Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ЭЛБЭГДОРЖ: Монголчууд хуучин андаа мартдаггүй

2014 оны 10 сарын 13

Өнөөгийн Монгол бол хуучин социалист дэглэмээс орчин үеийн хурдацтай хөгжиж буй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой  ардчилсан улс руу харьцангуй богино хугацаанд амжилттай шилжсэн үлгэр жишээ улсын нэг. 

 

АНУ-д Монголыг барууны загварын ардчиллын “лаборатори” улс гэж нэрлэдэг. Гэвч Улаанбаатар “Сэм авга”-ын найрсаг тэврэлтэд харайн орохыг яарсангүй, ОХУ-тай найрсаг хөршийн харилцаагаа дэмжиж хөгжүүлэхийг чухалд үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын босгон дээр Оросын сэтгүүлчид Монголд айлчилж, ИТАР-ТАСС-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос тусгайлсан  ярилцлага авсан юм.

-Ноён Ерөнхийлөгч өө, уулзаж ярилцах боломж олгосонд тань талархал илэрхийлье. Монгол-Оросын харилцааны түүх олон зууны чинадаас улбаатай.  Орчин цагийн дипломат харилцаа тогтоогоод  бараг зуун жил болох гэж байна. ОХУ, Монгол Улсын харилцааны өнөөгийн байдлыг та  хэрхэн үнэлж цэгнэдэг вэ?

-Судалгааны байгууллагууд манай иргэдээс Монгол Улс ямар улстай ойр дотно харилцаатай байх ёстой вэ гэж хааяа асуудаг юм. Энэ асуултад иргэдийн жараас илүү хувь нь ОХУ гэж байнга хариулдаг. Энэ завсар он жилүүд өнгөрч, нийгэм-улс төрийн тогтолцоо солигдож байгаа шүү дээ. Хүний үе солигдож шинэ үеийнхэн түрэн гарч ирж байгаа хэдий ч монголчууд ОХУ руу татагдаж, хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байсаар байна. Ийм бат бэх суурин дээр бидний харилцааны ирээдүйг цогцлоох боломжтой юм.

-ОХУ, Монгол Улс хоёр шинжлэх ухаан техник, эдийн засаг, соёл гээд тал бүрийн салбарт хамтран ажилладаг. Бид алинд нь хамгийн их амжилт гаргасан гэж та үздэг вэ? Ашиглаж амжаагүй нөөц боломж байдаг болов уу?

-Монгол бол ОХУ-тай стратегийн түншлэл тогтоосон цөөхөн улсын нэг. Манай улсад том үйлдвэрүүд, өргөн цар хүрээ бүхий төслүүд байгааг хэлмээр байна. Монголын эдийн засгийн өмнө томоохон  зорилтууд тулгарч ирлээ. Одоо бид дэд бүтцээ, юуны өмнө төмөр замын сүлжээгээ сайжруулж хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн боломжийг өргөжүүлэх шаардлагатай байна. Хөрш хоёр орны хувьд салбар хоорондын харилцааг гүнзгийрүүлэх шаардлага бий. Ерөнхийлөгчийн хувьд би үүнд онцгой анхаарал хандуулж, Оросын талаас түншийн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Манай хоёр орны удирдагчид  Москва, Улаанбаатарын харилцаанд асар их түлхэц өгч байна. Та Владмир Путиныг сайн таньдаг нь нууц биш. Оросын Төрийн тэргүүний айлчлалаас та ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Тийм ээ, Владимир Владимирович бид хоёр танилууд.  Бид хоорондоо маш халуун дотно харилцаатай. Бид жилдээ 3-4 удаа уулздаг. Мэдээж Ерөнхийлөгч Путины айлчлан ирэхийг Монгол Улс тэсч ядан хүлээж байна. Энэ айлчлалаас бид олон зүйл хүлээж байгаа.  Олон чухал баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон. Юуны түрүүнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эдгээр нь том түлхэц болно гэж бид үзэж байгаа.

Монголчуудад анд нөхдөө мартдаггүй эрхэм сайхан чанар байдаг. Гурван жилийн дараа, миний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад би жирийн иргэн болж, Владимир Владимировичтой сайн анд нөхрийн хувьд хоёр орны ард түмнийг улам ойртон нягтрахад нь туслах болно. Энэ бол миний амьдралын байр суурь юм.

-Энэ жил Халхын голын байлдаанд японы Квантуны армийг бүрмөсөн бут цохисны 75 жилийн ой тохиож байна. Энэ бол бидний хамтын ялалт байсан.  Монгол Улсад энэ ойг хэрхэн тэмдэглэх гэж байгаа вэ?

-Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө ЗХУ-ын олон иргэн алтан амиа өргөсөн. Бид үүнийг үүрд санан дурсч явах болно. Халхын голын байлдааны энэ ойг бид маш өндөр хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөж, манай Засгийн газар хариуцан ажиллаж байна. Харамсалтай нь тэр үеийн дайчдаас амьд мэнд байгаа хүмүүс улам цөөрсөөр байна. Надад мэдэгдэж байгаагаар бол Халхын голын байлдааны ахмад дайчдаас ОХУ-д дөрөв, манайд гуч хүрэхгүй хүн өнөөдөр амьд сэрүүн үлджээ. Бид тэднийг бүгдийг хүндэлж, тусалж дэмжиж байдаг.

-ОХУ, Монгол Улс хоёр бол хил орчмын субъектуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа хөршүүд. Манай хоёр улсын харилцааны энэхүү хүчин зүйлийг та хэрхэн үнэлдэг вэ?

-Монгол улс, ОХУ  хоорондоо 3485 км урт хилийн зурвасаар хаяа нийлдэг. Манай улстай ОХУ-ын арав илүү субъект хил залгадаг. Бид цаашдаа хил орчмын  субъектуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх бодолтой байгаа нь мэдээжийн хэрэг. Бид одоо хоёр улсын хооронд визтэй зорчдог журмыг  цуцлах тал дээр ажиллаж байна.

-Энэ ажил хэр хурдан бүтэх бол?

-Ноён Ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчлах үеэр энэ талын хэлэлцээрт гарын үсэг зурагдах байх гэж найдаж байна. Үүнээс гадна бид хамтын ажиллагааны хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурахад  бэлэн болоод байна.

-Үүнээс гадна ямар баримт бичгүүдэд гарын үсэг зурахад бэлэн болсон бэ?

- Монгол улс бүхлээрээ ОХУ, БНХАУ хоёрын дунд оршдгийг Та мэднэ. Хамгийн дөт зам бол төмөр зам. Тийм учраас бид энэ боломжоо яаж ашиглах, эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодох хэрэгтэй байх. Бид дамжин өнгөрөх тээврийн тухай гурван талын хэлэлцээрийн төсөл болон ОХУ, Монгол Улсын хоорондох дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийн төслүүд дээр ажиллаж байна. Мөн УБТЗ-ыг байгуулах тухай 1949 оны гэрээ хэлэлцээрийг шинэчлэх тал дээр ажиллаж байгаа.

Бид монголын төмөр замыг хос урсгалтай болгохыг хүсч байгаа. Хэрэв бид төмөр замаа Хятадын нутаг дэвсгэрийн гүн тийш сунгавал бүхэл бүтэн бүс нутгийн хувьд нэн чухал тээврийн тэжээгч судас бий болно. Бид Москватай улс төр, бүс нутаг, дэд бүтэц, эдийн засаг, хүмүүнлэгийн гээд бүхий л түвшинд харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна.

-Бараг бүгдээрээ орос хэлээр ярьдаг, сургууль болгонд орос хэлийг идэвхтэй сурдаг байсан Зөвлөлтийн үеийн Монголыг би сайн санаж байна. Монголд орос хэлийг хадгалан үлдэх тал дээр өнөөдөр юу хийж байгаа вэ?

-Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй. Амжилттай хамтран ажиллахын тулд бид тэдний соёл, хэлийг мэддэг байх ёстой. Монголд орос хэл заадаг арав гаруй сургууль бий. Өнөөдөр илүү олон залуус аугаа Пушкиний хэлээр ярих хүсэлтэй болж байгааг  би мэдэж байна.

Би ч гэсэн таны харж буйгаар орос хэл эзэмшсэн. Миний хувьд оросоор ярихад хөгжим эгшиглэх шиг санагддаг. Надад хувьдаа лав тэгж санагддаг юм. Монголд орос хэлийг сонирхох сонирхол буураагүй. Холоос эрээд хэрэггүй, наад захын жишээ дурдахад жирийн монгол хүмүүс сансрын “тавган” антеннаар Оросын телевизийн арав гаруй сувгийг хүлээн авч үздэг. Би ч гэсэн Москвагийн мэдээг байнга үздэг.

-Таны цээжинд орос хэл үлдсэнээс гадна Львов хотод суралцаж байсны тань хувьд одоо ОХУ, Украинд болж буй үйл явдлууд ойрхон санагдаж байгаа байх аа. Өнөөдөр манай Украин хөршүүдийн хувьд амаргүй цаг болоод байна. Та энэ үйл явдлыг хэрхэн бодож цэгнэж байгаа бол оо?

-Энэ бүхнийг харахад надад маш харамсалтай байна. Намайг 1980-аад онд Украинд суралцаж байхад бид хүмүүсийг үндэс угсаагаар ялгаварладаггүй байлаа. Бүгд зөвлөлтийн- эвсэг найрсаг, сайн, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Томоор харахад өнөөдөр улс орон болгон л тайван, найрсаг хөршийн сэтгэлээр амьдрахыг хүсдэг гэж боддог. Украинчууд ч эцсийн эцэст мөн ингэж чадна гэдэгт найдаж байна.

-Монгол Улс хоёр дахь удаагаа дахин төрлөө гэж дэлхий даяар мэргэжилтнүүд дүгнэх боллоо. Үнэхээр аль ч үзүүлэлтүүдийг аваад үзэхэд Монголын эдийн засгийн хөгжлийн аварга хурдац харагддаг. Монгол Улс яаж ингэж нүдэн дээр өөрчлөгдөж чадаж байна вэ?

-Энэ бол маргаангүй хүмүүсийн хүч. Монголчуудад бизнес эрхлэх эрх чөлөө нь байхад тэд гайхамшгийг бүтээж чаддаг. Өдөр болгон бид хаа нэгтээ шинэ үйлдвэр, шинэ сургууль, шинэ зоогийн газар нээсэн тухай сайн мэдээ хүлээн авч байна. Харин бид өөрсдийн зүгээс баялаг бүтээж, нийгэмдээ ашигтай зүйл хийж буй хүмүүсээ дэмжихийг хичээж ажиллаж байна. Надад Ерөнхийлөгчийн хувьд  эдгээр хүмүүсийн ашиг сонирхолд үйлчлэх гэсэн ганц үүрэг бий. Мэдээж Монгол Улсад хаа сайгүй шүүмжлэгчид олон байдаг. Энэ нь төр өөрийн дутагдлаа анзаарахгүй байна гэсэн үг биш. Гэхдээ би бодохдоо жирийн хөдөлмөрч, эх оронч хүн эерэг сайн эхлэлийг баримжаалдаг байх хэрэгтэй.

-Ноён Ерөнхийлөгч өө, Та Монгол төрийн өндөр дээд албан тушаалд хоёр дахь удаагаа сонгогдсон. Энэ хугацаанд танай багийнхан шүүхийн тогтолцоог шинэчлэх, авлигатай тэмцэх, цаазын ялд хориг тавих зэрэг бүхэл бүтэн шинэчлэл хийлээ. Эдгээрээс алинд нь та эерэг үнэлгээ өгөх вэ, бас хийгээгүй үлдсэн ажил юу байна?

-Ач холбогдлынх нь хувьд хамгийн түрүүнд авлигатай тэмцэх ажлыг чухалчилж тавимаар байна. Жил бүр Монголд авлигын түвшин 16-17 хувиар буурч байгаа. Ийм тооцоог би гаргаагүй. Олон улсын авлигатай тэмцэх байгууллагын рейтингээр ийм байгаа юм. Намайг  анх Ерөнхийлөгчөөр сонгогдож байхад Монгол Улс дэлхийд авлигын үзүүлэлтээрээ 140 дүгээр байранд жагсаж байсан. Одоо бол 70 дугаар байранд байна. Энэ сайн үзүүлэлт боловч үргэлжлүүлэн  тэмцэх хэрэгтэй.

Хоёр дахь бүрэн эрхээ эхлээд би “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга дэвшүүлсэн. Бизнес эрхлэгчид бизнесээ, улстөрчид улс төрөө л эрхэлж, хууль сахиулах байгууллагууд хуульдаа л анхаарах хэрэгтэй.

Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад нийгмийн ашиг сонирхолд үйлчлэх сайн хууль, сайн тогтолцоо ард минь үлдэнэ гэж найдаж байна.  Надад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дахиад гурван жилийн хугацаа үлдэж байгаа учраас улам илүү их ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Хийгээгүй зүйл,биелүүлээгүй амлалт, алдааныхаа хойноос харамсаж үлдэхгүйн тулд тэр л дээ.

-Монгол Улс аялал жуулчлал хөгжүүлэх асар их боломжтой өвөрмөц орон. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

-Монголд ирэх сонирхолтой хүмүүст зориулан тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Визийн асуулыг бид шийднэ. Тээврийн асуудлыг ч гэсэн шийдэх болно. Харин жуулчдыг яаж татах билээ гэдгийг бодох ёстой.

Улс орон болгон л өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, үзэх зүйлтэй. Монголын хувьд нутгийнхаа төв хэсэгт тал хээр, нуур, гол устай. Хойд талаараа уул тайгатай, урдуураа толгод, асар уудам говьтой. Монгол орон үндэсний 22 парктай. Тэдний ихэнх нь хүрч очих зам, жуулчдын бааз, аяллын хөтөлбөр, бэлэг дурсгалын дэлгүүр, цайны газар зэрэг аялал жуулчлалын дэд бүтцээр хангагдсан.

Заримдаа сэтгүүлч нөхөд маань, ялангуяа барууныхан, юмны зөвхөн сөрөг талыг хараад байдаг талтай. Монгол улс соёлын асар их өв сантай, аялагчид үзэж сонирхох газар олон бий! Тиймээс би ОХУ-ын иргэдийг Монголд ирээрэй гэж уримаар байна. Хүн болгонд Ерөнхийлөгчийн хувийн урилга бий гэж бодоорой.

-Надад монголчууд ёс заншилдаа, угсаа гарвалдаа үнэнч байдаг нь таалагддаг. Бид хоёр энэ сайхан Төрийн өргөө гэрт ярилцаад сууж байна. Би мянга мянган монголчууд орчин үеийн орон сууцанд биш гэрт амьдардгийг мэднэ. Энэ бол зүгээр нэг угсаатны зүйн онцлог биш, амьдралын хэв маяг нь юм. Монгол хүний хувьд гэр гэдэг юу вэ гэдгийг тодруулж өгнө үү?

-Гэр хүнийг байгальд ойртуулдаг. Гэрт суудаг монгол хүн бидний ярьдгаар газар шороондоо ойр болдог. Би гэрт төрсөн, долоон ахтай хүн. Бид бүгдээрээ нэг жижиг гэрт амьдарч байсан ч бидэнд огтхон ч давчуу байгаагүй. Хүүхдүүд бид эцэг эхтэйгээ халуун дотно харилцаатай байсан. Бид бие биеэ хайрлаж өссөн, одоо ч хүүхэд байх үеийнх шигээ дотно, хайртай хэвээрээ. Би ээжийнхээ аавтай ямар халуун дотно ярьж, аав ч тэгж хариулдаг байсныг хэзээ ч мартдаггүй.  Энэ бол амьдралын бүхэл бүтэн гүн ухаан юм даа.

Өнөөдөр Монгол даяар угсармал том байшингууд барьж байна. Зарим том орон сууцан дотор төөрч мэдэхээр болсон гэлцэх болж. Хүүгийнхээ барааг харалгүй бараг долоо хоносон ч гэх шиг. Хүү нь өөрийнхөө, ээж аав нь өөрсдийнхөө өрөөнд компьютерийн ард бүгэх болж. Энэ бүхэн дотнын хүмүүсийг холдуулж, гэр бүлийн халуун харилцааг сэвтүүлж байна.

-Монгол Улс социализмыг бүтээн байгуулж явсан. Коммунист дэглэмийн үед шашин хориотой байсан. Өнөөдөр Монголд буддын шашин хэр дэлгэрч байгаа вэ? Орчин үеийн монголчуудын амьдралд шашин хэр нөлөөтэй байна вэ?

-Намын үзэл суртал нурж алга болохтой зэрэгцээд шашин шүтлэг, итгэл найдвар хэрэгтэй болсон. Өнөөдөр монголчууд эртний буддын шашны ёс заншлаа сэргээж байна. Түүний мөн чанар бол өөрийгөө хүндлэх. Таны амьдралын зам Буддагаас ч, бусад бурхдаас ч биш, гагцхүү танаас өөрөөс чинь л хамаарна. Сайн нь ч танаас гарна, муу бүхэн ч танаас өөрөөс чинь л гарна. Бүх юм өөрөөс чинь хамааралтай. Та өөрийгөө өөрчилж чадвал, хүрээлж байгаа ертөнцөө өөрчилж чадна. Энэ бол буддын гүн ухаан, бид үүнийг баримтлагчид. Гэхдээ бид бусад шашинд ч хүндэтгэлтэй хандаж, тэднээс авахаа авдаг.

-Та амьдралынхаа замыг эргэн харвал аль нь хамгийн тод, аз жаргалтай үе байв?

- Ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд нас минь. Бас Львовт  сурч байсан таван жилийг мартах аргагүй. Баруун Украинд би эхнэртэйгээ гэрлэж, тэнд анхны хүү минь төрсөн. Миний эхнэр Хажидсүрэнгийн Болормаа бас Львовт их сургуульд сурч байсан монгол бүсгүй. ЗХУ-д өнгөрүүлсэн жилүүд маань бидний хувьд маш аз жаргалтай байсан даа.

-Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн  өөрийн таван хүүхдээс гадна хорин өнчин хүүхдийг асран хүмүүжүүлдэгийг Монгол даяараа мэднэ. Гэргий та хоёр яагаад ингэж  шийдэв?  Юунаас болов?

-Бүх хүүхэд маань бидний хувьд төрсөн мэт болсон. Зарим нь өсч томроод өөрсдийнхөө амьдралаар амьдарч байна. Үнэнийг хэлэхэд амаргүй үе ч байсан. Гэхдээ бид өргөж авсан эцэг эхийн сэтгэл хүүхдүүддээ ижил тэгш хүртэж байх ёстойг ойлгож байсан.

Би ч, эхнэр маань ч олон хүүхэдтэй гэр бүлд өссөн хүмүүс. Бид зовлон гачигдал, өрөвдөх сэтгэл гэж юу байдгийг сайн мэднэ. Зовж яваа хүнд туслах хэрэгтэй. Ялангуяа чи өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг бол тэр тусмаа туслах ёстой. Зүсэм талхаа ойр хавийнхантайгаа хувааж идэхэд надад таатай байдаг. Хүмүүст тусалж явбал тэд ачийг чинь заавал хариулах болно. Дандаа шүү. Энэ бол миний амьдралын гүн ухаан юм.

Эхнэр бид хоёр гуч гаруй өнчин хүүхдийг хүмүүжүүллээ. Одоо бидэнтэй арван найм нь үлдээд байна. Тэд шатаар явж чаддаггүй жаахан байсныг бодвол одоо бүгд том болжээ. Бид тэдэнд цаашид ч тусалж байх болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл гэдэг таны хувьд юу вэ? Ямаршуухан амттай санагддаг вэ?

-Эрх мэдлийн амт бол гашуун. Манайхны мэргэн үг байдаг л даа. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэж. Би олон хүнтэй харилцдаг, олон ч улстөрчийг мэднэ. Төрийн хэрэг, төсвийн хөрөнгөнд ойртуулах хэрэггүй хүмүүс ч таардаг. Авлигад өртсөн төрийн түшмэдүүд ч бий. Тэд төрийг муухай харагдуулж, түүнд итгэх итгэлийг бууруулж, улс орныг буртаглаж, хүмүүсийг завхруулдаг. Бид ийм үзэгдэлтэй хайр найргүй тэмцэж байгаа, цаашдаа ч тэмцэх болно. 

Төрийн алба бол чи өөрийнхөө эрх ашгийн төлөө хашиж байгаа алба биш. Төрийн албан хаагчид эх орон, жирийн ард иргэддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалан хүндэлж, хэрэгтэй хүнд нь  тусалж байх ёстой хүмүүс. Гэхдээ ядуурлыг даван туулж, жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж буй улс үндэстэн болохын тулд цаг хугацаа хэрэгтэй.

Миний бүрэн эрхийн хугацаа дуусч Ерөнхийлөгчийн албыг орхих цаг ирнэ. Тэгээд би Монголдоо амьдарна. Арваад жилийн дараа төрөлх хотынхоо гудамжаар алхаж явахад хүмүүс намайг хараад: “Хараач Элбэгдорж явж байна! Манай Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ!” гэх болно.

Одоо бол Төрийн тэргүүний хувьд даруу байж, хүмүүст илүү ойр байх хэрэгтэй. Хаалгаа байнга нээлттэй байлгах хэрэгтэй гэдгийг та ойлгож байгаа биз дээ? Хүмүүс Ерөнхийлөгч хэнтэй уулзаж, ямар асуудлыг шийдвэрлэж, ард түмний татварын мөнгийг юунд зарцуулж байгааг харах ёстой. Үүнд миний бодлоор одоо бол интернет маш их тус болж байна. Хүмүүс улстөрчдийн ухаалаг үгийг сонирхохоосоо илүүтэйгээр татварын мөнгийг юунд зарцуулж байгааг нь сонирхох нь мэдээж. Төсөв тунгалаг байх ёстой. Тэгсэн цагт авлига багасаж, ард түмний зүгээс хяналт тавих нь нэмэгдэнэ. Монголд үүнд чиглэсэн хэдэн арван хууль бий.

-Улаанбаатарт байх хугацаандаа бид танай хамгийн гайхалтай баяруудын нэг болох Наадмыг үзэж сонирхлоо. Монгол улс даяараа үүнийг тэмдэглэж нааддаг юм байна. Таны болон танай гэр бүлийн хувьд ямар баяр хамгийн ойр дотно байдаг вэ?

-Мэдээж Наадам байлгүй яахав! Монголчууд наадмыг мянганы тэртээгээс хийж ирсэн. Наадам бол монголын уламжлалт баяр, “Эрийн гурван наадам” гэж мөн нэрлэдэг. Наадам бол үндэсний бөх, хурдан морины уралдаан, сур харваанаас бүрддэг баяр.  Энэ баяр монголчуудыг монгол болгодог юм.

Хурдан морины уралдааны нэг насанд 500 гаруй морьд уралдаж 20 орчим километр замыг туулдаг. Энэ бол дэлхийн өөр хаана ч олж үзэхгүй өвөрмөц уралдаан юм шүү! Өнөө үед хурдан морины уралдаан, сурын харваанд эмэгтэйчүүд ч оролцож байна. “Эрийн гурван наадам”-д дөрөв дэх төрөл болж монгол шагайн харваа нэмэгдээд байна. Энэ төрөлд оролцогчид хоёр баг болон хуваагдаж өвдөг дээрх хашлага дээр тавьсан ясан сумыг дунд хуруугаараа няслан хасаа харваж тоглодог. Шагайн харваанд зөвхөн эрэгтэйчүүд оролцдог.

Наадам бол бас элбэг дэлбэг баярын ширээндээ сууцгаан, айраг ууж, дуу дуулан, бүжиглэдэг баяр. Эрт үед цэцэн өвгөд “Монголчууд наадам тэмдэглэж байхад хөрш орнууд амар тайван амьдарч болно” гэцгээдэг байсан гэдэг.

- Бүхий л цаг үед монголчуудын амьдралд морь маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 21 дүгээр зуунд ч гэсэн энэ хэвээрээ юу?

-Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд машины замын түгжрэл маш их байна. Би саяхан телевизээр үг хэлэхдээ монголчууддаа морио илүү унацгаая гэж уриалсан. Монголчууд мотоциклыг их унах боллоо шүү дээ. Үүнийг ямар монгол гэх вэ дээ.  Манай улс эрт үеэс адууны соёлтой байсан. Монголчууд морин дээр төрж, морин дээр нас бардаг байлаа. Морины амь хүний аминаас илүү үнэтэй байсан үе ч бий.

Хүн бүрийн тэр болгон мэдэхгүй нэг зүйл бол дэлхийн хоёрдугаар дайны үед монголчууд Улаан армид хагас сая гаруй агт морь илгээсэн байдаг.  Бүр хоёр морьтой бол нэгийг, зуун адуутай бол тавийг Улаан армийн хэрэгцээн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10026
0 эможи
keyboard_arrow_up