Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдорж:Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсон

2014 оны 9 сарын 12

Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Эрхэмсэг ноён Си Зиньпин,

Хатагтай, ноёд оо, 

Монгол Улсын санаачлагаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

 

Энэ завшааныг ашиглан Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа саяхан  Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин Танд, ажлын айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.  

Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ 8, 9 дүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Өнөөдөр бид харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын тухай ярилцахаар энд цуглаад байна.

Гурван улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийж байх тухай Монгол Улсын санал дараахь хүчин зүйлтэй холбоотой юм.

Нэг. Монгол Улс нь, ОХУ, БНХАУ- тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бодлогыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл гэж үздэг. Урт хилээр холбогдсон хөрш орнуудын хувьд манай гурван улсын хооронд гурван талаараа зөвшилцөж шийдвэрлэх, гол нь дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой асуудлууд байдаг.

Хоёр. Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм. Мөн зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой орон юм.

Гурав. Монгол Улс нь өөрийгөө, ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм.

Эдгээр хүчин зүйлийг үндэслэн тус гурван улсын дээд хэмжээний уулзалтын зарчмыг Монгол Улс дараахь байдлаар томъёолж байгаа юм.

  1. Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, 3 жил тутамд хийж байх.
  2. Энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй, гурван улсын хамтын ажиллагааны нийтлэг зарчимд нийцэж байх.
  3. Уг уулзалтаар талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх.

Энэхүү саналаа би БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путин нарыг саяхан манай улсад айлчлах үеэр мөн дэвшүүлж ярилцсан. Өнөөдөр энэхүү санаачлагын талааар ярилцах боломж гарч манай хоёр хөршийн төрийн тэргүүн болон албаны хүмүүс энэ хүндэт танхимд хүрэлцэн ирсэнд дахин гүн талархлаа илэрхийлье.

Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын хувьд дараах гурван асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрэхийг гол зорилгоо болгож байна.

Нэгдүгээрт: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын талаарх дээр миний хэлсэн үндсэн зарчмын тухай харилцан санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэх,

Хоёрдугаарт: Си Зиньпин дарга, В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх. Мөн ийм ажлын хэсгийн уулзалтыг “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих  асуудлыг судлах зорилгоор Улаанбаатарт хийж болох юм.

Гуравдугаарт:  Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг Эрхэмсэг дарга Си Зиньпин, Эрхэмсэг Ерөнхийлөгч В.В.Путин нараас хүсэж байна. Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг бид мөн дэвшүүлж байна. 

Ингээд манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний анхны албан уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

 Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8583
0 эможи
keyboard_arrow_up