Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа

2014 оны 8 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зочилж, Холбооны Аюулгүй байдлын албаны /ХАБА/ Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа. Тамгын газрын дарга П.Цагаан, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав болон албаны бусад хүмүүсийг халуун дотноор угтан авлаа.

Угтан авсан хүмүүсийн дунд ОХУ-ын ХАБА-ны Буриад Улсын Хилийн удирдах газрын дарга, хошууч генерал И.В.Бондарев, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-аас Монголын Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев, ОХУ-ын ХАБА-ны байгууллагуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Г.В.Соленков тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 90 дугаар тоот зарлигийг “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тус тус тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албыг Цэргийн гавъяаны одонгоор шагнасугай” хэмээн уншиж танилцуулснаар одонг гардууллаа.

Мөн ОХУ-ын Буриадын Засгийн газрын дарга В.В.Наговицын хэлсэн үгэндээ “Энэхүү шагнал нь зөвхөн манай хилчдийн хувьд төдийгүй хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл явдал боллоо. Хиагтын албаны түүхэнд гадаадын улс орноос ийм хүндтэй одон гардаж авч байгаагүй билээ” хэмээн тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр хилчид, орон нутгийн удирдлага хэлсэн үгэндээ хоёр орон дайны хүнд бэрх жилүүдэд харилцан бие биедээ тусалж, түүхийн шалгарлыг даван туулсаар ирснийг дурдаж байлаа. Тухайлбал Халхын голын дайнд ЗХУ 50 гаруй мянган цэрэг илгээсэн ба үүний 16 мянга нь буриад цэргүүд байсан, мөн Дэлхийн II дайны үед Монгол 500 мянган морь болон их хэмжээний хувцас, хэрэгсэл ЗХУ-д илгээж байсныг дурсан санав. Түүнчлэн дайны дараах жилүүдэд ЗХУ нь Монголын бүтээн байгуулалт, боловсрол, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт асар их хувь нэмэр оруулсан, үүнийг бидний хойч үе мартах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцоллоо. Хиагтын хилчид хөрш орнуудыг хөндийрүүлэн тусгаарлах бус харин хоёр орны ард иргэдийн эв нэгдлийг улам бүр батжуулсаар ирснийг хилийн цэргийн удирдлагууд сайшаав. 

Одон гардуулах ёслолын дараа танхимд цугларсан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сэтгүүлчид уг арга хэмжээг хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой, хоёр орны хилчдийн урам зоригийг бадраасан үйл явдал болж буйг дурдаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд визгүй зорчих гэрээ хэлэлцээр байгуулах эсэх талаар асуув. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариуд нь Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлыг шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Хиагт хотыг Орос, Монголын найрамдлыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсных нь төлөө 1973 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Ингэснээр тус хот нь гадаадын төрийн дээд шагнал хүртсэн дэлхийн анхны хот болсон түүхтэй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6837
0 эможи
keyboard_arrow_up