Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр “Нэхмэлийн шар”-ын асуудлаар Хэн, Юу хэлэв?

2014 оны 11 сарын 12

Нийслэлийн засаг даргын захирамжаар Хан-уул дүүргийн II, III дугаар хорооны  “Нэхмэлийн” шар байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон билээ. Харин хуучин барилгуудыг нурааж, дахин шинэ байр барих барилгын ажлыг гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулах ажлын талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүрч, багагүй маргаан дагуулсан. Харин энэ асуудлыг нэг мөр болгохоор өнөөдөр дүүргийн Соёлын ордонд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитекторч Н.Нацагдорж нар оршин суугчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсон, нэгдсэн нэг зөвшилцөлд хүрч чадсан юм. Нэхмэлийн шар байрны оршин суугчид чөлөөтэй асуулт асууж, нэгдсэн нэг ойлголтонд хүрч чадсан нь өнөөдрийн уулзалтын гол үр дүн байсан юм.

 

 

Нийслэл болон дүүргийн удирдлагууд оршин суугчидтай хийсэн уулзалтанд ямар байр суурь илэрхийлж, Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Гурван сарын дотор тохиролцоонд хүрч чадахгүй бол дахиад өөр барилгын компани  сонгох болно

Энэ дахин төлөвлөлттэй холбоотой буруу ташаа мэдээлэл гарч, иргэд болон ажлын хэсгийн хооронд үл ойлголцох зүйл гарсан учраас  уг асуудлыг нэг мөр болгож, шийдэх гээд өнөөдөр бид та бүхний өмнө зогсож байна. Гол нь энэ асуудалд ач холбогдолтой хандах хэрэгтэй.  Энэ саналаа өгсөн найман компаниудын дунд сонгон шалгааруулалт явуулна. Гэхдээ өнөөдөр бидний санаа зовж буй зүйл бол  маргааш  гэхэд  иргэдийг маань гудамжинд гаргачих вий гэсэндээ сайн шалгаж байгаа юм.

Бүх асуудлыг иргэдээсээ асууж шийдэж байгаа шүү дээ. Энэ асуудал бол та нарын ирээдүйн хүүхдийн өв хөрөнгийн тухай, цэвэр боломжийн орчинд амьдрах тухай асуудал юм. Тэрнээс нэг өрөөгөө 2 өрөө болгох, 2 өрөөгөө 3 өрөө болгох асуудал яригдаж байгаа юм биш. Та бүхэнд ийм боломж дахиад олдохгүй. Нэхмэлийн шар байрууд бол Улаанбаатарын хамгийн үнэ цэнэтэй байршлуудын нэгэнд зүй ёсоор ордог. Иймд та бүхэн хариуцлагатай хандаарай. Бид батлагаатай барилгын компаниудыг шалгаруулна гэж байна. Үүнд хамтран ажиллах хэрэгтэй.  Хамгийн гол  нь үр хүүхэдтэйгээ сайхан байранд орох л явдал юм.

Манайхаас чанарын хяналт тавина, барилгын ажил явцтай танилцаж шахаж, шаардаж байх болно. Өөрөөр хэлбэл гурван талт гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Ер нь компаниуд нэр дэвших эрхээ л авч байна. Тэрнээс биш сонголтыг иргэд та нар хийнэ. Эцсийн шийдвэр бол оршин суугч та нарынх байх болно.

Бид одоо компаниудын ерөнхийлөн сонгохдоо санхүүгийн  чадавхи, баталгаатай эсэх, зургийн даалгавараа хийж чадах эсэхийг шалгаж, сонгож байна. Тэгэж байж оршин суугчид өөрсдөө сонгож, гэрээгээ хийх ёстой.  Хэрэв гурван сарын дотор тохиролцоонд хүрч чадахгүй бол дахиад өөр компани  сонгох болно. Эдгээр найман компаниас нэг компанийг нь шалгаруулж гэрээ хийх л хэрэгтэй. Дашрамд хэлэхэд саналаа өгсөн компаниудын нэрс дотор Орчлон Констракшн гэдэг компани байхгүй байгаа. Энэ талаар буруу мэдээлэл иргэдэд тарсан байсан. Өнөөдөр та бүхэн бодит нөхцөл байдлыг ойлгосон болохоор би засаг дарга Ж.Ганхуягт Үнэлэх ажлыг эхлүүлэхийг та бүхний өмнө үүрэг болгож байна.

Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор Н.Нацагдорж: Иргэд компанитай тохиролцоонд хүрч байж л тухайн компанийг шалгарсан гэж үзнэ

Ямар ч компани иргэдтэй тохирч уулзаж, саналаа тавих бүрэн боломжтой. Энэ бол бүрэн нээлттэй байгаа. Эхлээд энэ сонгон шалгаруулалтаар дахин төлөвлөлтөнд орсон байруудын чанарыг тодорхойлж байгаа.. Ингээд чанарын шаардлага хангахгүй байна гэсэн мэргэжлийн хяналтын акт гарсан. Ингэсний дараа хотын засаг даргын шийдвэр гараад дахин төлөвлөлтөнд хамруулсан. Өнгөрсөн жил манай дээр 150 гаруй барилга дээр чанарын дүгнэлт гарсан. Үүний эхлэл нь Хан-Уул дүүргийн 10 барилга орж байна. Одоо ирэх долоо хоногоос Баянгол дүүргийн 8 байран дээр төлөвлөлт хийгдэх гэж байна. Барилгын компаниудын хувьд эхний зарласан дүүрэг дээр олуулаа орж ирээд, шалгаруулалтаас хоцорчихлоо гэсэн яриа гараад байгаа боловч бусад дүүргүүд зарлагдаад ирэхээр хуваагдаад явчих байх. Хан-Уул дүүргийн хувьд анхны гэдэг утгаараа их боломжтой байгаа. Одоогоор 18 компанийн материал ирсэнээс 8 компани нь саналаа өгсөн байгаа.  Тус 8 компани нь журамд заасан 4 төрлийн материалаа бүрдүүлж өгсөн байгаа.

Тус компаниудыг шалгаж байгаа. Иргэдтэй очиж гэрээ хийхэд болж байна уу, санхүүгийн чадавхи ямар байна гэдгийг бид харж, харин сүүлд нь иргэдтэй хэлэлцэл хийх эрх олгож байгаа. Иргэд компанитай тохирцоонд хүрч байж л тухайн компанийг шалгарсан гэж үзнэ. Тэрнээс одоо сонгож байгаа зүйл алга байна. Бид зүгээр хэлэлцэл хийх эрхийг л өгч байна. Бүх компаниудыг оролцуулахаар та бүхэн аль компани туршлагатай, санхүүгийн чадавхитай гэдгийг сайн мэдэхгүй . Тийм учир үнэлгээний хороо сайн ажиллаж байна.

ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг:  Би иргэдийнхээ төлөө журманд өөрчлөлт оруулна

Одоо манай иргэд хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь үнэлэгээ хийлгэнэ гэж, нөгөө хэсэг нь үнэлгээ хийлгэхгүй гэж байна. Иймд өнөөдөр та бүхний саналыг сонсож байгаа юм. Өнөөдөр бид нэг асуудлыг тохирлоо шүү дээ. Юу вэ гэвэл? Бүх газруудаар үнэлгээ хийлгэхээр боллоо. Иймээс иргэд дараа нь үнэлгээ хийлгэхгүй байсан гэж яриад явж болохгүй. Одоо бүгдээрээ тохиролцоонд хүрч байгаа юм чинь одоо журмаараа  компанийг сонгон шалгаруулж үнэлэх ёстой.  Одоо бид иргэдийнхээ төлөө журманд өөрчлөлт оруулж, өөрчлөлтөөр тус компани нь ийм ийм шаардлага хангасан байх ёстой гэж зааж өгөх болно. Үүнээсээ үүдээд Ерөнхий төлөвлөгөөний газар  үнэлгээг гаргана. Иргэд та бүхний эцсийн шийдвэр орон сууцаа алдахгүй, та бүхэнд ашигтай байх учиртай. Компани таалагдахгүй бол та бүхэн гэрээ хийхгүй байж болно. Бидний сонгож авсан эдгээр найман компаниудыг сайн судлаарай.

Хамгийн чухал зүйл бол байр орон сууцаа дахин төлөвлөлтөнд оруулж буй оршин суугч, иргэд маань буцаад ямар нэгэн асуудалгүйгээр орон сууцтай болох явдал юм. Нэг компани сонгогдоод, эдгээр байруудыг нураагаад хаяад явбал сүүлд нь хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Улаанбаатар хотод маань иймэрхүү хариуцлагагүй зүйл тохиолдож байсан. Тиймээс Нэхмэлийн шарын 20 байрны 4000 гаруй иргэдийн амьдралтай нь холбоотой асуудал болохоор бид нухацтай  хандах ёстой. Үүн дээр үнэлгээний хороо сайн ажиллах шаардлагатай байгаа.    

Одоогоор ямар нэгэн компани шалгараагүй байгаа. “Орчлон констракшн” ХХК ч бай “Фүжи” ХХК  ч бай өөр одоо ямар компани байна шалгарсан зүйл огт байхгүй. Сонгон шалгаруулалтыг хийгээгүй байгаа. Иргэд энэ тал дээр туйлширч, буруу ойлгохгүй байхыг хүсье.

ИТХ-ын дарга Д.Батбилэг: Иргэдийг үнэлгээн дээрээ идэвхитэй оролцоорой гэж хүсмээр байна

Иргэдийг үнэлгээн дээрээ идэвхитэй оролцоорой гэж хүсмээр байна. Хорооны даргатайгаа сайн зөвлөлдөх хэрэгтэй. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол иргэд өөрийн гэсэн байртайгаа үлдэх нь хамгийн чухал асуудал. Иргэдийг хуурсан, хохироосон тохиолдлууд маш олон гарч байгаа учраас Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг сайн хийхийг зорьж  байна. Иргэд идэвхтэй оролцож, бодит байдлыг зөв дүгнэж, асуудалд нухацтай хандана гэж найдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11816
0 эможи
keyboard_arrow_up