Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

В.Бэгз: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр 2015 оноос хэрэгжинэ

2014 оны 10 сарын 21

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгзтэй 2014 онд хийх буй ажлын явцын талаар ярилцаж, мэдээлэл авсан юм.

 


2014 онд дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст хэрэгжиж буй томоохон ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Энэ жилийн хүрээнд манай хэлтэс  нийт 63 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, одоогийн байдлаар 49 арга хэмжээ нь бүрэн хэрэгжиж, зургаа нь хэрэгжих шатандаа явагдаж, долоо нь хэрэгжих хугацаа нь арай болоогүй явж байна. Харин нэг ажил хугацаандаа хэрэгжиж чадаагүй үлдсэн. Төлөвлөгөөний биелэлт 80 гаруй хувьтай явж байна.
Одоогийн байдлаар хариуцсан салбарын чиглэлээр бид 18 удаа сургалт, уулзалт, зөвөлгөөнийг зохион байгуулаад байна. Давхардсан тоогоор арга хэмжээнд нийтдээ 1530 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний чиглэлээр нийтдээ 15 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, 320 гаруй аж ахуй нэгж байгууллагууд хамрагдсан. Эдгээр байгууллагуудад хэлтсийн зүгээс мэргэжил, арга зүйн үүрэг даалгавар өгч ажилласан.
Хүнсний хангамжийн чиглэлээр ямар ажлууд хийгдээд явж байгаа вэ?
Дүүргийн зүгээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үндсэн дээр нөөцийн махны арга хэмжээг “Баатрууд тэнгэр” ХХК-тай хамтран зохион байгуулсан. Энэ хүрээнд 39 дэлгүүрээр зургаан сарын турш  670 орчим тонн махыг худалдсан байна. Энэ жилийн Цагаан сарын өмнө болон дараа нь нийт 15 удаа нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан.
Үүний зэрэгцээ гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, хангамжийг нэмэгдүүлэх үүднээс “Саран -Уул” ХХК-тай хамтран  махны төрөлжсөн дэлгүүр байгуулж ажиллууллаа. Дээрх хоёр компани нь махыг зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр хямд зарсан нь дүүргийн иргэдээс өндөр үнэлэлт авсан ажлуудын нэг болсон. Мөн дүүргийн иргэн н.Болдтой хамтарч Монгол хөрсөнд ургасан хүнсний ногооны худалдааг Жаргалант үйлчилгээний төв дээр зохион байгуулсан байгаа. Дээрх хоёр дэлгүүр нь мах, ногоог зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр хямд зарсан нь дүүргийн иргэдээс өндөр үнэлэлт авсан ажлуудын нэг болсон.
Мөн бид Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн Шилин хотын ажил мэргэжлийн дээд сургууль дээр  “Эрчимжсэн мал аж ахуй ба мал эмнэлгийн үйлчилгээ” гэсэн сургалтанд 14-р хорооны 3 фермерийг хамрууллаа. Энэ ажил нь мал аж ахуй эрхлэгчдийг дэмжсэн, туршлага судлах томоохон ажил болсон юм.
Дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажлын нэг чиглэл нь Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ байдаг. Энэ тал дээр хийгдэж байгаа ямар ажлууд байна вэ?
Өнгөрсөн хавар ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр ЖДҮ эрхлэгчдийн дүүргийн зөвлөгөөнийг дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэс, ЖДҮ-ийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулсан. Тус зөвөлгөөнд 300 гаруй иргэн, аж ахуйн төлөөлөл оролцсон. Энэ зөвөлгөөнөөс хийгдсэн нэг томоохон ажил бол дүүрэгт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцүүлсэн юм. Уг хэлэлцүүлэг дээр ЖДҮ эрхлэгчдийн саналыг нээлттэй тусгаж, дүүргийн ИТХ-ын даргаар батлуулан дэд хөтөлбөрүүдийг хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн ЖДҮ –ийг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй болсон гэсэн үг. Уг хөтөлбөрийн ажил 2015 оноос төсөв нь суугдаад, хэрэгжээд эхлэх үндэс нь тавигдсан гэж хэлж болно.
Үүнэээс гадна бид Солонгос улсын ЖДҮ-ийг дэмжих холбооны Монгол дахь суурин төлөөлөлтэй хамтраад Монгол-Солонгосын шилдэг  бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг ЗДТГ-тай хамтран 5 сарын 9-12-ны өдрүүдэд Мишээл экспо төв дээр амжилттай зохион байгуулсан. Уг үзэсгэлэнд Солонгосын талаас 40 орчим компани, Монголын талаас 20 гаруй компани оролцсон. Тус үзэсгэлэнг зохион байгуулснаараа талууд хоорондоо туршлага солилцох, гадаад харилцаагаа сайжруулах, техник технологитой нь танилцах, Солонгосын талаас Монголын талд хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг олон талын боломж, нөхцлийг бүрдүүлсэн ажил болсон юм.
Энэ жил манай дүүрэгт нэг тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих чиглэл дээр төсөвлөгдсөн. Энэхүү төслийн хүрээнд  иргэдээс нийт 70 гаруй төсөл ирж,  24 төсөл шалгаруулаад зээл олгохыг нь дэмжин банкинд шилжүүлсэн байгаа. Эдгээр 24 төслөөс 10 гаруй нь эхнээсээ зээлээ авч эхлээд байна. Дээрх ажлууд өнгөрсөн есөн сард зохион байгуулагдсан.
Дүүргээ олон нийтэд сурталчилах, аялал жуулчлалын  хөгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Бид аялал жуулчлалын чиглэлээр өнгөрсөн цагаан сарын шинийн гурванд Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээрх Туул голын хөвөөн дээр “Улаанбаатарын Мөнгөн өвөл” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын байгууллагын ажилчид зохион байгуулж, Монголын цагаан сарыг сонирхохоор ирсэн гадаадын зочид зэрэг хүрэлцэн ирж сонирхсон юм. Уг арга хэмжээний үеэр манай Худалдаа, үйлчилгээний хэлтсээс жуулчдад зориулсан халуун хоол, аарц, чацаргана, цай зэрэг хоолны 5 цэгээр үйлчилж, Монгол хувцас, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаануудыг гаргаж, 6 цэгээр үйлчилж амжилттай зохион байгуулсан байгаа. Энэ нь дүүргээ гадаадын иргэдэд сурталчилсан сайхан ажил болж өнгөрсөн.
Үүнээс гадна өнгөрсөн 5-р сард нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар” гэсэн ажил мэргэжлийн уралдааныг Мишээл Экспод зохион байгуулсан юм. Энэ уралдаан тэмцээнд өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа дөрвөн газрыг уралдаанд оролцуулсан. Мөн тэнд дүүргийн аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ хариуцсан гурван мэргэжилтэнг ажиллуулж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компани, байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, жуулчдыг татаж болох газруудын мэдээлэл, тараах материалыг иргэдэд сурталчилах зэрэг ажлуудыг зохион байгуулсан.  
Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10444
0 эможи
keyboard_arrow_up