Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цонх нээх эрх чөлөө өгөөч

2014 оны 12 сарын 12

Өвлийн хүйтэн ид тачигнаж ес эхлэх ойртлоо. Гэхдээ улаанбаатарчуудын хувьд өвөл бол  цас мөсний биш утааны улирал. Ер нь хүйтний эрч чангарах тусам утаа униар өтгөн хар манан мэт их хотыг бүрхэх болсоор олон жил өнгөрчээ. Өвөл цагийн мөн чанар, гоо сайхан улсын маань нийслэлээс дайжиж одоод удлаа. Дарга даамлуудын хувьд хүн болгоны амны уншлага, шүдний өвчин болсон утааг арилгах талаар амттайхан үлгэр ярихаас биш яг тодорхой наалдацтай бодлого боловсруулж, үр дүнг нь ард иргэддээ харуулж  чадахгүй явсаар өдий хүрэв. Анх 2011 оны намар Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран утаагүй зуух хэмээх өндөр үнэтэй технологийг нэвтрүүлж, айл өрхүүдэд “шахаж” ажлыг эхлүүлсэнийг миний бие сэтгүүлчийн хувиар сурвалжилж байсан юм. Тэр зуухны өөрийн өртөг нь багахан цалинтай хүний сарын цалинтай тэнцэх шахуу үнэтэй ч гэр хорооллын айл өрхүүдэд 25-40 мянган төгрөгөөр худалдаалж эхэлсэн санагдана. Харин үнийн дүнгийн зөрүүг нь  Мянганы сорилтын сан, Засгийн газар хариуцахаар болж билээ. Тухайн үед холбогдох газруудын мэдээлж байснаар утаагүй зуух богино хугацаанд эрчимтэй борлогдож, нэг дүүргийн хүн амын бараг 40 хувь нь утаагүй зуухны хэрэглэгч болсон гэдэг. Гэвч “Утаагүй зуух” гэдэг үг хот, хөдөөгүй танил болсноос биш үйлийн үрт хорт утаа буурсангүй ээ. Наанаа утаа багасаагүй мэт байвч хор хөнөөл нь буурсан гэж хээв нэг тууж  амьтан хүний нүдийг орой дээр нь гаргах шахах дарга нарыг харлаа. Хамгийн харамсалтай нь Агаарын чанарын улсын албанаас утааны шинж чанар аюултай, бүр гамшгийн хэмжээнд  байгааг мэдээлсээр байгаагаас харвал нөхцөл байдалд нааштай ахиц гараагүй нь дэндүү тодорхой.

     Утаагүй зуух зах зээл дээр гарснаас хойш дөрөв дэх жил рүүгээ орох гэж байна. Гэвч утаа хэмээх аюулт үзэгдэл буурахгүй байгааг нийслэлчүүд  бүхий л мэдрэхүйгээрээ хүртсээр л байна. Хоногийн хоолоо чадан ядан залгуулдаг айл өрх олон бий. Ийм хүмүүс өвөл болоод хүйтрээд ирэхээр яаж багахан даарах вэ л гэж бодож таарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, утаа бага гаргадаг, эрүүл мэндэд учруулах хор нь харьцангүй бага хэмээн сурталчилж буй утаагүй зуух тэдэнд сонин биш. Нэг ёсондоо аль тааралдсанаа түлж өдөр хоногийг аргацаадаг амьдралтай хүмүүс байсаар  (харин нэмэгдсээр) байгаа гэсэн үг. Мөнгө төгрөгний боломжгүй, бүх бодол санаа нь жаахан ч гэсэн идэх юмнаас өөр зүйлд эргэлдэхээ больсон  иргэдэд  наад зах нь утаагүй зуух, цаад зах нь тохилог орон сууц мэдээж тэнгэрийн амьтан шиг санагдаж байгаа. Энэ мэтээс ургуулаад бодохоор Монголын хамаг л нэр, алдартай телевизийн сэтгүүлчдээр рекламдуулж, тэр хэрээрээ “од” болсон утаагүй зуухны гавьяа харагдах болоогүй мэт. Хамгийн гол нь ард түмний амьжиргааны түвшин сайжраагүй цагт утаа  арилахгүй нь тодорхой харагдчихлаа. Шуудхан хэлэхэд ядуурал буураагүй цагт утаа суунагласаар, бид бие эрхтэнээрээ хордсоор байх биз ээ. 

     Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иржээ. Бусдад эзлэгдэж биш, хорлогдож биш, ердөө л хар утаанаас болоод тэр. Нэг ёсондоо  өөрсдөө л өөрсдийгөө устгах аюул тарьж байна гэсэн үг. Нийт хүн амынх нь талаас илүү хувь  нийслэлд шавчихсан гэдэг утгаар нь ингэж хэлэхэд үнэхээр хатуудсан болохгүй. Үүнд төр засаг, ард иргэд хоёулаа буруутай. Гэхдээ  2 сая 900 гаруйхан иргэнийхээ  аж амьдралыг олигтойхон тодорхойлж чадаагүй эрх мэдэлтнүүд  бурууг илүүтэй хүлээх учиртай.  1992 онд батлагдсан шинэ  ардчилсан Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьдран суух газраа өөрөө сонгох эрхтэй” гэж заагаагүй бол, УИХ-аас томилогддог Хүний эрхийн үндэсний комисс уг заалтыг үндэслэн гомдол гаргаж, улмаар хөдөөнөөс хотод шилжих ирэх хураамжийг үгүй болгоогүй бол, хот төлөвлөлтийг эхнээс нь зөв хийж ирсэн бол, газар олголтын асуудал дээр хяналт тавьсан бол, орон нутаг дахь амьдралын нөхцлийг сайжруулж ирсэн бол бид өнөөдөр 10 хүний нэгийг нь залгих хүчтэй утаа хэмээгч аймшигт “бууны аман” дээр тулж очихгүй л байсан даа. Таныг, биднийг, бидний үр хүүхдийг,  мандан бадарч, бас уруудан доройтож явсан, гэхдээ л туурга тусгаар үлдэж чадсан Монгол Улсын маань ирээдүйг балагт утаа устгах гэж үү?

    Хавдар судлалын үндэсний төвийн уушгины эмч Л.Оюунцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нийслэлийн агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд зөвхөн уушгины хавдар төдийгүй өөр олон төрлийн өвчин тусах нь ихэссэн. Ер нь утааны хор хөнөөл хүний удамшилд нөлөөлөх, эрэгтэйчүүд нөхөн үржихүйн өвчлөлтэй болох, эмэгтэйчүүд удамшлын эмгэг, өндгөвчний үрэвсэлтэй болох, бага насны хүүхдүүд уушгины хорт хавдраар өвчлөх, дархлаа султай болох гээд бүх эд эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг. Манайд уушгины эмнэлэг, эмч нар хангалттай олон бий. Тиймээс улсын хэмжээний нэгдсэн тоог хэлж мэдэхгүй юм. Гэхдээ 2009 онд 4719 хүн оношилж эмчилсэн бол 2010 онд 5229 хүнийг эмчилсэн, харин 2011 онд 6000-аад хүнийг үзэж эмчилсэн. Мөн өдөрт уушгины хорт хавдартай 5-6 хүнийг оношилдог байсан бол сүүлийн үед энэ тоо 14-16 болж өслөө. Уушгины өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа нь мэдээж нийслэлийн агаарын бохирдолтой шууд холбоотой. Магадгүй энэ мэтээр өвчлөгсдийн тоо жил бүр өсөөд байвал тун удахгүй нийслэлд эрүүл уушгитай хүн үлдэхгүй биз. Агаарын бохирдлын улмаас хүний дархлаа суларч, аливаа өвчинд өртөмтгий болдог. Агаарын бохирдлыг хүн амын төвлөрөл, машины утаа л үүсгэж байгаа шүү дээ” хэмээн мэргэжлийн хүний хувьд тодорхойлсон нь Монгол үндэстэн мөхөх гэж үү гэсэн битүүхэн айдсыг минь улам батлах мэт.

      ...Өглөө бослоо. Толгой өвдөж, хамаг бие арзайна. Хотын төвд шахуу амьдарч байгаа хэр нь гэрийн агаар ийм л хүнд байна шүү дээ гэж эхнэр учирлаж байна. Заримдаа цонх онгойлгох ямар ч боломжгүй болчих юм гэж тэр уцаартай нь аргагүй нэмж өгүүлэв. Цонх нээх эрх чөлөөг маань улигт утаа аль хэдийнэ боомилчихжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13802
0 эможи
keyboard_arrow_up