Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад хийх айлчлалаа эхлүүлж, Анкара хотноо очжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын /БНТУ/ Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн очжээ.
Ерөнхийлөгч, түүний гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд БНТУ-ын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтсан байна.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байгаа юм.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн.
Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ЕТГ
|