Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчлон баталсан Үндсэн хуульдаа тэрслэх болжээ Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчлон баталсан Үндсэн хуульдаа тэрслэх болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчлон баталсан Үндсэн хуульдаа тэрслэх болжээ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудал бүх нийтийнх болон хувирчээ. Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгуулийн хугацаа дөхөх тусам хувь хүнтэй холбоотой улстөржилт газар авч, олон нийт улам талцан хуваагдах болов. Х.Баттулга 2017 оны долоодугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойших бүрэн эрхийн хугацаандаа ард түмний эв нэгдлийг илэрхийлэх бус хамгийн ихээр талцан хуваасан Төрийн тэргүүнээр зүй ёсоор нэрлэгдэж байна. Учир нь, хоёр жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй болсон юм. Ингэж өөрчилсөн Үндсэн хуулийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө гарын үсэг зурж, ёсчилсон байдаг. Гэтэл тэрбээр ийнхүү өөрийн баталсан Үндсэн хуулийнхаа эсрэг босож, дахин нэр дэвшихээр маргаан үүсгэж эхлээд байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн ямар заалтыг, хэрхэн өөрчилснөөр маргааны үндэслэл болсныг харъя.

Үндсэн хуулийн 31.7-д “45 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр улираан сонгож болно” хэмээн заасан байсан. Харин уг заалтыг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийг өөрчилснөөр хүчингүй болгосон юм. Ингэснээр Үндсэн хуульд дээрх заалтыг “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн өөрчилснийг мөрдөж эхлээд байна. Товчхондоо, улираан сонгогдож болно гэсэн заалтыг хүчингүй болгосон учраас Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй болсон юм. Ийнхүү цагаан дээр хараар бичсэн атал Үндсэн хуулийг чанд сахин хамгаалах, гагцхүү ард түмэндээ үлгэрлэх учиртай Ерөнхийлөгч маань тэрслэн босоод зогсохгүй олон түмнээ талцуулчихлаа. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхтэй эсэхэд хуульчид ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэж байна.

Б.Мэргэн: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЁСЧЛОН БАТАЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ЭСРЭГ МАРГАЖ БАЙГАА НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ

/Хуульч/

-Хуульч судлаачид төдийгүй мэргэжлийн хүмүүс Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг өөр өөрөөр тайлбарлаж байна. Туйлын үнэн гэж байхгүй учраас эдгээрийг зөв, буруу гэж дүгнэх аргагүй. Энэ олон талын байр суурийг ажиглахаар дийлэнх олонх нь ерөөсөө Ерөнхийлөгчөөр ажилласан л бол дахин нэр дэвших эрхгүй гэдэгт санал нэгдсэн. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Х.Баттулга гэдэг хүн энэ цаг үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа учраас түүн дээр фокуслаж яриа үүсээд байгаа болохоос зөвхөн энэ хүнийг яриад байгаа ч юм биш. Миний бодлоор нэг, хоёр удаа Төрийн тэргүүнээр сонгогдсон, одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бүх хүн Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтийн дагуу дахин нэр дэвших эрхгүй.

Энэ бол маргаад байх сэдэв биш. Яагаад гэхээр Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Зургаан жилээр, зөвхөн нэг удаа гэдэг үг өөрөө дахихгүй шүү гэдгийг тодорхой хэлээд өгчихөж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Зөвхөн нэг удаа сонгогдоно гэж хуульд заасан байтал одоогийн Ерөнхийлөгч дахин дэвшвэл зургаан жил гэдэг хугацаа алдагдаад 4+6 буюу 10 жил болно. Нөгөөтэйгүүр ердийн хуулийг УИХ-ын дарга ёсчилж баталдаг бол Үндсэн хуулийг Ерөнхийлөгч гарын үсэг зурж нотлон ёсчилсноор баталдаг. Ийм л учраас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад шинэ заалт хэрхэн үйлчлэхийг тухайлан хэлэлцээд 2025 оноос биш 2021 оноос гэдэг санал оруулж ирснийг нь дэмжээд явсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж Үндсэн хуулиа баталчихаад одоо үүнийхээ эсрэг маргаад байгаа нь үндэслэлгүй юм.

А.Бямбажаргал: Х.БАТТУЛГА, П.ОЧИРБАТ НАРЫН КЕЙСИЙГ АДИЛТГАЖ ҮЗЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор/

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор эдүгээ Үндсэн хуулийн Цэцэд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэд дахин нэр дэвших эсэх асуудлаар маргаан өрнөж байна. Гэтэл зарим нэг хуульч хоёр өөр төрлийн маргааныг ижил мэтээр зориуд чулуу хөөлгөх янзтай. Энд өмнөх 1997 оны маргаанаас гол ялгагдах онцлог нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт л оруулснаас бус шинэ Үндсэн хууль батлаагүй. Дээр нь уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хэлбэр, үе шат огт өөрчлөгдөөгүй байгаа нь дээрх маргаануудын гол ялгаа юм. 1990 онд П.Очирбат гуайг сонгосон субьект нь тухайн үеийн Ардын Их Хурлын төлөөлөгчид байсан бол 1993 онд түүнийг ард түмнээс сонгож, улмаар УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч байв.

Эдүгээ Цэц дээр өрнөж буй маргаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу төслөөр 2025 он байсан саналыг 2020 он болгон өөрчилснөөс үүдэн өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх иргэн уг бүрэн эрхийг хэрэгжүүлж (П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга) нэр дэвших эрхгүй болсонтой холбоотой маргаан юм. Тиймээс Х.Баттулга, П.Очирбат нарын кейсийг адилтгаж үзэх ямар ч боломжгүй.

Б.Мөнхзаяа: ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ҮНДЭСЛЭЛЭЭР ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

/Хуульч/

-Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвших эрхтэй гэж үзээд эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй гээд байгаа юм. Гэтэл үүнийг авч үзэхийн тулд хэд хэдэн ойлголтыг харах хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дараах үндэслэлээр нэр дэвших боломжгүй болсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2-т “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэх заалтын дагуу дахин дэвших боломжгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өмнөх заалтад “Улираан сонгоно” гэж заасан байсныг хүчингүй болгосон учраас дахин нэр дэвших эрхгүй. Үндсэн хууль бол бүх хуулийн “малгай”. Энэ “малгай” хуулийн 30.2-т “Зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Гэтэл магадгүй одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боллоо гэхэд энэ хүн хоёр дахь удаагаа сонгогдох болчихоод байгаа юм. Гэтэл өмнөх Үндсэн хуулийн зохицуулалтыг харсан ч хамгийн дээд хугацаа нь нэг хүнд найман жилийн эрхийг олгож байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг ойлголт нь магадгүй хууль засаглалыг нэг хүний эрх хэмжээнд оруулахгүй байхын тулд ард түмний эрх ашиг сонирхлыг хангахын төлөө зөвхөн нэг удаа сонгоно гэсэн эрх зүйн зохицуулалт тусгасан гэж үздэг.

Ш.Алтангадас: ЕРӨНХИЙЛӨГЧИД ДАХИН СОНГОГДОХ БОЛОМЖ ОЛГООД 2025 ОН ГЭСЭН Ч ТӨЛӨӨНИЙХ НЬ ТАМГЫН ГАЗРААС 2021 ОН БОЛГУУЛЖ БАЙСАН

/Хуульч/

-“45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар улираан сонгоно” гэж байсныг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчилсөн. Энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлчихсэн. Мөн 1992 оны Үндсэн хуулийн 31.7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэж зааснаар бүрэн эрхийг нэг удаа улируулан сонгох боломжтой байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалт хүчингүй болсон буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2021 оноор дуусгавар болно. Тиймээс Үндсэн хуулийн дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин хэзээ ч нэр дэвших боломжгүй.

Үндсэн хуульд тусгасан “Зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гэсэн заалт нөгөө талаараа “Хэн дэвших эрхтэй вэ” гэдэг агуулгыг тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан энэ ерөнхий шаардлагад өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэдэг ойлголт юм.

Тиймээс бид Үндсэн хуулийг шууд агуулгаар нь ойлгохоос гадна өмнө нь Цэцээс юу гэж тайлбарлаж байсан болон органик хуульд юу гэж заасан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн үг бүр цаанаа утга агуулгатай. Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ерөөсөө л нэг байх юм байна гэдгийг заагаад өгсөн. Энэ бүрэн эрхийн хугацааг өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй хүн хэрэгжүүлэх юм байна гэдгийг хэлээд өгчихсөн. Ингээд үзэхээр одоо болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үеийг харахаар анхны төсөлд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад, түүнд дахин сонгогдох боломжийг нь олгоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оноос хэрэгжүүлье гээд мөрдөх хугацааг 2021 оноос гэж оруулж ирсэн ч тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд 2020 оны тавдугаар сарын 25-нд хэрэгжүүлэх томьёолол оруулж ирснийг олонхоор дэмжээд баталсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлдөг.

Ж.Эрхэмбаатар: EРӨНХИЙЛӨГЧИЙГ УЛИРААН СОНГОЖ БОЛНО ГЭСЭН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН НЬ ДАХИН ДЭВШИЖ БОЛОХГҮЙ Л ГЭСЭН ҮГ

/Хуульч/

-Одоогийн Eрөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхтэй эсэх дээр маргах шаардлага байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өмнө нь байсан 31.7 гэсэн заалт буюу “Eрөнхийлөгчийг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалтыг хүчингүй болгочихсон. Тэгэхээр Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй ямар ч асуудлыг хориглосонд тооцдог зарчим үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 30.2-т Ерөнхийлөгчид нэр дэвших хүн ямар шалгуур хангасан байх ёстойг тодорхой заасан заалт юм. “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа Eрөнхийлөгчөөр сонгоно”. Гэхдээ улируулан сонгохгүй гэсэн үг. Энэ нь зөвхөн одоогийн Eрөнхийлөгчид хамаатай заалт биш.

Монгол Улсад 45-50 насны 100 мянган иргэн болон өмнө нь Eрөнхийлөгч байсан хүмүүст ч хамаатай асуудал. Уг нь Eрөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оноос хэрэгжих заалтыг төсөлд анх тусгасан байсан ч хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийг Eрөнхийлөгч өөрөө ахалж ажиллах үeэр энэ хугацаа байхгүй болж, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихсэн. Тэгэхээр Eрөнхийлөгч энэ заалтын үр дагаврыг мэдэж л байсан гэж бодож байна. Eр нь яагаад Eрөнхийлөгчийг улируулан томилох заалтыг хасчихав. 2005 оноос хойших Eрөнхийлөгчийн сонгуулиудын дараа жил нь Засгийн газар огцорчихоод байсан. Өөрөөр хэлбэл Eрөнхийлөгч дахин сонгогдохын тулд мөрийн хөтөлбөрөө УИХ, Засгийн газраар дамжуулж хэрэгжүүлэх гэдэг. Тэдгээр нь үгэнд нь орохгүй болохоор хуучин намынхаа нөхдөөс гадна олонхын доторх цөөнхийн дэмжлэг авах замаар Засгийн газрыг тогтворгүй болгоод байсан. Тэгэхээр Eрөнхийлөгч улиран сонгогдохын тулд улс төр хийж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхын оронд 35 намын нэг болох АН-ын асуудалд шууд оролцоод байгааг таслан зогсоох шаардлага бий. Тиймээс Eрөнхийлөгчийг улируулан томилж болох хуучин заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хасчихсан хэрэг.

Ө.Эрдэнэ-Очир: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ

/Хуульч/

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улираан сонгогдох эрхийг олгоогүй гэсэн үг. Зөвхөн нэг удаа л сонгоно. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших аваас улираан сонгох болчихоод байгаа юм. Үндсэн хуулийн болон нийтийн эрх зүйн зарчим бол зөвшөөрснөөс бусдыг хориглоно. Иргэний эрх зүйн зарчим нь хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн заалттай. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг улираан сонгох заалт байхгүй, нэр дэвших боломжгүй. Хуулийн зохицуулалт маш ойлгомжтой. Сүүлийн үед энэ асуудлыг хуульч бүр өөрөөр тайлбарлаж байна. Үндсэн хууль гэдэг нь эрх зүйн зохицуулалтын дээд баримт бичиг. Үүнийг давсан ямар ч зүйл байж болохгүй. Үндсэн хууль өөрөө хэн нэгэн албан тушаалтан, иргэний өмнө буруутай байж болохгүй. Болохгүй л гэсэн бол болохгүй. Үндсэн хуулийн тогтолцооны эсрэг үйлдэл гэж Үндсэн хуульт тогтолцоог гажуудуулахтай холбоотой улс төрийн болон шашны арга хэмжээг хэлдэг юм. Үүнийг мөн байна гэж хэлэх хэцүү ч Эрүүгийн хуульд тодорхой заалт байдаг. Одоогоор бол Үндсэн хуулийнхаа заалтаас эсрэг юм яриад байна гэх хандлага ажиглагдаж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625559
0 эможи

keyboard_arrow_up