Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

В.БЭГЗ: 2014 онд ХУД-т худалдаа үйлчилгээг зохицуулах 19 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг байгууллаа

2014 оны 10 сарын 24

Хан-Уул дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгзтэй худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар тодорхой мэдээлэл авч ярилцлаа.
Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамт олон нийтийн хоолны чиглэл дээр ямар ажлуудыг эхлүүлээд байгаа талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Энэ жил манай хэлтэс худалдаа, нийтийн хоолны чиглэлээр нилээдгүй ажил хийсэн. Ялангуяа Нийслэлийн ИТХ-ын 2014 онд батлагдсан. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг ажлыг 2014 оны нэг сараас эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд шат дараатай олон ажлуудыг хийлээ.
Нэгдүгээрт бид Хан-Уул дүүрэгт худалдаа үйлчилгээг зохицуулах 19 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг байгуулсан юм. Уг зөвлөлийн ажиллах дүрмийг хурлаар ярилцаж, Засаг даргаар батлуулсан. Мөн энэ журам гарсантай холбогдуулан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 500 орчим хүнийг хамрууллаа. Сургалтанд хамрагдаагүй байгууллагуудад худалдаа, үйлчилгээтэй холбоотой  мэдээллийг тараасан байгаа.
Энэ жил танай хэлтэс дүүргийн хэмжээнд согтууруулах ундаа зардаг дэлгүүр, цэгүүдэд шалгалт хийсэн гэж байсан.  Энэ талаар та нэмэлт мэдээлэл өгвөл?
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуй нэгж, байгууллагын атестиатчилалыг зохион байгууллаа. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын нөхцөл, орчны тохижилт, гэрэлтүүлэг, өнгө үзэмж, фасаданд бид зохих шаардлага тавьж ажилласан юм. Бид худалдааны дөрвөн газар, нийтийн хоолны арван газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг ажлын албанд хүргүүлсэн. Явган зорчигч нарын чөлөөтэй зорчих эрхийг нь хангах зорилгоор зам талбайд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийг чөлөөлөх ажлыг мэргэжлийн хяналт, цагдаа, хороодуудтай хамтарч зохион байгуулсан. Манай дүүргийн хэмжээнд ил задгай худалдааны асуудал ихээхэн хэл ам татаж, гомдол чирэгдэл үүсгэдэг асуудал тул эхнээс нь цэгцлээд явж байна. Гэхдээ бусад дүүргүүдийг бодвол манай дүүрэг харьцангуй асуудал нь бага байдаг.
Худалдаа, ахуйн үйлчилгээний чиглэлд хийгдэж буй ажлын явц хэр байгаа вэ?
Бид ахуйн үйлчилгээний тал дээр энэ жил алт, мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд Стандарт хэмжил зүйн газартай хамтарч стандартын шалгалтыг хийсэн. Мөн ахуй үйлчилгээ эрхлэгч иргэдтэй 60 гаруй иргэдийг хамруулсан уулзалт зохион байгуулсан. Мөн ахуй үйлчилгээ эрхлэгчдэд ёс зүй, харьцааны хандлагыг сайжруулах зорилгоор мэргэжлийн сургалтын төвөөс хоёр багшийг авчирч сургалт явуулсан байгаа. Мөн мэргэжлийн сургалт үйлчилгээний багш нараас үсчин, гоо заслын багш урьж авчран үсчидэд хичээл заалгасан. Энэ 10 дугаар сард  Хан-Уул дүүргийн үсчин, гоо засалчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэ жил шүлхий, боом зэрэг өвчинүүд гарсан. Танай хэлтсээс ямар арга хэмжээ авсан бэ?
Мал аж ахуйн тал дээр өнгөрсөн хавар манай зүүн зүгийн нутгаас шүлхий өвчин гарсан. Үүнийг нийслэлд оруулж ирэхгүй байх талаар ажлууд хийгдсэн. Үүнд Хан-Уул дүүргийн 800 гаруй айл өрхөд хамаарагддаг 31000 малыг бүрэн вакцинжуулах ажилд хамруулсан. Энэ ажилд дүүргээс 15 сая төгрөг гаргаж, 60 гаруй хүн 16 техник сар гаруйн хугацаанд  ажилласан.  Саяхан манай дүүргийн 13-р хороо Хүйтний хонхор гэдэг газарт хүн амын гоц халдварт боом өвчин илэрч дүүргийн Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон, 10 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб гарч, хорио цээрийн хамгаалалтын таван пост, ариутгалын нэг пост гаргаж ажилласан. Үүнд 47 албан хаагч 48 цагийн турш ажиллаж, дүүргийн Засаг дарга 30 орчим сая төгрөгийг баталж төсөвлөсөн.
ХУД-ийн нутаг дэвсгэр дээр мал аж ахуй эрхлэдэг иргэд байдаг. Тэдний үйл ажиллагааг дэмжих тал дээр ямар ажлууд хийгддэг вэ?
Өнгөрсөн жил бид дүүргийн гахай, шувууний фермерүүдтэй гурван хоногийн уулзалтыг зохион байгуулсан. Үүнээс гадна мал эмнэлгийн үйлчилгээний талаар хэд хэдэн гомдол санал ирсний дагуу дүүргийн хэмжээнд байдаг гурван мал эмнэлгийн тайланг нь шалгаж,  үйлчилгээ нь хэр хүртээмжтэй байгаа талаар малчид, иргэдийн саналыг авч, тухайн хороодын санал хүсэлтийг сонсож, мэдээлэлтэй нь танилцсан. Мөн дээрх мал эмнэлэгүүдийн  багаж, тоног төхөөрөмж, хүний нөөц, боловсон хүчин болон яаралтай үед хэрэглэх эм тарианд үзлэг хийсэн. Энэ ажлын хүрээнд мал эмнэлгийн дарга нартай гэрээ байгуулж ажилласан.
Бусад дүүргийг бодвол танай дүүрэг газар тариалан эрхэлдэг иргэд олон байдаг. Энэ тал дээр ямар ажлууд хийгдээд явж байна?
Манай дүүргийн хувьд төмс, хүнсний ногоо тариаланчид их байдаг учраас энэ тал дээр хэд хэдэн ажлуудыг хийгээд явж байгаа. Тухайлбал “Газар тариалангийн үйлдвэрлэл-2014” хурал зөвөлгөөнийг зохион байгуулж, 300 гаруй иргэдийн хамруулсан. Энэ зөвөлгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, “Адра Монгол” ХХК-тай хамтран төмс, хүнсний ногооны төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг дээр гарын үсэг зурсан. Дээрх зөвөлгөөнд ирсэн хүмүүстээ нийслэлийн хөдөө аж ахуйн газраас 10 гаруй нэр төрлийн үрийг өгсөн.
Манай дүүргийн 13-р хороо, шувуун фабрикын чиглэлд газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих боломжтой байгаа.  Газар тариаланг хөгжүүлэх ажил бол манай дүүргийн хувьд нилээд дээгүүрт тавигддаг ажил. Тийм ч учраас бид Солонгосын Хаман сумтай санамж бичгийн хүрээнд санал солилцож ажилладаг. Өнгөрсөн жил манай дүүргийн газар тариалан эрхэлдэг 10 гаруй аж ахуй нэгжийн удирдлага, инженер нар Солонгос улсад  очиж, туршлага судалж, сургалтанд хамрагдсан. Дараа нь Хаман сумаас фермерүүд ирж манайд талбайн ба онолын сургалт явуулж, арга зүйн зөвөлгөөг өгч туслалцаа үзүүлсэн. Уг сургалт нь тариалангийн газар дээр очиж, сургалтанд хамрагдсан хүмүүстээ зөвөлгөө өгч, мэргэшүүлээд явж байна. Энэ ажил нь хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Мөн газар тариалан эрхлэгчдийн хувьд өвлийн хүлэмж их хэрэгтэй байдаг. Бид энэ тал дээр анхаарч, Хөх хотын өвлийн хүлэмжтэй таницах аялалыг Хан-Уул дүүргийн есөн аж ахуй, нэгж төлөөллийг явуулсан байгаа. Эдгээр хүмүүс тодорхой хэмжээгээр өвлийн хүлэмж барьж жимс ногоо тариалах, үр үрсэлгээгээ суулгах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх гэж бодож байна.
Үүнээс гадна Адра олон улсын байгууллагын “Өрхийн тогтвортой тариалан” төсөлд дөрвөн хорооны 220 өрх хамрагдан ажиллаж байна. Мөн “Каритас Монгол” ХХК-аас хэрэгжүүлж байгаа төсөлд гурван хорооны 60 гаруй иргэн хамрагдаж байна. Ажилгүй хүмүүсээ өрхийн тариалан эрхэлдэг болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсээр эхний ээлжинд дүүргийн иргэдийг хангах, цаашдаа Улаанбаатар хотын зохих хэрэгцээг хангах нь бидны зорилт юм. Өнөөдрийн байдлаар усалгаатай тариалан, хүлэмжийн тариаланг хөгжүүлэн ажиллахыг зорьж байна. Ирэх 2015 онд бид нэг ажлыг төлөвлөж байна. Энэ нь юу вэ гэхээр Тариалан эрхлэгчдиийн бүсийг бий болгож, ирэх оны газар зохион байгуулалтанд оруулахаар ажиллаж байна. Газар тариалан эрхлэгчдийн хувьд борлуулалтын систем байдаггүй. Энэ асуудлыг бид шийдвэрлэхийн тулд хүнсний ногоог хүссэн газарт нь худалдаалах эрхийг олгодог. Өөр нэг хүндрэлтэй асуудал нь агуулах зоорьны хүрэлцээ муу. Үүнийг шийдвэрлэх зорилгоор агуулах зоорь барьж байгаа төсөл хөтөлбөрийг дэмжих, судлах ажлыг хийж байна.
Танай хэлтсээс хариуцан ажилладаг бусад чиглэлийн талаар танилцуулбал?
Манай худалдаа үйлчилгээний хэлтэс таван хүний бүрэлдэхүүнтэй, иргэдэд өдөрт 10 орчим үйлчилгээг үзүүлдэг. Үүнд тамхи худалдаалах зөвшөөрлийг манай хэлтэсээс олгодог. Хамтран ажиллах, гэрээг боловсруулах, хөнгөлттэй зээл, төсөлд холбож өгөх, худалдаа үйлчилгээ шинээр эрхлэх гэж  байгаа аж ахуй нэгжид зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг байгууллагуудтай хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулж ажилладаг, зөвөлгөө өгөх, төрийн болон салбарын, нийслэл, дүүргээс олгодог шагналд худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа албан байгууллагуудын тодорхойлолт өгөх, Хан-Уул дүүрэгт амьдардаг иргэдээс өргөдөл гомдол, саналыг хүлээж авах тал дээр ажиллаж, гомдлыг арилгах тал дээр анхаардаг.Өнгөрсөн жилээс хонь, тэмээний ноос үйлдвэрлэдэг иргэдтэй хамтарч ажиллаж байна.
Иргэдээс ирсэн санал, гомдлыг хэр шуурхай шийдвэрлэж байна вэ?
Бид санал, гомдлоо нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авдаг. Оны эхний 9 сарын байдлаар Иргэдээс 760 гаруй өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн. Нийслэл, хороо бусад холбогдох дээд байгууллагуудаас 130 орчим албан бичиг ирсэнийг шийдвэрлэсэн. Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй талаас нь хурдан шуурхай шийдэхийг хичээж ажиллаж байна.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10676
0 эможи
keyboard_arrow_up