Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Шийлэгдамба: Хаврын синдромыг Э.Эрдэнэжамъянгаар эхлүүлэх гэсэн улстөрийн явуулга

2014 оны 4 сарын 02

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн шүүх хуралтай холбогдуулан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд анхан шат­ны шүүхээс хоёр жил улстөрийн албан тушаал хаших эрхийг нь хассан. Энэ талаар танай нам болон таны зүгээс хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоо­той шүүх хурлын тухай байр сууриа илэрхийлэхийг хэвлэл, мэдээллийн бай­гуул­­­­лагуудаас нэлээд эрчим­тэй тавьсан.

Нэгэнт ярьж буй асуудал МАХН-ын улс­төрийн албан тушаалтны хүрээнд та­виг­даж байгаа асуудал бо­лохоор манай намынхан удирдлагын түв­шинд уул­­­заж, санал со­лилц­сон. Э.Эрдэнэ­­жамъян дэд сайдтай хол­­боотой ху­­ралдсан шүүх хурлын шийд­­вэр, шүүхийн үйл явц дууссан гэж үзэх болоогүй.

Дараа, дараагийн шатанд давж заалдах бололцоо бий.

Эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд бидний буюу МАХН-ын гишүүд дэд сайд Э.Эрдэнэжамъян ямар нэгэн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй гэдэг байр суурьтай байх болно.

Хэрэг үүссэн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийд­вэрийг өмгөөлөгчид болон өөрийнх нь зүгээс хү­лээн зөвшөөрөхгүй бай­­гаатай холбогдуулан хуу­лийн то­дорхой хугацаанд давж заалдах болно.

-Хэрвээ Э.Эрдэнэжамъянг огцруулбал оронд нь танай намаас дэд сайдын суудлаа хадгалж үлдэх үү. Засгийн газрын зүгээс та бүхэнд ямар нэгэн байдлаар байр сууриа ирүүлсэн үү?

-Тэр талаар ярьсан, хэлсэн зүйл алга. Шүүхийн үйл явц эцэслэгдсэний дараа тухайн хүнийг гэм буруутайд тооцно шүү дээ.Тийм болохоор асуудлыг шийдэгдээгүй байхад одоо хашиж байгаа албан тушаалд нь хэн нэгнтйг томилох тухай, тэр албан тушаалыг хадгалах эсэх асуудал яригдахгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл энэ асуудал албан ёсоор яригдахгүй.

-Гэхдээ Э.Эрдэнжамъян сайдын үйлдлийг намаас тавьсан шахалт байх магад­лалтай гэж яригдаад байгаа. Үнэхээр тийм шахалт үзүүлсэн юм уу?

-МАХН-ын Бага чуулган хуралдаж, улстөрийн хэл­мэ­гдүүлэлт Монгол Улсад бодитоор нүүрлэсэн, тэр хэлмэгдүүлэлтэд нэр бүхий хүмүүс өртөж байгаа, улс­төрийн хоригдолтой болсон тухай асуудлыг албан ёсоор гаргаж тавьсан. Бага чуулганы 200 гаруй гишүүн тэр талаар нэгдмэл нэг ойл­голтыг баталгаажуулж, мэ­дэгдэл гаргаж байсан.

Э.Эрдэнжамъян дэд сайдын хувьд өөрөө МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн бөгөөд тодорхой хэлбэл улстөрийн албан тушаалтныхаа хувьд на­мын Бага чуулганаас гар­га­сан шийдвэрийг олон ний­тийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх эрх бүхий улстөрчийн хувьд байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, Интерпол гэдэг байгууллагатай хэн нэгэн иргэн цахим хаягаар нь орж нээлттэй харилцаж, өөрийн байр суурийг илэрхийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, энэ ширээний ард сууж буй надад ч, ширээний өмнө зогсч байгаа та бүхэнд ч тэр боломж нээлттэй. Энэ үүднээс тэр хүн өөрийн байр суурийг илэрхийлэх буюу Интерполд өөрийн үзэл бодол, санал мэдээллийг хүргүүлсэн.

-Яг ямар санал гэж. Тодорхой хэлэхгүй юу?

-Монгол Улсын улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа, улстөрийн хэргийн цаана хохирогчтой холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэрийг нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж анх хэрэг үүсгэсэн. Албан тушаалын гэмт хэрэг гэж өмнөх шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс хэргийг танилцуулж байсан.

Явцын дунд албан ту­шаалын хэрэг гэгч нь байхгүй болж, энэ хүн албан тушаалаа ашиглаагүй, гэхдээ мөрдөн байцаалтад саад учруулсан байж болзошгүй гэсэн утгаар асуудлыг тавь­сан. Хамгийн тодорхой зүйл бол Интерполын зүгээс удаа дараа хариу бичиг ирүү­лэхдээ улаан шугамын заа­гаас хассан асуудал нь Э.Эрдэнэжамъян гэдэг хүн­тэй огт холбоогүй гэдгийг нотолсон.
Тэгэхээр дарамт намын зүгээс биш, магадгүй улс­төрийн нөхцөл байдлыг хурцатгах, бидний хэлж занш­­санаар хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэ­сэн улстөрийн явуулга юм биш биз гэсэн ойлголтыг бидэнд төрүүлээд байна. Улстөрийн хэлмэгдүүлэлт Монголд үргэлжлээд байна уу, цаанаа дарамт шахалт байдаг юм биш биз гэсэн эргэлзээ хардлага ч төрж байгаа.

-Хэрвээ дараа дараагийн шатанд ялыг хэвээр үл­дээ­вэл яах вэ. Намын зү­гээс ямар нэгэн арга хэм­жээ авах уу?

-Дээд шүүх буюу да­раа­­гийн давж заалдах шат­ны шүүхээс энэ хэргийг хэрэг­сэхгүй болгож цагаат­гана гэдэгт бид итгэлтэй байгаа. Тиймээс энэ хүрээн­дээ дээрх шийдвэр гарсны дараа Монгол Улс улстөрийн зорилгоор хэлмэгдүүлдэг бай­­­далд ямар ахиц дэвшил гарч байна вэ гэдэгт өгөх үнэлэлт дүгнэлт, цаашид авах арга хэмжээг төлөвлөж байна. Бусдаар бол сөрөг байд­лаар шийдэгдвэл гэж тө­лөвлөсөн зүйл алга.

-Гэхдээ хяналтын шатны шүүх хурал зарлагдаагүй, шийдвэр гараагүй байхад МАХН-ын зүгээс байр суурь илэрхийлж байгаа нь шүүх байгууллагад нөлөөлөх гэсэн оролдлого юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний байр суурийг сонсъё гэдэг асуудал тавьсан. Тийм учраас бид байр сууриа илэрхийлж байгаа. Э.Эрдэнэжамъян сайдын хувьд давж заалдана.

-УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчлах үеэрээ Н.Энхбаяр даргатай уулзсан гэсэн. Чухам ямар асуудлын талаар ярилцсан бол?

-Бид энэ талаар албан ёсоор мэдэгдэх боломжгүй. Хувь хүмүүсийн хооронд хийсэн уулзалт байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Манай намын хувьд ч төлөвлөгдсөн уулзалт биш учраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх бо­ломжгүй. Хэрвээ уулзалт болсон бол хүмүүсийн хоо­ронд болсон уулзалт.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
999
0 эможи
keyboard_arrow_up