Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ жилийн маргааш ч амьдрал үргэлжилнэ

2014 оны 12 сарын 19

Ширхэг ширхгээр цасан ширхэг хаялж, охид хүүхнүүдийн үс гял цал саагаар гялалзаж, ганган дэгжин даашинзаар гоёсон нь жилдээ нэг тохиох шинэ жилийн баярын дүр зураг. Дэндүү хөөрхөн, дэгжин шаавай бүсгүйчүүдийн өнгө тодрох мишээлд, хөөрхөн бүсгүйчүүдийн гял цалд эргэн хургах эрчүүдийн эрхэмсэг намба, өвлийн өвгөний хүнгэнэсэн дуун, цасан охидын бүжиг, оргилуун дарсны хөөс. Инээд хөөрт умбасан залуус, хүүхнүүд болор мөнгөн хундганд мэлтэлзэх оргилуун дарс, цагаан архинаас амсч, шимсээр нэг л мэдэхэд согтолтын байдалд ордог. Хүн өөрийгөө согтсон гэж хүлээн зөвшөөрдөггүй талаар олон судалгаа бий. Зуун грамм цагаан архи уусан хүн өөрийгөө “Бага зэргийн халаалт авсан” гэж боддог. Гэхдээ бүжиглэх, биеийн хөдөлгөөн ихээр хийсэн үед тухайн зуун грамм цагаан архи нь жирийн үед ууснаас хоёр дахин ихээр согтууруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Хоёр зуун грамм цагаан архи уусан хүн “Би яагаа ч үгүй байна” гэсэн тайлбар хэлдэг.

Гэвч өөрийгөө хянах чадвараа хорин хувиар алдсан байдаг нь түгээмэл аж. Энэ үедээ хөөрч баярлах, бүжиглэх, хурдан хөдөлгөөн хийх тохиолдолд уусан архи нь төв мэдрэлийн системд хүчтэй үйлчилж, үйл хөдлөлөө хянах чадвар нь наян хувь буурдаг. Гурван зуун грамм цагаан архи уусан хүн “Би одоо л гоё болох гэж байна” гэдэг. Гэхдээ тэр хүн гоё болсон биш өөрийгөө хянах чадвараа жаран хувиар алдсан байна гэсэн үг. Харин дөрвөн зуун грамм цагаан архи уусан хүн ёстой л үлгэрийн хөлөг унан тэнгэрт нисч, урд нь тааралдсан юм бүхэн түүний өмнө өчүүхэн харагдаж эхэлдэг. Энэ үедээ хүн бүх юмыг өөрийн хүссэнээр хийхийг, бас шийдэхийг хүсдэг.

Гэхдээ согтуу хүн өөрийгөө хэзээ ч зөрүүдэлж байна хэмээн боддоггүй. Учир нь тэр өөрийгөө хянах чадвараа алдсанаас гадна бүх юм амархан, ойрхон, тэр л ганцаараа бүх юмыг чадах юм шиг хөөрөлд орсон байдаг. Энэ нь архи төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлж, өөрийгөө хянах чадвараа алдсанаас шалтгаалдаг байна. Шинэ жилийн баяр жилдээ нэг тохиох нь үнэн ч хүний хорвоод ганцхан амьдрах хувь заяагаар золих үнэтэй биш гэдгийг бүгд санацгаая. Архи амссан, уусан л бол “Гэрт тань хүргээд өгье” гэх хэн нэгнээс бүү татгалз. Хамт олноороо баярлаж, цэнгэж байгаа бол нэг, нэгнийхээ өмнөөс хариуцлага хүлээж, согтсон нэгнээ гэрт нь хэрхэн хүргэж өгөх шийдлээ баярлахаасаа өмнө олсон байх хэрэгтэй. Зарим нь хамт олныхоо баярыг эрүүл тэмдэглэж, ажилчдаа, найз нөхдөө гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ үзүүлсэн ч яагаад болохгүй гэж. Шинэ жилийн баярын маргааш амьдрал дахиад л үргэлжилнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14338
0 эможи
keyboard_arrow_up