Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: Анагаахын сургуулийн хаалгаар дутуу дулимаг мэдлэгтэй, ёс зүйн доголдолтой эмч, сувилагч, мэргэжилтэн гарах учиргүй

2017 оны 11 сарын 03

 

 

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгад бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

Arslan.mn

Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Монгол Улсад анхных болох Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг 2018 оны 7 дугаар сард ашиглалтад орох юм байна.

Энэ эмнэлэгт АШУҮИС-ийн эрдэмтэн, багш нараас бүрдсэн 300 гаруй мэргэжилтэн ажиллан мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн чиглэлээр нийслэлийн Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хотын иргэдэд төдийгүй Монгол Улсын нийт хүн амд үйлчлэх зорилготой ажээ.

Урьдчилсан байдлаар тус эмнэлэгт жилдээ 180 мянга гаруй амбулаторийн үзлэг хийж, 4300 хүнийг хэвтүүлэн эмчилж, 2060 удаагийн мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах болон СТ, MRI, Angiography-ийн нийт 9000 гаруй оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай болох юм.

Ёслолын ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АШУҮИС-ийн төв байранд ирж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан багш ажилтнуудад шагнал гардууллаа.

Arslan.mn

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) удирдлагын баг, профессор багш, ажилтан, ажиллагсад, оюутан залуучууд та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа энэ өдрийн мэнд дэвшүүлье.

75 жилийн түүхтэй АШУҮИС бол Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийн төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж яваа 43 мянга гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 92 хувийг бэлтгэн гаргасан түүхэн гавьяатай, сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимтэй хийж, олон улсад магадлан итгэмжлэгдэж, 2013 оноос Монгол Улсад анх удаа их сургуулийн хотхон байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа бүтээлч хамт олон.

Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүн амын бодлого, иргэдийн эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрүүл монгол иргэний төлөө хүчин зүтгэх эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргадаг танай сургуулийн хүлээх үүрэг хариуцлага асар өндөр учраас  миний бие танай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулах гэж байна.

Arslan.mn

Төр засгаас “Мэдлэгийг бүтээл болгож, инновацийг хөгжүүлэх” зорилтыг танай сургууль түүчээлэн хөгжүүлж 2014-2024 он хүртэлх хөгжлийн бодлогоо Удирдах зөвлөлөөрөө батлуулан өөрийн нөөц бололцоогоо оновчтой дайчилж, улсын төсөвт дарамт учруулалгүйгээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эрчимтэй өрнүүлж, багш оюутны ажиллах, сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж байгаатай танилцлаа. Гадаад орны их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг нэгэн чигт зангидан, олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт технологийг монгол оронд нутагшуулан, нийгмийн хариуцлагаа үлгэр жишээчээр биелүүлж, дээд боловсрол, эрдэм судлал, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүн ардад хүргэхийн төлөө олон ажлыг санаачлан хийж байгаад талархаж байна.

Анагаахын сургууль өөрийн гэсэн сургалтын эмнэлэгтэй байх ёстой гэж бид олон жил ярьж мөрөөдөж ирсэн. Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлж Японы Засгийн газар 174 тэрбум 400 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, оношилгоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын эмнэлгийг байгуулахаар Монгол дахь Жайка олон улсын байгууллага хариуцан Японы “Канто констракшин” компани ажиллаж байна.

Ийм буянтай ажлыг бүтээж байгаа Японы Засгийн газар болон сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийг барьж байгуулж байгаа хамт олонд талархал илэрхийлж байна. Энэхүү их сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор эмч мэргэжилтэн бэлтгэх, тэдэнд төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх, эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах ажилд чанарын дэвшил гарах төдийгүй Монголын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Нөгөө талаар сургалтын эмнэлгийн дэргэд танай сургуулийн хамт олон  өөрсдийн хүч боломжоо дайчлан Анагаахын болон Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн барилгыг барьж их сургуулиудын цогцолбор байгуулах тухай олон жилийн “хоосон” яриаг ажил хэрэг болгож эхэлсэнд талархаж байна.

Энэхүү хотхонд сургууль, лаборатори, сургалтын эмнэлэг байхаас гадна эрдэмтэн багш, оюутан залуучуудын ажиллаж, сурч, амьдрах  орчинг бүрдүүлсэн багш ажилчдын орон сууц, оюутны дотуур байр, үйлчилгээний байгууллагууд байх нь зүйн хэрэг. Тэгж байж энэ их сургуулийн хотхон амьд орчин болж, Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг бууруулахад бага ч болов дэм болох болно. Тиймээс оюутны байр, багш ажилчдын байрыг хотхон дотор байгуулах сургуулийн саналыг дэмжиж, өөрсдийн санаачлагаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах асуудлыг нийслэлийн удирдлага анхааралдаа авч хот төлөвлөлтдөө тусган шийдэх нь чухал гэж үзэж байна.

Нөгөө талаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу сургалтын эмнэлгийн тогтмол болон хувьсах зардал, сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хөрөнгийг 2018 оны төсөвт суулгаж батална гэдэгт итгэж байна. Энэ нь их сургуулийн сургалтын эмнэлэг хэвийн ажиллах, сургалтын цогцолборыг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой ач холбогдолтой болж байна. Мөн Засгийн газрын болон  АШУҮИС-ийн их сургуулийн цогцолбор байгуулах санаачлагыг дэмжиж Хөдөө аж ахуй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн удирдлага, хамт олон мэргэжилтэн бэлтгэх үйлдвэрлэл, үйлчилгээний баазыг түшиглэсэн цогцолбор сургууль барьж байгуулах ажилд санаачлага гарган ажиллахыг уриалж байна.

Энэ нь нийслэлийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мэргэжилтэн бэлтгэх ажлын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Үүнд  боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн яамдын удирдлага ч онцгой анхаарч ажиллах хэрэгтэй юм. Монгол улсын Ерөнхийлөгч энэ санаачилгыг тууштай дэмжиж байгаа болно.

Эрдэмтэн багш нар аа,

Та бүхэн Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох, хүн төрөлхтний хуримтлуулсан анагаах ухааны оюуны арвин их санг хойч үедээ өвлүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг манлайлан ажиллах учиртай. Зөвхөн танай сургуульд 1000 гаруй багш ажиллагсад ажиллаж 13 мянга гаруй оюутан, магистрант, докторын зэрэг горилогчид суралцаж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмч, сувилагч бэлтгэдэг хувийн сургуулиуд олширч байна. Гэхдээ өмчийн хэв шинж, жижиг томоос үл шалтгаалан дээд боловсролтой эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг дэг жаяг, сургалтын агуулга, хөтөлбөр, багш нарын мэдлэг боловсрол, туршлага, сургалтын орчинд тавих шаардлага  нэг стандарттай, хэрэгжилтэд тавих хяналт хатуу чанга байх ёстой.

Яагаад гэвэл Та бүхний бэлтгэн гаргасан эмч, сувилагчид сургуулийн танхимаас гараад хүний амь насыг аврах, ард түмнээ өвчин зовлонгоос ангижруулах хүндхэн сорилттой тулгардаг. Тийм учраас анагаахын сургуулийн хаалгаар дутуу дулимаг мэдлэгтэй, ёс зүйн доголдолтой эмч, сувилагч, мэргэжилтэн гарах учиргүй. Энэ бол анагаахын мэргэжлийн сургуулийн өвөрмөц онцлог. Үүнийг онцолж байгаагийн учир гэвэл АШУҮИС анагаахын чиглэлийн бусад дээд сургуулиудыг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлдэг, анагаах ухааны боловсролын тасралтгүй төгөлдөршилийн цөм, эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл, өөрчлөлтийн хөдөлгөгч хүч, манлайлагч нь байхыг хүсч байгаа юм. 

 

Цаашид  дээд боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж, эмч сувилагчдын бодит хэрэгцээг судалж, анагаах ухааны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг хязгаарлах хэрэгтэй. Түүгээр зогсохгүй одоо зөвшөөрөл аваад ажиллаж байгаа анагаахын сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөр, үндсэн багшлах боловсон хүчний хангамж, сургалтын орчин, сургалтын эмнэлэгтэй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Эмч сувилагчийн мэргэжил олгох асуудал урсгалаараа явж огт болохгүй учраас үүнийг дахин дахин сануулж байгаа юм.

Arslan.mn

АШУҮИС-ийн бүтцэд Монгол Улсын анагаах ухааны хүрээлэн ажиллаж, Монголын эмч нар сургуулийн магистр, докторын сургалтад өргөнөөр суралцаж байгаа нь тус сургууль анагаахын мэргэжлийн судлаач, эрдэмтдийн цөм болж байгаагийн илэрхийлэл. Сургуулийн удирдлага үүнд онцгой анхаарч  2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цөм лабротори байгуулж, эрдэм шинжилгээ судалгааг дэмжих санг байгуулсан нь чухал ач холбогдолтой юм.

Цаашид сургуулийн тэнхим, хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөхийн зэрэгцээ улсын төв эмнэлэг, үндэсний төвүүдэд ажиллаж байгаа шавь нарынхаа эрдэм судлалын ажилд дэмжлэг үзүүлж, тэдний хийж байгаа оношилогоо, эмчилгээний шинэ технологийг нийтийн хүртээл болгоход анхаарч хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол анагаахын шинжлэх ухааны ололтыг оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэх, сургалт эрдэм судлалын ажлыг багш шавийн хүрээнд өргөтгөх өргөн боломж гэж харж байна.

Оюутан залуучууд аа, Та бүхэн бол монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсохоор энэ сургуулийн танхимд бэлтгэгдэж байгаа манай ирээдүйн хүний их эмч, сувилагч, мэргэжилтнүүд. Нэг л мэдэхэд суралцах хугацаа дуусч  энэ танхимд эмчийн, сувилагчийн тангаргаа өргөөд аймаг, сум, дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хаалгыг татан орох болно. Тэнд та бүхнийг орчин үеийн анагаах ухааны өндөр мэргэжил эзэмшсэн эмч, сувилагч нар хүрээд ирлээ гэж баяр хөөр болон угтан авах болно. Тийм болохоор мэдлэгтэй, ес зүйтэй эмч, сувилагч болохын тулд эрдмийн энэ өргөөндөө цаг наргүй хөдөлмөрлөж, эрдэмтэн багш нараасаа их зүйлийг сурч, мэдэж авахын төлөө мэрийж ажиллах хэрэгтэй гэдгийг захиж хэлье.

Эцэст нь Ази Номхон Далайн Баруун Эргийн бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг  болох эрхэм зорилгоо амжилттай биелүүлэхийг АШУҮИС-ийн эрдмийн хамт олонд хүсэн ерөөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Та бүхний ажил үйлсийг байнга дэмжин, хамтран ажиллахаа  илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49103
2 эможи
keyboard_arrow_up