Х.Баттулга Хөгжлийн банкны зээлтэй ямар холбоотойг баримт ингэж “ярьж” байна Х.Баттулга Хөгжлийн банкны зээлтэй ямар холбоотойг баримт ингэж “ярьж” байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга Хөгжлийн банкны зээлтэй ямар холбоотойг баримт ингэж “ярьж” байна

2022 оны 5 сарын 10

Arslan.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой олон албан тушаалтан хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Гэвч тэдний дунд байх ёстой Х.Баттулгыг шалгахгүй байгаа нь “Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ” гэсэн зарчмаас хазайж байна гэх шүүмжлэлд нийгэмд өрнөж буй. Харин Х.Баттулга үүнийг “Худлаа. Гүтгэлэг” гэж тайлбарласан.

Гэвч “Баримт ярьдаг” гэдэг үг бий. Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлийн эздийн нэг “Пирамид орд” ХХК байдаг. Тэр компани 23.13 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй учир Хөгжлийн банкнаас шүүхэд хандсан. Тэгвэл “Пирамид орд” ХХК-ийн барьцаа болох МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутагт Гадаадын иргэн харьяатын газрын хойд талд байрлах № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10 мянган мкв талбайтай газрыг Хөгжлийн банкинд барьцаалах эрхийг Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгаад “Пирамид орд” ХХК-д олгожээ.

Тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван сар болж байв.

Тухайн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга нь  МоАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Баттулга гэж байгаад 1/21 тоот Удирдах зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурсан. Уг тогтоолд “Нэг. МоАх-ны 10 мянган мкв газрыг Хөгжлийн банкнаас авах “Пирамид орд” ХХК-ийн зээлд барьцаанд тавихыг зөвшөөрсүгэй. Хоёр. МоАХ-ны 10 мянган мкв газрыг барьцаалах гэрээнд МоАХ-г төлөөлж гарын үсэг зурах эрхийг “Пирамид орд” ХХК-ийн ерөнхий захирал Г.Цолмон, гүйцэтгэх захирал Ц.Хонгормаа нарт олгосугай” гэжээ.

Х.Баттулгын хувьд “Пирамид орд” ХХК-д ямар нэг шалтгаанаар зөвхөн Хөгжлийн банкны барьцаа болгож МоАХ-ны газрыг барьцаалах эрх олгоогүй байгаа юм. Бас нэг тогтоол байна.

МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны I хурлын шийдвэрийг үндэслэсэн 1 тоот тогтоолд “1. Хан-Уул дүүргийн X хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшлийн газарт “Пирамид орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй. 2. “Пирамид орд” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгальмаад үүрэг болгосугай” гэсэн байна.“Пирамид орд” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Хан-Уул дүүргийн X хорооны нутагт 2019 оны аравдугаар сард ашиглалтад орсон “Буман залуус” хотхоныг барьжээ. Уг хотхонд ИНЕ-ын ажилтнууд олноороо орсон гэдэг. Уг хотхоны захиалагч, гүйцэтгэгч нь “Пирамид орд” ХХК өөрөө байдаг. Харин туслан гүйцэтгэгч нь “Бэсон” ХХК байсан гэдэг баримт “Бэсон” ХХК-ийн захирал Д.Батжаргалд байдаг. Энэ хоёр компанийн хоорондох хөрөнгө санхүүний маргааныг хүмүүс санаж байгаа байх. “Бэсон” ХХК нь тус хотхоны барилгын цутгалтыг хийсэн мөнгөө авч чадаагүй гэсэн маргаан бий. “Пирамид орд” /5086418/ ХХК-ийг Гомбын Цолмон 2012 оны есдүгээр сарын 19-нөөс хойш эзэмшиж байна.

Тэр өдрөөс түүний охин Ц.Хонгормаа “Пирамид орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ. Мөн охин Ц.Ундармаа нь нягтлан бодогчоор нь ажилласан байна. “Пирамид орд” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүрэгт орон сууцны “Буман залуус” хотхоны дөрвөн блок 16 давхар орон сууц байгаа аж.

Ерөнхий захирал Г.Цолмонгийн нэр дээр мөнгөлөг өнгийн Honda Odyssey автомашин, Landrover LR3 автомашин, Белаз 23ВА, Nissan Atleon ачааны тэрэг, Daewoo зэрэг зургаан тээврийн хэрэгсэл байна. Баянзүрх дүүрэг, VII хороо, 18 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, 48.11 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 234 мкв үйлчилгээний байр, Сүхбаатар дүүрэг VI хороол 37.78 мкв орон сууц, 31.4 мкв зоорь, Баянгол дүүрэг III хороо 84.46 мкв орон сууц, Хан-Уул дүүрэг Будда Виста орон сууц зэрэг үл хөдлөх долоон хөрөнгө байна.

Гүйцэтгэх захирал Ц.Хонгормаагийн нэр дээр Ford Hurricane автомашин, мөн Чингэлтэй дүүрэгт 234.94 мкв газар, 177 мкв хувийн сууц, Баянгол дүүрэгт 79.23 мкв орон сууц, 29 мкв орон сууц, Баянзүрх дүүрэгт 40 мкв орон сууц, 29 мкв орон сууц, 33 мкв орон сууц, Сүхбаатар дүүрэгт 32 мкв авто зогсоол, 89.4 мкв орон сууц, 47.7 мкв орон сууц, 30.8 мкв орон сууц, 81.1 мкв орон сууц зэрэг 12 үл хөдлөх хөрөнгө байна. Харин нягтлан Ц.Ундармаагийн нэр дээр Баянгол дүүрэгт 29 мкв орон сууц, Хан-Уул дүүрэгт үйлчилгээний 232.6 мкв талбай, үйлчилгээний 113.7 мкв талбай, 31.28 мкв орон сууц бүртгэлтэй байна.

Ер нь Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж буй АТГ, ЭЦА-ны ажлын хэсгийнхэн зээл хэрхэн олгогдсон, хэн хэн гүйцэтгэсэн, хэн гэдэг хүмүүс нөлөөлсөн, ямар хэмжээний авлига наашаа цаашаа “гүйсэн” бэ гэдгийг үндсэндээ тогтоочихоод байгаа юм. Энэ хэрэг ч мөн ялгаагүй.

Хууль хяналтын байгууллагынхан “Пирамид орд” ХХК-ийн арилжааны банкууд дахь 13 дансыг царцаажээ. Мөн хөдлөх долоо, үл хөдлөх 28, нийт 35 хөрөнгөнд хязгаарлалт тогтоосон гэх мэдээлэл байна. Үл хөдлөх хөрөнгө дунд нь 300 айлын дөрвөн блок 16 давхар орон сууц байгаа аж.

За, ямар ч байсан “Пирамид орд” ХХК-ийн зээлтэй холбоотой ухаад үзэхээр эхний ээлжинд Х.Баттулга, Г.Байгальмаа, Ж.Эрдэнэбат, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, ШЕЗ-ийн гишүүн асан Д.Дамдин-Од, НШШГГ-ын дарга асан Р.Энхтайван, Д.Энх-Эрдэнэ зэрэг хүмүүсийн нэр гарч ирж байна. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636812
1 эможи

Зочин
2022-05-10 09:59
Ялтан Эрдэнээгийн нийгмийн даатгалыг цөлмөсөн хэргийг нийтлэж өгнө үү
keyboard_arrow_up