Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоог нэмнэ

2014 оны 12 сарын 11

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр зарим нэр төрлийн эмийг олгох болсоноор багагүй хугацааг үджээ. Тэгвэл энэхүү хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангийн тоог ирэх онд нэмэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн газрын эм хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатараас  тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудыг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны долдугаар сарын 31-ний 28 дугаар тогтоол гарсан. Энэ хүрээнд 134 төрлийн эмийг өрхийн эмчийн жороор хөнгөлттэй олгоно хэмээн  заасан байдаг. Үүний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эрүүл мэндийн даатгалын газарт манайхаас эмийн сангуудын  нэрс очиж, сонгон шалгаруулалт хийдэг.

Мөн эмийн сангийн MNS 5260 2011 стандартын  дагуу  болон бусад стандарт, хууль дүрэм, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тайлан мэдээ зэрэг үзүүлэлтийг  харгалзаж, шалгаруулдаг. Ингээд шалгарсан эмийн сантай Эрүүл мэндийн даатгалын газар гэрээ байгуулж ажилладаг юм. Сонгон шалгаруулалтыг бид хийнэ. Түүнчлэн даатгалын  газар мөн адил  сонгон шалгаруулалтыг явуулдаг байгаа.

-Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг  ямар журмаар олгодог вэ?

-Нийгмийн даатгалын үндэс­ний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын  зөвлөлийн тогтоолд өрхийн эмчийн жороор хөнгөлттэй эм олгохдоо даатгуулагч, эмийн сан, даат­галын байгууллага  ямар үүрэг хү­лээх эсэхийг тодорхой заа­сан байгаа. Тиймээс энэхүү тог­тоол журмын дагуу олгодог.

Тод­руул­бал, даатгуулагч эрүүл мэндийн даатгал шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой. Харин тухайн эмчийн өгсөн нэг жор 10 хоногийн хугацаатай байдаг. Харин удаан хугацаанд эмчлэгдэх өвчнүүдэд 30 хоногоор жор олгодог.

-Нийслэлд хэчнээн эмийн сан даатгалаар үйлчилж байгаа вэ?

-Одоогийн байдлаар нийслэ­лийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилж бай­гаа. Дашрамд дуулгахад, даат­галаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байхгүй. Тиймээс нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж байна. Ирэх онд  даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх байх.

-Танай байгууллагаас  эмийн сангуудад хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай байгууллагаас эмийн сангуудад хяналтыг тогтмол хяналт тавьж байдаг. Учир нь тэдний үйл ажиллагаа мөнгө,  сан­хүү­тэй холбоотой учраас хя­нал­тыг  байнга тавьдаг юм. Тий­мээс тухайн эмийн сан зөрчил их гаргасан тохиолдолд  Эрүүл мэндийн даатгалын газарт эрхийг нь цуцлах санал хүргүүлдэг.

-Даатгалаар олгодог эмийн хангалт сарын эхээр дуусдаг гэсэн гомдол гардаг. Яагаад ийм асуудал үүсдэг юм бол?

-Эмийн хангалт 95 хувьтай байх ёстой. Даатгалаар олгож байгаа эмүүд төсвөөс хамаарч  янз бүр байдаг. Тиймээс бага төсөвтэй эмийн сангийн эм хурдан дуусах магадлалтай.  Тухайлбал, хөнгөлттэй үнээр олгох төсөв нь сардаа хүрэхгүй  дуусчихвал  тухай эмийн сан үндсэн тарифаар эмээ худалдана. Иймээс ард,  иргэдээс гомдол нэлээд ирдэг юм. Ер нь төсөв өндөр эмийн сангуудын эм тасрах тохиолдол харьцангуй бага байдаг.

-Нэг эмийн санд жил дунджаар хэчнээн хэмжээний төсөв суулгаж өгдөг вэ?

-Манайд төсвийн талаар нэрийн мэдээлэл байхгүй байна. Төсвийн талаар мэдээлэл Нийгмийн даатгал дээр очдог юм. Ер нь бол жил ирэх тусам төсөв нэмэгдэж явдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13721
0 эможи
keyboard_arrow_up