Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТҮЦ машин хаана харьяалагдах вэ

2014 оны 12 сарын 15

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдэд хүнд сурталгүй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас "Төрийн түгжрэлгүй үйлчилгээ" төслийн хүрээнд иргэдэд үйлчлэх "Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ машин"-ыг ашиглалтад оруулан жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх нийслэл хотод 17 ширхэг ТҮЦ машин байрлуулж байсан бол өдгөө 100 болгож тоог нь нэмэгдүүлсэн. Мөн хөдөө орон нутагт ч байрлуулж эхлээд байгаа гэнэ. Иргэд ТҮЦ машинаар үйлчлүүлж хэвшиж буйг холбогдох албаныхан онцолж буй. Гэтэл сүүлийн үед иргэдийн үйлчилгээний хөлс нь саяхныг болтол хувийн компанийн дансанд орж байсан хэмээн шуугиан тариад байсан. Өөрөөр хэлбэл, “Төрийн үйлчилгээний цахим машин”-ыг нийлүүлсэн хувийн хоёр компанид иргэдийн үйлчилгээний хөлс ордог байсан байна. Уг машин ашиглалтад нэвтэрснээс хойш иргэдийн сэтгэлд нийлэмжтэй хурдан шуурхай үйлчилгээтэй хэмээн талархал хүлээгээд байсан. Өөрөөр хэлбэл, иргэд ТҮЦ машинаар төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг авч байгаа. Тухайлбал, иргэний бүртгэлийн зургаан лавлагаа Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа зэргийг авч байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 100 гаруй ТҮЦ машин ажиллаж байгаа аж. Харин “Ньюсоник” ХХК, “Аствишн” ХХК хоёр компани ТҮЦ машиныг нийлүүлэх тендерт ялж өнгөрсөн хугацаанд ТҮЦ машины үйлчилгээний төлбөрийг авдаг байсныг АТЕГ тогтоосон. Улмаар таслан зогсоогоод байгаа юм. Ингээд ТҮЦ машиныг “Үндэсний дата төвд” шилжүүлээд байгаа аж. Мөн ТҮЦ машиныг цаашид улам боловсронгуй болгох шаардлагыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсний дагуу тендерт ялсан хоёр компани өнөөдрийн лавлагааны төрлийг дахин олшруулжээ. Хэдийгээр үндэсний дата төвд шилжүүлсэн ч ТҮЦ машины ашиглалт үйлчилгээний асуудал бүрхэг хэвээрээ байгаа юм. Учир нь үндэсний дата төв хөрөнгөндөө бүртгэж, өмчлөлдөө авсан ч урсгал зардалгүй ирэх оны төсөвт нь тусгагдаагүй. Мөн дээрээс нь хүн хүчний нөөц дутмаг учраас хариуцах боломжгүй байгаа юм байна. Тиймээс Засгийн газрын тогтоол хэрхэн гарахаас шалтгаалан цаашдаа ТҮЦ машины өмчлөл хаана харьяалагдах тодорхой болох учиртай гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13948
0 эможи
keyboard_arrow_up