Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв

2014 оны 9 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа.

Хэлэлцүүлгийг нээж зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Түрүүчийн долоо хоногт Засгийн газраар уг төслийг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан нь Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.

Монгол Улсын эдийн засгийн одоогийн загвар нь өнөөдөр тавигдаж байгаа шаардлагыг хангах боломжгүй болсон байна. Мөнгөний нийлүүлэлт, төсвийн зарлага, импорт гэсэн гурван үзүүлэлтээр авч үзвэл Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийг хэчнээн хэмжээгээр ихэсгэнэ, улсын төсөв хэчнээн хэмжээний зарлага гаргана, тэр хэмжээгээр эрэлт хэрэгцээ ихэсдэг. Эрэлт хэрэгцээ нь импортыг өсгөдөг. Ийм л загвараар явж ирлээ.

2009 оны эхээр улсын хэмжээнд мөнгөний нийлүүлэлт  1,7 их наяд төгрөг байсан. Харин 2014 оны долдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийг үзэхэд 8,4 их наяд төгрөг болсон байна. Тавхан жилийн дотор нийлүүлсэн мөнгөний хэмжээ 500 хувиар, тав дахин нэмэгдсэн. Ийм мөнгөний бодлого явж байна. Сүүлийн жилүүдэд ингэж Төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаагийн зэрэгцээ төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч, энэ хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж ирсэн. 2012 онд төсвийн орлого 2011 оныхоос хоёр дахин өссөн. Эндээс Монгол Улс ямар нэгэн хуримтлал, төсвийн хэмнэлт хийгээгүй. Орж ирсэн орлогыг бүгдийг зарлага болгож хувиргасан. Энэ нь үнэ, инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд хүргэх, эдийн засгийг “хөөсрүүлэх” аюулын үүд үргэлж нээлттэй байна гэсэн үг юм.

Макро эдийн засгийн ойлголтоор бол нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ нь эдийн засгийн өсөлтийн хэмжээтэй тэнцүү явж байж тэнцвэр хангадаг. Тэгвэл 2009-2014 онд таван жилийн дотор эдийн засаг 500 хувь өссөн үү гэсэн асуулт гарч ирнэ. Тэгж өсөөгүй. Мөнгөний нийлүүлэлт хэт их явж ирсэн. Монголбанкны мөнгөний бодлогыг зохицуулдаг гол арга хэрэгсэл нь бодлогын хүү байдаг. Түүнийгээ нэмэх, бууруулах замаар мөнгөний урсгалыг зохицуулах гэдэг.

Эдийн засгийн хувьд шинэ механизм бол баялгийн сангаар дамжиж макро эдийн засгийн шинэ загвар, макро эдийн засгийн удирдлагын шинэ бодлого хэрэгжүүлж болох юм гэж үзэж байгаа юм. Гол санаа нь гэвэл уул уурхайн баялгаас төсөвт орж ирж байгаа орлогын зарим хэсгийг тусгайлан хуримтлал болгож хадгалан сан үүсгээд Монголбанкинд байршуулж, түүгээр валют худалдан авч гадагш хөрөнгө оруурлах, байршуулах байдлаар арвижуулах бодлого юм.

Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж ирсэн. Монгол Улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгох, эрдэс баялгийн орлогоос хуримтлал үүсгэх эрүүл хөрс суурийг бүрдүүлэх үүднээс 2015-2017 оныг дуустал хугацаанд Хүний хөгжил сангийн одоогийн орлого, зарлага, өр төлбөрийг улсын төсөвт нэгтгэх, улмаар 2018 оноос буюу өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа тус сангийн эх үүсвэрээр олон улсын жишигт нийцсэн баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцож хуулийн төсөл боловсрууллаа.

Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх явцад уул уурхайн салбарт ямар нэгэн хэлбэрээр Татварын хуульд өөрчлөлт орж, улсад төлөх татварын хэмжээ нэмэгдвэл уг нэмэгдсэн орлогын 50 хувийг Баялгийн сангийн нэмэгдэл эх үүсвэр болгож авах юм. Мөн 2017 оныг суурь он болгож, 2017 оноос хойш Хүний хөгжлийн сан болон сая хэлсэн орлогоос нэмэгдэж, уул уурхайн салбараас тухайн жилд төсөвт орох орлогын 20 хувийг Баялгийн санд оруулъя гэж үзсэн. Хүний хөгжлийн сангаар авч үзвэл жилд 500 тэрбум төгрөг хуримтлалд оруулах бололцоотой. Ийм хэмжээгээр төсвийн зарлага буурах боломжтой.

Энэ хэмжээний мөнгийг тусгаарлаж,Монголбанкинд дансанд хадгална гэдэг нь эдийн засгаас 500 тэрбум төгрөгийг татаж, мөнгөний бодлогод нэмэр болно гэсэн үг. Жил бүр энэ мөнгө нэмэгдэнэ гэж тооцохоор Монгол Улсын валютын цэвэр нөөц нэмэгдэнэ.

Баялгийн сангийн тогтолцоо хуульчлагдан үйлчилж эхэлснээр Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болох юм. Хүний хөгжлийн сан нь тухайн үед тавигдсан зорилтоо биелүүлсэн.  Энэ агуулгаараа Баялгийн сан нь Хүний хөгжлийн санг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат хэмээн дүгнэж болох юм.

Энэхүү зорилгоор Монгол Улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгох, эрдэс баялгийн орлогоос хуримтлал үүсгэх эрүүл хөрс суурийг бүрдүүлэх үүднээс 2015-2017 оныг дуустал хугацаанд Хүний хөгжил сангийн одоогийн орлого, зарлага, өр төлбөрийг улсын төсөвт нэгтгэх, улмаар 2018 оноос буюу өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа тус сангийн эх үүсвэрээр олон улсын жишигт нийцсэн баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцож хуулийн төслийг боловсрууллаа.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа одоогийн Хүний хөгжил санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед тус сангийн орлогыг шинээр байгуулагдах баялгийн санд хуримтлуулахаар тусгасан.

Дэлхийн 40 гаруй оронд Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо байдаг. Нийтлэг нэр томъёо нь Баялгийн сан гэж нэрлэгддэг. Улс болгон Баялгийн сандаа оноосон нэр өгдөг. Монгол Улсын хувьд Баялгийн сандаа Ирээдүйн өв сан гэсэн оноосон нэр өгч байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8942
0 эможи
keyboard_arrow_up