О.МӨНХСАЙХАН: Төрийн тэргүүн байсан хүн дахин ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвших, сонгогдох боломжгүй О.МӨНХСАЙХАН: Төрийн тэргүүн байсан хүн дахин ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвших, сонгогдох боломжгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.МӨНХСАЙХАН: Төрийн тэргүүн байсан хүн дахин ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвших, сонгогдох боломжгүй

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

-Та Цэцэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн. Яг ямар зохицуулалт Үндсэн хууль зөрчив?

-Миний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг хувь хүнтэй нь холбож асуудалд огт хандаагүй. Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдохыг 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрэн хориглосон ч энэ талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай 2020 оны хуульд тодорхой заагаагүйгээс энэ шаардлага зөрчигдөх нөхцөл үүссэн. Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгохыг хориглоогүй эс үйлдэхүй нь Үндсэн хууль зөрчсөн тул ийм мэдээллийг Цэцэд өгсөн юм. Нэгэнт мэдээллийн шаардлага, үндэслэлээ бичээд өгчихсөн учраас Цэц ном журмаараа шийдвэрлэгдэнэ гэж хоёр сар гаруй харж байна. Гэвч энэ хугацаанд, ялангуяа ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон иргэн дахин нэр дэвших, сонгогдох боломжтой мэтээр маш их ярьж, зарим талаар одоогийн Ерөнхийлөгчийн болон түүний төлөөний хүмүүсээс Цэцэд зүй бусаар нөлөөлөх, шахалт үзүүлэх оролдлого ажиглагдаж байна. Тиймдээ ч мэдээллийн тэнцвэрийг хангах үүднээс Цэцэд өгсөн мэдээллийнхээ үндэслэлүүдийг энд товч хуваалцъя. Цэц аль аль талын үндэслэлийг сонсож жигнээд шийдвэрээ гаргана гэж итгэж байна, гэхдээ иргэд ч тэдгээр үндэслэлийг сонсоод дор бүрнээ дүгнэлт хийх болов уу.

-УИХ-ын эс үйлдэхүйгээр Цэц маргаан үүсгэх нь зөв үү. Цэц зөвхөн Үндсэн хууль зөрчигдсөн эсэхийг хянах ёстой биш үү?

-Зарим хүн УИХ хуулийн тодорхой зохицуулалтыг хуульд тусгаагүй эс үйлдэхүйгээрээ Үндсэн хууль зөрчинө гэдэг зүйл байж болохгүй гэж хэлээд байгаа. Онолын талаасаа ч, Цэцийн практик талаасаа ч энэ байр суурь нь ор үндэсгүй. Онолын хувьд Үндсэн хуулиар тодорхой асуудлаар хууль гаргахаар тодорхой зааж, үүрэг болгосон байхад тэр үүргээ биелүүлээгүй тохиолдолд парламентыг Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг. Үүнийг негатив хяналт гэж хэлдэг. Ийм негатив хяналтыг Унгар, Итали, Португал зэрэг Үндсэн хуулийн шүүхтэй улсад хэрэглэдэг. Манай Улсын Үндсэн хуулийн цэцийн хувьд ч гэсэн өнгөрсөн 29 жилийн хугацаанд УИХ эс үйлдэхүйгээрээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг дөрөн удаа гаргасан байдаг. Жишээ нь, Цэц 2018 оны гуравдугаар дүгнэлтээрээ УИХ-ын нөхөн сонгууль зарлагдсан тохиолдолд төрийн албан хаагч тухайн сонгуулийн санал хураалт болох өдрөөс хэдий хугацааны өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах талаар зохицуулалтыг хуульд тусгаагүй байна. Үүнээс үүдэн төрийн албанд ажиллаж байгаа иргэд нөхөн сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүй болж Үндсэн хууль зөрчигдсөн гэж шийдсэн байдаг. Энэ мэтчилэн УИХ-ын эс үйлдэхүй Үндсэн хуулийн зөрчил гэж шийдсэн тохиолдол олон бий.

-Үндсэн хуульд заасан боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй заалтын талаар тодруулаач?

-2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 30.2-т Ерөнхийлөгчөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэж тодорхой заасан. Гэтэл энэ зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь Үндсэн хуулийн 30.2-ыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аливаа иргэн, одоо ажиллаж байгаа, ажиллаж байсан гэдгээс үл хамаараад дахин нэр дэвших, сонгогдохгүй гэх агуулга заавал хуульчлагдах ёстой. Үүнийг орхигдуулсан нь, энэ эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн зөрчил болж байгаа юм. Энийг засаж хуульчлахгүй бол Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэн “зөвхөн нэг удаа”-гаас илүү буюу дахин сонгогдож Үндсэн хуулийн 30.2 зөрчигдөнө.

-Тэгэхээр Үндсэн хуулиараа одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй юм байна, тийм үү?

-Тийм. Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан эсхүл одоо ажиллаж байгаа иргэн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй. Учир нь, энэ хүмүүс аль хэдийнэ Ерөнхийлөгчөөр ажиллачихсан учраас зөвхөн нэг удаа ажиллана гэдэг шаардлагыг хангахгүй. Хуулийг, Үндсэн хуулийг тайлбарлах аргууд гэж бий. Монголд ч, Европт ч Үндсэн хуулийг хэлзүй, логик, зорилгоор нь, мөн түүхчлэн, системчлэн тайлбарлах нь элбэг. Энэ аргуудын алийг нь ч хэрэглэж Үндсэн хуулийг уншсан Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин нэр дэвших, сонгогдох боломжгүй. Дээрх таван аргаар Үндсэн хуулийг хэрхэн, яаж тайлбарласан болохыг товчхон хэлье.

Нэгдүгээрх арга бол Үндсэн хуульд яг ямар үг үсэг байна вэ, үгийнх нь шууд утга юу юм бэ, яаж бичигдсэн юм бэ гэдгийг хардаг. Энэхүү хэл зүйн арга манай Цэцийн олон шийдвэр дээр хэрэглэгдэж ирсэн л дээ. 1992 онд баталсан Үндсэн хуулийн 30.2-т Ерөнхийлөгчөөр 40 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж тусгасан байсан. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэн нэр дэвшинэ гэж зааж, насны босгыг өсгөсөн. Мөн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгож, нэг удаа улираан сонгох боломжтой байсныг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилсөн. Тодруулбал, ямар ч маргаангүйгээр “зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж тодорхой бичигдсэн. Үүний үгийн шууд утга нь нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахихгүй ээ л гэсэн санаа шүү дээ. Энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн 30.2-т оруулаад зогсохгүй “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэх 31.7 дахь хэсгийг 2019 онд хүчингүй болгосон. Дүгнээд хэлбэл, Ерөнхийлөгчөөр хамгийн ихдээ зургаан жилээр зөвхөн нэг удаа ажиллана, улирч дахин сонгогдохгүй ээ гэсэн үг.

Хоёрдугаарт логикийн аргаар Үндсэн хуулийг тайлбарладаг. Ямар тайлбар нь логикийн хувьд илүү утгатай вэ гэдгээр нь утгажуулна гэсэн үг. 2021 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч 50 нас хүрсэн байх шаардлагыг бичсэн. Гэвч мөн адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгох заалтыг тусгаагүй орхисон. Ерөнхийлөгчид тавих шаардлагад хоёр төрлийн нөхцөл өөрчлөгдчихөөд байхад нэгийг нь хангана, нөгөөг нь хангахгүй гэдэг нь логикийн хувьд зөрчилтэй, зөвтгөгдөхөд хэцүү. 50 нас хүрээгүй иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүйтэй адилхан Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэн дахин сонгогдох боломжгүй.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тайлбарлахдаа тухайн хэм хэмжээний зорилго нь юу юм бэ гэдгийг судалж утга санааг нь гаргаж ирдэг. Тодруулбал, яагаад Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр улирч сонгогддог байсныг болиод зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах болов гэдэг зорилгыг харах.

-Тэр зорилго нь юу байв?

-УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг, эрдэмтэн судлаачдын ажлын дэд хэсэг дээр үүний цаана ямар зорилгыг ойлгож байсан бэ гэдгийг хэлье л дээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин сонгогдохын тулд өөрт байгаа эрх мэдэл, давуу байдал, нөөцийг урвуулан ашигладаг, улс төрийн талцал үүсгэдэг, оролцдог байсан. Өөрийнхөө анх нэр дэвшсэн намаас дахин нэр дэвшихийн тулд хэт улстөржсөн байдлаар нэг талыг барьж ажилласан тохиолдол гарч байсан. Эсвэл дахин нэр дэвшихийн тулд өөрийн намынхаа дотоод асуудал руу хутгалдан ордог, үүрэг даалгавар өгч, нөлөөллөө тогтоохын төлөө Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашигладаг. Бүр өөртэй нь өрсөлдөж магадлалтай хүмүүсийг авлигын хэрэгт холбогдуулах, шийтгэхийг оролддог, үүндээ өөрийн санал болгосон АТГ-ын дарга, өөрийн томилсон Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгчид зүй бусаар нөлөөлдөг гэх хардлага ч байдаг. Дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд заасан эрх мэдлээ хэт өргөжүүлэн урвуулан ашигласан төдийгүй Ерөнхийлөгчийн шууд болон шууд бус оролцоотойгоор Үндсэн хуулиас гадуурх эрх мэдлийг төвлөрүүлсэн. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бусад нэр дэвшигчдээс давуу байдлыг өөртөө олж авч, тэгш бус өрсөлдөөнийг бий болгож байсан. Том зургаараа энэ нь эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулж байсан. Дахин сонгогдох явцуу сонирхлоороо улс төрийн зорилгоор эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал нь Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг төрийн тэргүүн байх Үндсэн хуулийн байр суурийг алдагдуулж байв. Үүнийг таслах зогсоож, Ерөнхийлөгчийг улстөрийн хүчнүүдийн зөвшилцлийг хангах арбитрч маягаар ажилладаг, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болгохын тулд арай жаахан урт хугацаагаар буюу зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгож, дахин сонгогдохыг хориглох өөрчлөлтийг өмнөх УИХ хийсэн нь зөв алхам байсан.

-Ганц одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд ийм зохицуулалт хийлээ гэж яриад байгаа хүмүүс саяын тайлбарыг харах хэрэгтэй байх нь ээ?

-Ганц энэ хүнд зориулж энэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан хэрэг биш. Өмнөх Ерөнхийлөгчдийн үед гарч байсан сургамжууд дээр үндэслэж хийсэн зохицуулалт юм. Нэг хүнд чиглэсэн мэт ойлголт нь Үндсэн хуулийг тайлбарлах дөрөв дэх аргаар буюу түүхчилсэн тайлбараар мөн л няцаагддаг. Анхнаасаа л Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно, энэ заалт үйлчлээд эхлэхээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин нэр дэвшихгүй, дахин сонгогдохгүй гэж ойлгож байсан. Тиймдээ ч одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэг удаа нэр дэвших, дөрвөн жилээр дахин сонгогдох боломжийг нь хаахгүй байх үүднээс зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэх заалтыг 2025 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн төсөлд заасан байсан. 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан энэ төсөлд одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхийг нь хаагаагүй байсан гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь ахалсан Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд шийдсэнээр, ялангуяа түүнийг төлөөлж ажиллаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын дэмжсэнээр зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг бусад нэмэлт, өөрчлөлтийн хамт 2020 оны тавдугаар сарын 25-аас дагаж мөрдөхөөр болсон.

Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн Үндсэн хуулийн 30.2 дахь заалтын үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон аливаа иргэнийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй гэдэг л агуулгатай байсан. Энэ агуулга нь огт өөрчлөгдөөгүй хэвээрээ батлагдсан бөгөөд үйлчлэх хугацаа нь наашилсан учраас энэ заалт үйлчлээд эхэлсэн л гэсэн үг. Энэ бол түүхчилсэн тайлбараар гарч буй дүгнэлт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад болсон үйл явдал, хуулийн төслийг боловсруулсан, баталсан үйл явц, хэлэлцүүлгийн дүн зэргийг нь нэгтгэн дүгнэдэг тайлбарын арга юм.

-Тав дахь арга буюу Системчилсэн тайлбар гэж юу? Энэ аргаар тайлбарлавал Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин нэр дэвших, сонгогдох боломжтой юу?

-Системчилсэн тайлбараар бас л дахих боломжгүй гэсэн дүгнэлт гардаг. Үндсэн хууль гэдэг өөрөө систем. Манай Үндсэн хуулийн системийн гол тулгуур нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал юм. Төрийн эрх мэдлийг аль нэг этгээдэд төвлөрүүлэх бус, харин хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн салаа мөчирт хуваарилах, тэдгээрийн хяналт тэнцлийг хангах нь Үндсэн хуулийн мөн чанарыг илэрхийлж байгаа хамгийн гол зарчмын нэг. Тийм учраас үүнийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд багтаадаг. 1992 оны Үндсэн хуулийн 30.2, 31.7-оор Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох, зөвхөн нэг удаа улиран сонгогдохоор заасан нь учиртай. Нэг хүн хэт удаан хугацаанд энэ албан тушаал дээр байвал эрх мэдлийг төвлөрүүлж, урвуулан ашиглаж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх, дарангуй дэглэм рүү шилжих хандлагатай тул бүрэн эрхийн хугацаа, дахин сонгогдох боломжийг хязгаарлах хэрэгцээ байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр дээд тал нь найман жилээр илүүгүй хугацаагаар ажилладаг 1992 оны Үндсэн хуулийн хязгаарлалт нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг хангахад чиглэж байсан. Гэхдээ, Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд эрх мэдлийг төвлөрүүлдэг, урвуулан ашигладаг байдал гарч байсныг хумих зорилгоор 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зургаан жилээр зөвхөн нэг удаа ажиллах, дахин сонгогдохыг нь бүрэн хориглосон гэдгийг түрүүн тайлбарласан. Хэрэв энэ нэмэлт, өөрчлөлтийг үл тоож Ерөнхийлөгч байсан эсхүл байгаа хүн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож болно гэж үзвэл Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвших болчино. Хэрвээ нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэр дэвшихээр болчихвол хоёр удаа сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч нар яагаад дахин нэр дэвшиж болохгүй вэ гэхэд үгүй гэхэд хэцүү. Тэгэхээр дахин сонгогдвол нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нийтдээ 10 жил, хоёр удаа сонгогдсон хүн 14 жилийн турш Ерөнхийлөгчөөр ажиллах болчихоод байгаа юм. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалаар Ерөнхийлөгчийг найман жилээс илүү хугацаагаар ажиллахыг зөвшөөрөөгүй. Хэрэв нэг хүн 10 эсхүл 14 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллавал 8 жилээс илүүгүй ажиллах энэ суурь үзэл баримтлал зөрчигдөнө. Дээрээс нь, Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах, хууль тогтоомжид хориг тавих, шүүгч, Ерөнхий прокурорыг томилох, Цэцийн гурван гишүүнийг санал болгох зэрэг маш их эрх мэдэлтэй. Парламентын засаглалтай бусад улсад байдгаас илүү эрх мэдэлтэй. Ийм их эрх мэдлээ өргөжүүлж урвуулан ашиглах гээд байдаг тул 10, 14 жилийн турш ажиллавал хяналт, тэнцэл алдагдаж Үндсэн хуульд байгуулалд эрсдэл үүснэ.

-Одоогийн Ерөнхийлөгч зургаан жилээр дахин нэг удаа сонгогдох боломжгүй болсонтой холбоотойгоор сонгогдох эрхийг нь зөрчлөө, эрхзүйн байдлыг нь дордууллаа гэж байгаа. Үүнд та юу хэлэх вэ?

-Юуны өмнө эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим зөвхөн Эрүүгийн эрх зүйд хатуу хэрэглэгддэг, харин Үндсэн хуулийн болон бусад салбар эрх зүйд үүнийг хатуу барьдаггүй. ХБНГУ, АНУ зэрэгт ийм л байдаг. Мөн, Үндсэн хуульд ороод дагаж мөрдөж эхэлчихсэн заалтыг дараа нь үүссэн харилцаанд хэрэглэхгүй байна гэдэг өөрөө утгагүй. Ерөнхийлөгчийг дахин сонгогдох дээр хязгаарлалт тавьдаг, эсвэл бүхэлд нь хориглодог байдал ардчилсан улсуудад засаглалын хэлбэрээс үл хамааран маш түгээмэл байдаг. Энэ нь дарангуйлагч төрүүлэхгүй байх, хяналт, тэнцлийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх зорилгод үйлчлэх зүй ёсны хязгаарлалт учраас сонгох, сонгогдох эрхийн зөрчил болдоггүй. Мөн, дахин сонгогдохыг зорьж буй хүн аль хэдийнэ сонгогдох эрхээ нэг удаа эдэлчихсэн учраас түүний сонгогдох эрхийг зөрчсөнд тооцогддоггүй, бүх хүнд адил үйлчлэх учраас ялгаварлан гадуурхал ч гэж үздэггүй. Мөн иргэдийн сонгох эрх ч зөрчигдөхгүй.  Учир нь, дахин сонгогдохыг хязгаарлах нь ардчиллыг өөрийг нь хамгаалж, улмаар иргэдийн сонгох эрх төдийгүй улс төрийн үйл хэрэгт оролцох эрхийг баталгаажуулах, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийг жинхэнэ ёсоор нь тогтмол явуулдаг байхад тусалдаг. Энэ зорилгоор ард түмэн өөрсдөө буюу өөрсдийн элч болох парламентаас өндөр босгоор баталсан Үндсэн хуулийн дагуу дахин сонгохыг хязгаарлаж буй учраас  сонгох эрхийн зөрчил биш. 

-П.Очирбат Ерөнхийлөгчийн үед яг ийм маргаан болж, түүний талд шийдэгдэж байсан гэх юм. Энэ үнэн үү?

-П.Очирбат 1990 онд АИХ-аас сонгогдож БНМАУ-ын Ерөнхийлөгч болж байсан. Тэрээр 1992 оны Үндсэн хуулийн дагуу 1993 онд нэр дэвшиж сонгогдоод 1997 онд дахин нэр дэвшиж байсан юм. Дахин нэр дэвшиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэх маргаан Цэц дээр очиж, Цэц зөрчөөгүй гэж шийдсэн. Үүнийг өнөөгийн ЕТГ-ын дарга тайлбартаа бичсэн байна лээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ асуудал өнөөдрийн маргаанд ямарч хамаагүй. Учир нь Цэцийн 1997 оны 03 дугаар дүгнэлтэд 1990 оны БНМАУ-ын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрх сонгогдох зарчмын хувьд эрс ялгаатай бөгөөд П.Очирбат нь нийт ард түмнээс Ерөнхийлөгчөөр сонгогдохоор хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа юм байна гэж үзсэн байдаг. Тодруулбал, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөөс ялгаатай. Жишээлбэл, БНМАУ-ын Ерөнхийлөгч “хуулийг гарын үсэг зурж батламжлах” зэрэг бүрэн эрхтэй байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм бүрэн эрх хэрэгжүүлдэггүй. Мөн, БНМАУ-ын Ерөнхийлөгч нь БНМАУ-ын АИХ-ын нийт депутатын олонхын саналаар сонгогддог байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч нь нийт ард түмнээс шууд сонгогддог зохицуулалттай. Эцэст нь, 1990 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль нь социалист дэглэмээс ардчилсан дэглэмд шилжихэд зориулсан шилжилтийн Үндсэн хууль байсан бол 1992 оны Үндсэн хууль Монгол Улсад анх удаа ардчилсан дэглэмийг тогтоосон, шинэ Үндсэн хууль юм.

Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орохын өмнөх болон дараах Монгол Улсын Ерөнхийлөгч нар нь “хэрэгжүүлэх бүрэн эрх болон сонгогдох зарчмын хувьд хоорондоо” эрс ялгаагүй. Нэг талаар, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхэд зарчмын том өөрчлөлт гараагүй. Нөгөө талаар, Ерөнхийлөгчид УИХ-д суудал бүхий нам нэр дэвшүүлж, сонгуульд оролцсон сонгогчийн олонхын саналаар сонгогддог хэвээрээ. 2000 болон 2019 онд УИХ шинэ Үндсэн хууль батлаагүй, харин 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тул тухайн Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал хэвээр хадгалагдаж байна. Иймээс, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдсон (нэг эсхүл хоёр удаа) иргэнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэх учраас тэдгээр иргэн 2021 оны эсхүл дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, дахин сонгогдох нь Үндсэн хуулийн 30.2-ын “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчинө.

 

Эх сурвалж: Өдрийн сонин, 2021.04.16 /О.Ариунцэцэг/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625604
0 эможи

Зочин
2021-04-16 12:40
haanaas garch irsen ork vee, dalii chin
keyboard_arrow_up