Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх онд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина

2014 оны 12 сарын 16

Улаанбаатар хотын  2015 оны төсвийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэл хотын ирэх оны төсвийг хэлэлцэн баталжээ. Нийслэл  2015 оны орон нутгийн төсөвтөө 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилбал 424 тэрбум төгрөг буюу 78.4 хувийг хотын шууд төсөвт, 21.6 хувь буюу 116.8 тэрбум төгрөгийг дүүргүүдийн төсөвт  төвлөрүүлэхээр байгаа аж. Хотын төсвийн 80 хувийг татвараас бүрдүүүлдэг байна. Татварын орлого дотроо Хүн амын орлогын албан татвар ихэнх хувийг бүрдүүлэх бол үлдсэн хэсгийг газар, ой мод, ус ашигласны хураамж, төлбөр, автомашин өөрөө явагч хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрдүүлэх аж.

Ирэх онд нийслэлийн төсөв бүхэлдээ Улаанбаатарчуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэгтэй байлгахын дээр хэвтэн эмчлүүлэх эмнэлэгтэй болгоход хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын 1/3 нь л зам харгуй, инженерийн шугам сүлжээг сайжруулах, өргөтгөхөд чиглэгдэх бол үлдэж буй 120 тэрбум төгрөгийг хүүхэд багачуудын тусын тулд зориулах аж.

Тухайлбал:

-12 сургууль цэцэрлэгийн цогцолбор

-Хүүхдийн эмнэлэг гурвыг барихаар төлөвлөсөн байна.

2014 онд 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох аж. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэх юм байна. Концессийн гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Энэ бүхэн ажил хэрэг болсон тохиолдолд нийслэлийн багачуудад шаардлагатай сургууль цэцэрлэгийг барьж дуусгах боломжтой гэж үзэж буй юм байна.

Хэдийгээр нийслэл хот өөрийн төсвөөсөө эмнэлэг барьж байгуулах чиг үүрэг хүлээдэггүй ч улс орны эдийн засгийн хомс тачир байдал, хүүхдүүдийн өвчлөл өндөр, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа бэрхшээлийг давах үүднээс Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барихаар төсөвт суулгажээ.

Түүнчлэн 2015 онд нийслэлийн 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх юм байна. Мөн 2014 онд гэр хорооллын 25 мянган өрхийг бүрэн шаталттай зуухтай болгосон. Ирэх онд дахин 11 мянган айлыг ийм зуухтай болгохоор төсөвт тусгажээ.

Нийслэлийн төсөвт 56.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын орлогчийн тоог хоёроос илүүгүй байлгах, дүүрэг, агентлагийн орлогч дарга нарыг цомхотгох зэргээр 2015 онд нийслэлийн хэмжээнд нийтдээ 186 хүний орон тоог цомхотгож байгаа юм байна.

Мөн НИТХ-ын 45 төлөөлөгч улирал тутамдаа тус бүр 10 сая төгрөгийн урамшуулал хүртдэг. Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон үед энэхүү урамшууллыг хэмнэж болох юм гэсэн зарчмыг баримталж, нийслэлийн 2015 оны төсөвт НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хасч оруулсан ч төлөөлөгчид зөвшөөрөөгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14078
0 эможи
keyboard_arrow_up