Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

М.Нямсүрэн:Бид НИТХ-аас эмээлт өртөөнд "Арьс ширний үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай" шийдвэр гаргуулсан

2014 оны 11 сарын 17

Хан-Уул дүүрэг дэхь Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Сайн байна уу. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ямар  бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
МХБ нь ЗГ-ын тохируулагч агентлагын чиг үүрэгтэй бөгөөд дүүрэг дэхь Мэргэжлийн хяналтын хэлтэс нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлага дор дүүргийн Тамгын газартай нягт уялдаатай ажилладаг юм. Манай байгууллагын 43 улсын байцаагч 17 чиглэлд хяналтын  үйл ажиллагаа явуулдаг. Зохион байгуулалтын хувьд 3 тасагт хуваагддаг: - хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын тасаг -эрүүл мэнд боловсролын хяналтын тасаг-санхүү, хөдөлмөр нийгмийн хамгаалалын хяналтын тасаг. 
Мэргэжлийн хяналтын зайлшгүй хийгдэх ямар ямар шалгалт байдаг бэ?
Мэргэжлийн хяналтын байгууллага  эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг  төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн  хэлбэрээр  хийдэг. Хяналт шалгалтанд хамрагдах ёстой обьектуудыг хяналтын хуудсаар шалгаж эрслийг их, дунд, бага гэсан зэрэглэлээр тодорхойлон эрсдэл өндөртэй газруудад хяналт шалгалт хийх төлөвлөлтийг гарган өмнө оны 12 сарын 25аас өмнө нийтэд зарладаг. Төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд эрсдэл өндөртэй байгууллагууд дээр шалгалт хийх тоо харьцангуй их байдаг бол эрсдэл багатай байгууллага, аж ахуй нэгжүүдийг 4 жилд 1 удаа хяналт, шалгалт хийхээр төлөвлөдөг.
Харин төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлт, гомдолыг үндэслэн шалгалт явуулдаг. Тухайлбал, иргэдийн санал гомдлыг цахим өргөдөлийн  буюу 11-11, 12-00 болон МХГ-ын12-86 мөн  манай хэлтсийн утсаар хүлээн авахаас гадна бичгээр ирүүлсэн тохиолдлуудад төлөвлөгөөт бус хяналтыг  хийдэг. Үүнд: ажлын байрны дүгнэлт, тоног төхөөрөмжийн гэрчилгээ олголт, бүтээгдэхүүний аюулгүй байдлын  шинжилгээний дүн гэх мэтчилэн олон үйлдлүүд багтана.
Гүйцэтгэлийн хяналт гэдэг бол маш ач холбогдолтой шалгалт байдаг гэж сонссон. Та энэ талаар нэмэлт тайлбар өгвөл?
Гүйцэтгэлийн хяналт, шалгалт гэдэг нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үеэр илэрсэн  зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр  хугацаатай үүрэг даалгавар өгөгддөг.  Энэ хугацаанд хийсэн ажил зөрчлийг арилгасан тухайгаа  бидэнд эргэж мэдээлснээр  гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийдэг. Энэ бүх үйл явц бүгд бүртгэл, мэдээллийн санд байршсан байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын түүх бичигдээд явж байна гэсэн үг. Энэ бүхнээс улбаалан тухайн байгууллагын эрсдэлийн үнэлгээ өөрчлөгдөж төлөвлөгөөт хяналтын тов тодорхойлоход нөлөөлдөг.
Тухайн аж ахуйн нэгж, байгууллага хэдэн удаа шалгагдсан, хэдэн удаа төлөвлөгөөт шалгалтанд орсон байна, байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлсэн байна гэх мэтчилэнгээр ангилал үүсээд түүнээсээ хамааралтайгаар тухайн аж ахуй нэгж, байгууллагын эрсдэл үнэлэгдэж  байдаг. Тэр утгаараа байнгын тогтворжсон, стандартын шаардлагыг хангаад явж байгаа байгууллагуудын эрсдэл багасах, буурах хандлага  ажиглагдаж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хувьд Мэргэжлийн хяналтын хэлтэс хаана илүү анхаарлаа хандуулан ажиллах шаардлага гардаг бэ?
Ерөнхийдөө Хан-уул дүүрэгт Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хэлэхэд асуудалтай хэд хэдэн зүйл байдаг. Нэгдүгээрт,  арьс ширний үйлдвэрийн байрлал нь яг хүмүүсийн оршин сууж байгаа хороолол болж өөрчлөгдөж байгаа явдал бол нилээдгүй гомдлыг дагуулж байдаг. Жишээ нь “Харгиа цэвэрлэх байгууламж”тай  холбоотойгоор гарч байгаа эвгүй үнэрийн асуудал, арьс ширний үйлдвэрээс  гарч байгаа бохирдол, усыг цэвэршүүлж чадаж байгаа эсэхэд хяналт, шалгалт ихээр тавигддаг. Харгиа цэвэрлэх асуудлын талаар дээд шатны байгууллагад нилээдгүй олон удаа шинжилгээтэй хяналт, шалгалтын дүн мэдээг удаа дараа тавьж байсны үндсэн дээр менежментээр хувьчлагдсан байсан асуудлыг эргүүлж, Ус сувгийн удирдах газарт өгснөөр мэрэгжилтэй боловсон хүчинтэй найдвартай хяналтын лабораторийн хяналтанд үйл ажиллагаа явагддаг  болсон.
Мөн “ Арьс ширний үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай”  НИТХ-ын 149 дүгээр тогтоолыг гаргуулсан. Түүнчлэн НМХГ-аас санаачлан ҮХЯ-тай хамтран “ Арьс шир боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2014 стандартыг дахин хянаж, нэмэлт өөрчлөлт оруулан Стандартчиллын Үндэсний Зөвлөлөөр хэлэлцүүлж батлууллаа.
Хоёрт:  Хан-Уул дүүргийн 12,13,14-р хорооны нутаг дэвсгэр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хийдэг 48 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байлаа. Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор бас нилээдгүй ажил хийгдээд явж байна.
Тээвэрлэлттэй холбоотой Карьер машин  хороодын нутгаар тоосжилт  үүсгэдэг тухай иргэдийн гомдол их гардаг. Энэ асуудлыг шийдэх гарцыг Мэргэжлийн хяналтын хэлтэс хэрхэн хайж ажиллаж байна вэ?
Энэ асуудал дээр зөвхөн Мэргэжлийн хяналтын хэлтэс гэхээс илүүтэйгээр  дүүргийн ИТХ-аас тогтоол батлан үүрэгжүүлж ажилласан. Ингэснээр дүүргийн засаг дарга, орлогч дарга нараа ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан   карьерын  аж ахуйн нэгжүүдэд  хяналт, шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд тоосжилтыг бууруулахын тулд технологийн замаар тээвэрлэлт хийх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийж ажиллах үүрэг даалгаврыг өгч үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч ажилснаар 17 километр технологийн замыг ашиглалтанд оруулсан. Стандартын шаардлага хангасан тус замыг карьерын аж ахуй эрхлэгчдийн  өөрсдийнх нь хөрөнгөөр  босгосон. Энэ нь дурын газраар том оворын тээврийн хэрэгсэл явж тоосжилт үүсгэдэг, айлуудын гудамжаар  сүлжиж  аваар осол гаргадаг байсан зөрчлүүдийг  бууруулсан ажил болсон.
Элс хайрганы олборлолт хийж буй компаниуд тухайн газраа эрүүлжүүлэх үүрэгтэй байдаг. Тэр үүрэг нь нилээдгүй саармагжсан байсныг байгаль орчны менежментын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу нөхөн сэргээлтийг  хийлгэсэн. Одоогийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Шат дараатай биологийн нөхөн сэргээлт хийлгэх ажил явагдаж байгаа гэж сонссон. Энэ тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
Бид нар ахуй нэгжүүдийг биологийн нөхөн сэргээлт хийлгэж, унаган төрхөнд нь буцаж оруулах үйлдлийг хийлгэх зааварчилгааг өгөөд ажиллаж байна. Биологийн нөхөн сэргээлтийг хийсний дараа актаар хүлээж авдаг газар бол Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар юм. Үүнээс ажлын хэсэг гарч тодорхой газруудыг актаар хүлээж авсан байгаа. Гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийгдсэний дараа ИТХ-аар энэ ажлын үр дүн, болохгүй байгаа зүйл болон зарим нэг аж ахуй нэгжийн лицензийг цуцлуулах зэрэг арга хэмжээ авахаар тайлангаа бэлэн болгоод  байна.
 Энэ ажлыг нилээдгүй хугацаанд  олон хэлтэсүүдтэй хамтарч хийсний үр дүн гарч байгаа. Үүнд: Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба, төрийн сангийн хүмүүсийг хүртэл газар дээр нь аваачиж бид нар туслалцаа авч ажиллаж байгаа. Мөн дүүргийн Засаг дарга өөрийн биеэр бүх газруудаар танилцаж, зөвөлгөө өгч  эрх зүйн мэргэжилтнүүдээр хууль эрх зүйн  гаргалгаа гарган  бид  нэгдсэн  бодлогоор хүч түрэн ажилласан. Энэ бол ИТХ-аас иргэдийнхээ төлөө хийж байгаа  томоохон ажуудын нэг  бөгөөд бид үүнд манлайлан  оролцож байна.
Ярилцсанд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12109
0 эможи
keyboard_arrow_up