Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдорж: Газар, тариалангийн бүс нутаг манай эдийн засаг, стратегийн онцгой бүс болох ёстой

2014 оны 9 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-15-нд Сэлэнгэ аймгийн Баянгол, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад ажиллаж газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн байдалтай танилцсан юм. Төрийн тэргүүн энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулж ярилцлага өгөв.

 

-Үр тарианы урамшууллын талаар газар тариалан эрхлэгчид болон салбарын яам хоорондоо зөрүүтэй байр суурьтай байгаа нь харагдлаа. Үүнийг яаж зохицуулж болох вэ?

- Үр тарианы урамшууллын асуудал дээр урт хугацааны шийдэл гэвэл нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэдэг нь одоо тариад байгаа тариагаа бүрэн хурааж авах хэрэгтэй. Цаашдаа нэг га-гаас авах ургацаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Аль ч оронд тариаланч, ногоочдод тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Монголын хувьд энэ дэмжлэг нь ямар байх вэ гэдгийг зөв тодорхойлж авч явах хэрэгтэй. Дэмжлэгийнхээ механизмыг тодорхойлоод явж байгаа арга манайд бий. Үүний болж байгааг үргэлжлүүлээд, нэмэх шаардлагатайг нь нэмээд цаашаа явах хэрэгтэй. Үүн дээр гурван тал бий. Тариаланчид байна. Тариаг нь авч боловсруулаад гурил үйлдвэрлэгчид байна. Нийтийн эрх ашгийг хамгаалах төр байна. Энэ гурав сууж байгаад ярилцаад нэгдсэн шийдэлд хүрэх л хэрэгтэй. Нэг юм уу, хоёр талаараа нийлж асуудлыг шийдвэл гуравдагч талдаа үл ойлголцол үүсгээд байх шиг байгаа юм. Миний бодол бол аль аль талын үндэслэлийг сонсоод, хамтарч ажиллаад, нэгдсэн шийдэлд хүрэх боломжтой. Энэ санааг Засгийн газар, яам хэрэгжүүлээд цаашаа явах байх гэж найдаж байна. Одоо бидэнд тулгамдаж байгаа зүйл бол ургуулсан тариагаа л хяруунд цохиулалгүй хурааж авах асуудал юм.

-Монголын эдийн засагт уул уурхай голлох байр суурь эзэлдэг. Та бол газар тариалан, хөдөө аж ахуйн салбар мөн тэргүүлэх чиглэлтэй байж болно гэсэн. Энэ талаараа тодруулж хэлнэ үү?

-Монголын эдийн засаг өнөөдөр хэт нэг салбараас хамааралтай байна. Уул уурхайн салбар өөрөө дутагдалтай. Баялгийг жил жилд ашигласаар байгаад дуусна. Хүртээмж нь бага хүрээтэй. Би “Гацуурт” ХХК-ийн нэг чиглэлийг дэмжиж харж байна. Энэ бол алтны олборлолт хийдэг компани. Тэгэхэд нөгөө талдаа хүнсний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь их зөв хослол юм. Бид уул уурхай руу орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд, тэндээс гарч байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл болгож хувиргахад заавал оролцдог, хөрөнгө оруулалт хийдэг, хамтардаг чиглэл рүү явбал их сайн гэж үзэж байгаа. Ийм компаниудыг дэмжих ёстой. Аливаа улс хөгжихийн тулд давуу талаа ярьдаг. Монгол бол нэг хүнд ногдох газраараа хамгийн баян. Нэг хүнд ногдох малын тоо байна. Тэгэхээр газрын баялаг, малын үржил шим, хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ бүтээмжийг дэмжих юм бол зөвхөн дотроо хүнсний асуудлаа шийдээд амьдралаа болгоод, хүн бүрийн орлого нэмэгдээд явахаас гадна бусад зах зээл рүү гаргах нөхцөл боломж бүрэлдэж гарч ирнэ.

Монголд уул уурхайгаас шилжих, дэмжих ёстой салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Эхний ийм амжилт байгааг бид Сэлэнгэд ажиллахдаа харлаа. Дотоодын ургамлын тосны хэрэгцээг хангах хэмжээнийүйлдвэр бий болж байгаа нь маш сайн. Цаашдаа бусад зах зээлд гаргах боломж байна. Монгол өөрийн боломжоо л дайчилж ажиллах хэрэгтэй. Төрийн зүгээс үүнийг ойлголцуулж, замыг нь нээж өгье.

-Та хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн шинэ эринг эхлүүлэх цаг ирлээ гэж хэлж байсан. Шинэ эрин гэж юуг хэлэх вэ?

-Монголчууд малаа бэлчээрийн уламжлалт аргаар цаашид ч эрхлэх нь тодорхой. Харин газар, тариалангийн бүсд хөдөө аж ахуйн хөгжлийн шинэ эринг эхлүүлэх цаг ирээд байгаа юм. Дэлхий даяар газар тариалангийн салбар нь эрчимжсэн мах, сүүний аж ахуйн тэжээлийг давхар бэлтгэх бааз суурь болж өөрчлөгдөж байна. Газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай зохицуулж хөгжүүлэх нь дэлхийн чиг хандлага болоод байна. Газар, тариалангийн бүс нутаг манай эдийн засаг, стратегийн онцгой бүс болох ёстой. Цаашдаа Монголын газар тариалан-эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй хоёр хөршөөрөө дамжаад дэлхийн зах зээлд ч гарах боломжтой. Үүнийг л хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн шинэ эринг эхлүүлэх цаг ирлээ гэж хэлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8829
0 эможи
keyboard_arrow_up