Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд анх удаа Хөршийн холбоонд суурилсан Бичил зээлийн хөтөлбөр хэрэгжинэ

2014 оны 1 сарын 15

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 01 сарын 09-ний өдөр болж, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг хэлэлцлээ.
Нийслэлийн 2013-2016 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн хүн амын ажилгүйдлийг бууруулан ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор 2014 оноос эхлэн бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Харин энэхүү санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар явагдах талаар зохицуулалт хийсэн нэгдсэн хөтөлбөрийг Нийслэлийн хөдөлмөрийн газар зэрэг холбогдох албаныхан боловсруулжээ.
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн бичил зээлд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулсан судалгааг өргөн хүрээнд явуулсан байна.
Судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой гэсэн бол зээлд хамрагдахад хамгийн том хүндрэл нь барьцаа хөрөнгө шаардах байдаг гэж 72 хувь нь хариулжээ. Тэдгээрийн 34 хувь нь 3-5 сая, 19 хувь нь 6-9 сая, 47 хувь нь 10-аас дээш сая төгрөгийг зээл авахад өөрийн төлөвлөж буй бичил бизнесээ эрхлэх бүрэн боломжтой болно гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрт нийслэлийн 152 хорооны бичил бизнес эрхлэн ажлын байр бий болгон амьжиргаагаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй ажилгүй иргэн, өрх, бүлэг хамрагдана. Аливаа төслийн сонгон шалгаруулалт, хэрэгжүүлэлтэд төрийн байгууллага, арилжааны банк оролцдог бол уг хөтөлбөрт зөвхөн иргэд өөрсдөө оролцох боломжийг олгохоор тусгажээ. Тухайн хороонд Хөршийн холбоо гэж байгуулах бөгөөд тус холбоо нь шаардлага хангасан төслүүдийг хүлээн авч шалгаруулан, санхүүжилтийг олгож, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа гэж албаныхан үзэж байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг хөтөлбөрийг дэмжин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
136
0 эможи
keyboard_arrow_up