Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Пүрэвчулуун:“Хүүхдийн шүдний кабинет”-ыг байгуулах ажил энэ ондоо багтаж хийгдэнэ

2014 оны 11 сарын 26

  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуунтай энэ жилийн хүрээнд хийгдэж буй ажил, төсөл хөтөлбөрийн талаар ярицсанаа хүргэж байна.
Сайн байна уу. 2014 онд ХУД-ийн Эрүүл мэндийн төв ямар зорилт тавин ажиллаж талаар яриагаа эхлүүлье.

2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх-хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бол Хан-Уул дүүргээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд манай Эрүүл мэндийн төв нь нилээдгүй ажлыг хийж, хэрэгжүүлээд явж байна.
Тухайлбал “хүүхдийн тусламж үйлчилгээг өрх гэр бүрт хүргэе” гэсэн зорилт тавин ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 140 гаруй мянган хүн амд эмнэлгийн хоёр дахь шатны тусламж, үйлчилгээг хүргэдэг. Эх- хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд нилээд олон ажлыг зохион байгуулсан. Нэгдүгээрт ажилчдынхаа ажиллах орчинг ээлтэй болгох, хоёрдугаарт эрүүл мэндийн сайдын тушаал, эрүүл мэндийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн Эрүүл мэндийн төв болгон өөрчилсөн.
Эрүүл мэндийн төв нь ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудыг удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах зэрэг үндсэн чиглэлээр 9 сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн төв гэсэн бүтэцтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 3 алба, 5 тасаг, хэвтэн эмчлүүлэх 90 ор бүхий мэдрэл, дотрын тасагтай. Хүний нөөцийн хувьд 86 их эмч, 89 сувилагч, туслах ажилтан гээд нийт 232 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай харъяалалд Яармагт салбар амбулатор, 16 хорооны өрхийн эмнэлэг, харъяалалын байгууллагуудаараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд нягт хамтарч ажиллаж байна.
Эх хүүхдийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж буй ажлаасаа дурьдвал?
Эх-хүүхдийг дэмжих жилийн хүрээнд манай харъяалалд байгаа нийт хүмүүсийн 28,3 хувь нь нөхөн үржихүйн эмэгтэйчүүд, 35.3 хувь нь 0-15 насны хүүхдүүд эзэлж байна. Бүртгэгдсэн бүх 0-15 насны хүүхдүүддээ эрүүл мэндийн хоёр дахь шатны болон хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цагаар үзүүлээд явж байна. Хүүхдийн чиглэлээр хийгдсэн нэг томоохон ажил бол НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Залуучууд  өсвөр үед ээлтэй клиник”-ийг байгуулсан. Энэ өрөөг тохижуулах, засвар үйлчилгээг хийх, тоног төхөөрөмж зэрэг нийлээд 45,3 сая төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан. Одоогоор энэ тасагт орон тооны нэг эмч ажиллаж байна. 2015 оноос бүтэц орон тоонд нэмэгдэл болгож, хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнтэй тулж ажиллах  нийгмийн эрүүл мэндийн нэг ажилтанг сургаж ажиллуулахаар 2015 оны ажилд  тусгагдаад явж байна.
Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ямар ямар ажлууд хийгдээд явж байгаа вэ?
Энэ онд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт болон яамны хөрөнгө оруулалтаар нилээд ажлууд хийгдсэн. Жишээ нь эмнэлгийн тав тух, ажилчдын нийгмийн асуудал, эмнэлгийн ээлтэй тусламж үйлчилгээний асуудалд зориулан 176 сая болон 55 сая төгрөгөөр амбулатор болон манай төв дээр их засвар хийсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар бид 625 сая төгрөгийн тодотголоор хөрөнгө оруулалт хийгдэж, тендер зарлагдан энэ ондоо багтаж нийлүүлэгдэнэ.  Энэ онд 307 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болсон. Үүнд дижитал рентген аппарат, 4D эхо, 20 сая төгрөгийн үнэ бүхий чихний дурангийн аппарат, оношлогоо үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор оношлогооны тоног төхөөрөмжийг авахаар болж тендер нь зарлагдаад хэрэгжих шатандаа явж байна.
Дүүргийн эмнэлгүүд ямар стандарт, шаардлага хангаж ажиллах ёстой байдаг вэ?
Эрүүл мэндийн хуулиа хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн стандартыг хэрэгжүүлэх зорилгоор хэвтэн эмчлүүлэх болон амбулаторын тусламж үйлчилгээг дүүргийн эмнэлгүүд явуулах ёстой. Одоогоор манай дүүрэгт хэвтэн эмчлүүлэх мэдрэл, дотрын тасаг л байна. Нэгдсэн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, стандартаар долоон төрлийн өвчнөөр дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байх ёстой. Үүнд гэмтсэн хүн, эмэгтэйчүүдийн өвчин, мэс засал хийлгэх гэж байгаа хүн, хүүхдийн чиглэлээр тухайн дүүрэгтээ оношлуулаад хэвтэн эмчлүүлэх зорилгоор хэрэгжих юм. Дээрх бүх стандарт, шаардлагыг хангах үүднээс 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 10 давхар орчин үеийн оношлогоо болон хэвтэн эмчлүүлэх эмнэлгийг барьж өгөх хүсэлтийг УИХ-ын хоёр гишүүн болон УИХ-ын нийгмийн бодлогын хороонд хандаж, 2015 оны төсөлд оруулах хүсэлт тавьсан. Барилгын ажлын зургийн мөнгө гэж 80 сая төгрөгийг баталж өгсөний дагуу зургаа хийлгэсэн байгаа.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн хувьд 1989 онд 500 хүүхдийн поликлиник нэртэйгээр баригдсан. Дөрвөн давхар эмнэлэг хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууд, зүрхний өвчтөнгүүд гэх мэт шатаар гарахад хүндрэлтэй хүмүүстээ зориулан цахилгаан шатыг Нийслэлийн хөрөнгөөр 78 сая төгрөгийг батлуулаад, 12 сарын 10-ны дотор ашиглалтанд орохоор болоод байна. Харин дүүргийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Эдгээр тоног төхөөрөмжинд шүдний компрессор, автоклав болон бусад тоног төхөөрөмжүүд нь одоо хэрэглэгдэж байна.
ХУД-ийн зүгээс хүүхдийн шүдэнд анхаарал хандуулж олон ажлыг хийсэн гэж сонссон. Энэ талаар дурьдвал?
“Хүүхдэд ээлтэй - Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн шүдний кабинет”-ыг байгуулах 42 сая төгрөгийн тендер зарлаж, компани нь шалгараад энэ ондоо багтаж хийгдэх ажил болоод явж байна. Хүүхдийн шүдний кабинет байхгүйн улмаас том хүмүүстэй хамт үйлчлүүлэх, ажлын цагаар үйлчлэхээр хүртээмж нь бага байдаг.  Тиймээс хоёр ээлжээр ажиллуулан, хүүхдийн шүдийг 2-6 насанд нь эрүүл байлгах тал дээр анхаарч, томоохон хэмжээний шүдний кабинетыг байгуулахаар болсон. Дэлхийн бусад орнуудад шүдний кабинет нь өрхийн эмнэлэг дээр байх ёстой боловч энэ нь манай улсад төдийлөн  хэрэгжихгүй байна.
Бид 2012 онд “Эрүүл-Монгол хүүхэд” хөтөлбөрийг зохион байгуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд  үзлэг хийхэд нийт хүүхдийн 79-81 хувь нь өвчлөлтэй, 65-72 хувь нь зөвхөн шүдний өвчлөлтэй гэж гарсан. Илрүүлэх ажил нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн боловч эрүүлжүүлэх ажил нь хоцрогдоод байна. Хүүхдийн шүдийг цэцэрлэг сургуулийн наснаас нь эрүүл байлгавал цаашлаад өвчин хүрэх нь багасдаг тул бид энэ тал дээр анхааран ажиллаж байна.
“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр нь зөвхөн энэ ондоо хэрэгжиж дуусах ажил биш 2014-2017 онд хэрэгжих урт хугацааны төсөл юм. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнтэй яаж харьцах вэ гэдэг тал дээр нь анхаарч, тодорхой хэмжээний санхүүжилт дүүргээс аван хүүхэд байхаас нь эрүүлжүүлээд явбал ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх юм.
Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12786
0 эможи
keyboard_arrow_up