0 эможи
keyboard_arrow_up