ФОТО: Х.Баттулга: Хууль ёсыг уландаа гишгэхийг, бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, хүндэт зочид оо, Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг төрт ёсны нандин хэлхээ ард олныхоо дуудлага хэмээн хүлээж авч байна.
Монгол Улсаа хөгжүүлэн дэвжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэмжсэн ард түмэндээ баяр хүргэе.
Хамт өрсөлдөж, ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн нэр дэвшигчдээ цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчдөө цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Шийдлээ хүлээсэн олон ажил эх оронч сэтгэлгээ шаардаж байна. Та бүхнийхээ өндөр итгэлийг хүлээн ажиллах болно.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, хойшлуулшгүй ажил шилээ даран хүлээж байна.
Та бүхэнтэй хамтран ард түмний ажилгүйдлийг аргилгах, ядуурлаас гаргахыг эрмэлзэж байна.
Та бүхний зөв бодлогыг дэмжиж ажиллана, дутуу дулимаг хууль, тогтоомж баталбал шүүмжилж засуулахын төлөө ажиллана.
Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг хийдэг Ерөнхийлөгч байна.
Хууль ёсыг уландаа гишгэхийг, бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно.
Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн, экологийн тэнцвэрийг хадгалж, газар нутгаа хамгаалсан, экспортын шинэ эринийг эхлүүлсэн Ерөнхийлөгч байна.
Энэ цагаас эхлэн бүтээгч, үйлдвэрлэгч орон байлгахын төлөө ажилдаа шуурхайлан орно. ОХУ, Хятад улстай найрамдалт хөршийн харилцаагаа үргэлжлүүлж, гуравдагч хөршийн бодлогод онцгой анхаарна. Мөнх тэнгэр биднийг ивээг хэмээлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг ард түмэндээ хандан хүсэн ерөөлөө.
Гэрэл зургийг mpa.mn-ээс