Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар энэ сарын 10-13-нд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана.
Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.