Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсөвт хориг тавилаа

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавих тухай албан бичигт:

“Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй болно.

Түүнчлэн уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай баялаг, түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг барьж байгуулах нь ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах, улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авч ирэх онцгой ач холбогдолтойг сануулж, тодорхой санал, санаачилга гаргасан боловч эрх баригчдаас улсын төсөвт тодорхой бодлого, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх эрмэлзэл, хичээл зүтгэл огт гарсангүй.

Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно.

Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна.

Хэдийгээр улсын төсвийг батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрх мөн боловч хувь хүний ухамсар, ёс зүй болон албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдгийг гишүүн бүр анхаарвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасан байдаг.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно.

Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.

Төсвийн үрэлгэн зардлуудыг танах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглалыг зогсоох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эргэлт, өөрчлөлт авч ирэх үр өгөөжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, шаардлагуудыг үл хэрэгсдэг атлаа татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нэг гараараа иргэдийнхээ халаасыг тэмтрэн, нөгөө гараараа тойргийнхоо иргэдийг халамжилдаг эрх баригчдын энэ харалган, сонгуульд чиглэсэн явцуу бодлого улс орны амьдрал, хөгжилд гол түшиг болдог дундаж давхаргыг үгүйрүүлэх нэн таагүй үр дүнд хөтөлж, засаж залруулахад туйлын төвөгтэй, хүнд нөхцөл байдалд хүргэж байна.

Тиймээс Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ард түмэнд өгсөн амлалт болон авч хэрэгжүүлсэн бодлого, шийдлээ эргэн харах, алдаатай зарим бодлогоо энэ удаагийн төсвөөр засаж, залруулах боломжийг олгох үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйлд тусгагдсан “…нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэсэн тохиролцлоо үл хайхран, зөрчсөн байдалтайгаар 2020 оны төсвийг боловсруулж, батлуулсныг хэлэлцээрийн талууд илт буруушаан, эсэргүүцэж байгааг мөн анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой болно.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчиж байна.

Ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахын оронд урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй юм.

Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн дараагаас өнөөг хүртэл төрийн эрхийг барихдаа төсвийн нийт алдагдлыг 9 гаруй их наяд төгрөгт хүргэж, 2016 онд хүлээж авсан 1.2 хувийн инфляцыг 9 хувьд хүргэн, ард иргэдийн амьжиргааг 8 пунктээр ядууруулсан хүнд нөхцөл бий болголоо. Өөрөөр хэлбэл эрх баригчдын  хариуцлагагүй бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй инфляцын нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгийг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна.

Түүнчлэн инфляцын түвшин 8-9 хувьд хүрэхийг гипер инфляц буюу хямралд тулсан босго үзүүлэлт гэж үздэг. Ийм эрсдэлтэй нөхцөлд эрх баригчид дүгнэлт хийж, инфляцыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь улам алдагдалтай төсөв батлах замаар инфляцын одоогийн байгаа өндөр түвшинг ирэх 3 жилд ч буулгаж чадахааргүй, өөрсдийн явцуу эрх ашгийг өнөөдөр гүйцэлдүүлж байвал улс орны маргаашийн амьдрал, ирээдүй огт хамаагүй мэт бодлого явуулж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна.

  1. Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилго бүхий онцгой ач холбогдолтой, бодлого, зарчмынх нь дагуу цаг алдахгүйгээр хэрэгжүүлбэл зохих хууль мөн.

Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, “Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпорац хэрэгжүүлнэ” гэсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор дагаж мөрдөнө” гэсэн утга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгож, баялгаа зүй зохистой, тэнцвэртэй, ард иргэддээ хүртээмжтэй ашиглах гэсэн Монгол төрийн нэг чухал бодлогыг тасалдуулахад хүргэж байна.

Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх, Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх” зэрэг зарчим болон эдгээрийн хүрээнд хэрэгжих ёстой хуулийн бусад зохицуулалтууд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хуулиар мөн чанараа бүрэн алдаж, хэрэгжих ямар ч бололцоогүй болж байна.

Монгол Ардын нам төрийн эрхийг авч, улс орныг удирдсанаас хойш 4 дэх жилээ үзэх гэж байна. Энэ хугацаанд төсвийн болон бусад бодлогоо оновчтой, үр ашигтай болгох чиглэлд анхаарч, ард түмэнд өгөөжтэй, улс оронд хэрэгтэй ийм хуулийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бус хугацаагүйгээр зогсоох буюу гацаах бодлого оруулж ирж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй болгож байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:

  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611191
1 эможи

Nyamtaivan
2019-12-04 09:19
төсөвт хориг тавьсан нь зөв
Зочин
2019-12-04 01:14
keyboard_arrow_up