Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ-ын тогтоол нийслэлийн иргэдийг баахан төөрөлдүүлэв

2014 оны 12 сарын 12
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 15-ны өдөр буюу ирэх даваа гаригт болно. Чухам энэ хурлыг онцлохын учир нь нийслэлчүүдийн өдөр тутмын хамгийн чухал асуудлын нэг автомашины дугаарын хязгаарлалтыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэхээр болсон тухай албан мэдээнд дурдсан байгаа юм. Энэ мэдээллээс үүдэн 2012 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдсан автомашиныг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оруулах тухай НИТХ-ын тогтоолын хуулийн хугацаа өчигдөр буюу пүрэв гаригаар дууссан эсэх тухай мэдээлэл тархаж иргэдийг ихээхэн эргэлзээнд оруулсан. Замын цагдаагийн газраас ч цагдаа нартаа пүрэв, баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тухай мэдээлэл өгсөн гэж эх сурвалж  хэлж байсан.  Харин нийслэлийн албан ёсны сайтад энэ тухай 15-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ гэсэн зүйл байсангүй.  Тэгвэл НИТХ-ын дарга Д.Баттулгын гарын үсэгтэй “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” 2012 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн тогтоолд тодорхой хугацаа заагаагүй байгаа юм. 

Анх замын хөдөлгөөний ачаалал бууруулах арга хэмжээг 2012 оны наймдугаар сарын 22-ны тогтоолоор наймдугаар сарын 27-ноос  тус оныхоо аравдугаар сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан байсан ч үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэн арваннэгдүгээр сараас үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тогтоол гаргасан билээ. Харин саяхныг хүртэл энэхүү тогтоолын дагуу үйлчлэх цагийн хугацааг 07-22 байсныг өвлийн хуваарьт шилжүүлж 08-21 хүртэл хэмээн өөрчлөх тухай яригдаж байснаас өөр зүйл тодорхойгүй байсан юм. 
Энэ тухай Замын цагдаагийн газрын мэдээллийн ажилтан Н.Пүрэвдоржоос өчигдөр 18.00 цагийн үед тодруулахад өглөө бидэнд ч гэсэн ийм эргэлзээ байсан учраас НИТХ-д хандсан. Тэднийхээс албан ёсны тогтоолоо бидэнд ирүүлснээс үзвэл дугаарын хязгаарлалт өмнөх шигээ л үйлчлэх нь. 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан тогтоолд “Нийслэлийн томоохон гудамж замуудад 2012-2014 онд өргөтгөл, шинэтгэлийн ажил хийгдсэнтэй холбогдуулан зарим гудамж замыг хязгаарлалтын бүсээс хасах, цагийн хувьд өөрчлөлт оруулах зорилгоор Улаанбаатар хотын засаг даргын захирамжийн төслийг Нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцэж өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэсэн байгаа юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагт хуралдахдаа дээрх тогтоолын дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” авч хэлэлцэхээр тогтжээ.
Тэгэхээр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаарын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм гэсэн мэдээлэл тэдний зүгээс ирүүлсэн гэв.
Иргэдийг төөрөгдөлд оруулсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 21/27 дугаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолд өмнөх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаарын тогтоол хүчингүй болсон талаар дурдаагүй байгаа ч Замын цагдаагийн газрын зүгээс дээрх тогтоолыг хүчингүй болгож шинээр хэлэлцэх нь хэмээн үзэж, цагдаа нартаа даваа гарагийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн мэдээлэл өгөөд байсан бололтой. Ийн төрийн хоёр томоохон байгууллагын зөрүүтэй мэдээллээс үүдэн өчигдөржингөө иргэд баярлан гомдож өнжлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13805
0 эможи
keyboard_arrow_up