Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Цацралтуяа: Шинэ оны босгон дээр хүүхдийн цэцэрлэгтэй болж байна

2014 оны 12 сарын 30

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны засаг дарга Ё.Цацралтуяатай 2014 онд хийгдсэн ажлын талаарх ярилцлагыг хүргэж байна.

 

Ярилцлагынхаа эхэнд та хорооныхоо талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай хороо нь Хан-Уул дүүргийн хамгийн том гэр хороолол юм. Одоогийн байдлаар 3014 өрхтэй 11268 иргэнтэй. 4552 га газар нутагтай. 211 га-д нь иргэд маань төвлөрч амьдардаг. Хорооны хувьд дан гэр хороолол мөртлөө төрийн болон төрийн бус байгууллага цөөн байдаг.  Хорооны нэг цэгийн байранд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байцаагч болон хороо үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор 118 дугаар сургууль, хүнсний дэлгүүр 21, сүм 1, шатахуун түгээх станц 2, амралт сувилал 5 үйл ажиллагаагаа явуулж байна. Урд талаараа Богд хан уулын Дархан цаазат газрууд болох Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Ташгайн ам зэрэг газрууд хамрагддаг.  

2014 онд танай хороо ямар ямар томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?  

Энэ онд хийгдсэн томоохон ажлын нэг нь “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг тогтмолжуулсан явдал. 2013 оны сүүлээр 2014 оны эхээр иргэдийн бүлэг маань “Иргэний танхим”-ыг байгуулсан. Иргэдийн бүлгээр нийтийн аж ахуйг сайжруулах зорилгоор Японы хөрөнгө оруулалтаар 12 сая төгрөгөөр иргэдийн бүлэг байгуулж, тус бүлгийн үйл ажиллагаа нь 2014 онд жигдэрч “Иргэний танхим”-ын ажилтантай болсон.

Энэ жил Зүүн Азийн ардчилсан орнуудын төлөөлөгчид болох 15 хүн манай хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байгаа. АНУ-ын Азийн сангаас манай хороонд “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” нэртэй төсөл хэрэгждэг. Уг төслийн хүрээнд бид сая хүчин чадал сайтай аппарат, явуулын иргэний танхимд зориулж бага зай эзэлдэг тоногт төхөөрөмж, сандал ширээ авсан. Ингэснээр манай “Иргэний танхим” тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.  

Энэ жил Хан-Уул дүүрэгт нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар нилээдгүй ажил хийгдсэн. Тэгвэл танай хороон дээр тохижилтын ямар ажлууд хийгдсэн бэ?

 Орон нутгийн хөгжлийн сангаар өнгөрсөн жил 20 гэрэлтүүлгийг хийж байсан бол энэ жил Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 71 гэрэлтүүлэг, Дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 638 гэрэлтүүлэг хийж нийт 729 гэрэлтүүлэгтэй болж, хороо тэр чигтээ гэрэлтэй сайхан болсон байгаа.

Үүнээс гадна манай хороо ганцхан сургуультай. Цэцэрлэг байхгүй. 1000 шахам хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой байдаг. Эдгээр хүүхдүүд маань 73-р цэцэрлэг буюу долдугаар хорооны цэцэрлэгт явдаг. Харин энэ жил манайд 209-р цэцэрлэг баригдаж саяхан улсын комисс хүлээж авсан. Ирэх жил тус цэцэрлэгтээ хүүхдүүдээ хүлээж авахаар болсон нь бас нэг амжилт юм.

Мөн орон нутгийн хөгжлийн сангаар хашаа гудамж, хаалганы өнгийг жигдрүүлэх ажил хийлгэсэн. Иргэдэд үйлчлэх төв буюу нэг цэгийн үйлчилгээний төвийн гаднах орчинг янзалж, машины зогсоол, хаягжуулалтын ажлыг тус тус хийсэн. Дээрээс нь дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаар манай дээр Хан-Уул дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг хоёр шаттайгаар хоёр жил хэрэгжүүлэхээр болсон. Эхний жил 300 сая төгрөг төлөвлөөд энэ ажил хийгдэж эхэлсэн бөгөөд одоогоор ажил нь 30 хувьтай явж байна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Дэнжийн 12-ын урд баригдана. Энэ ажлыг хийхийн тулд 2009 оноос төлөөлөгчийн төсвийн мөнгөөр жалгыг нь тэгшлэх ажлыг эхлүүлж байлаа. Ажлын явцад Сонсголонгийн 22-т нүүж ирсэн айл тэгшилж байсан газар дээр ирж буучихаад нүүхгүй ажлыг их удаашруулсан. Үүнийг Дүүргийн Өмч, газрын харилцааны алба,  дүүргийн Засаг даргын Тамгын газартай нийлж их ажил болсны үндсэн дээр 14-р хороон дээр гурван айлын газар өгч, тэр айлууд нь нүүснээр тус ажил нь ирэх жил хэвийн хэмжээнд явагдахаар болсон. Сая болсон 2015 оны төсвийн хурлаар ирэх онд гүйцээж барих төсөв нь батлагдсан. Ирэх жил гэхэд хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэсэн үг. Анх 2009 онд би Засаг дарга болж байхад манай хороо сургуульгүй, цэцэрлэггүй, гэрэлтүүлэггүй, хог ихтэй, 50 хогны том машин ирээд хог ачихад хог нь дуусдаггүй хороо байсан бол өнөөдөр манай хороо гэрэлтүүлэгтэй, сургууль, цэцэрлэгтэй иргэд амьдрах орчин нь хангагдан сайхан болж байна.

Танай хороонд иргэдийн оролцоо хэр идэвхтэй байдаг вэ? Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар ажлыг зохион байгуулж байна вэ? 

Манай хорооны иргэдийн оролцоо маш сайн. Зохион байгуулж байгаа хуралд бол 100-аас дээш хүн оролцдог. Сонгуулын үеэр илүү олон хүмүүс ирж үйлчлүүлдэг. Хуралд голчлон тэтгэврийн насныхан болон ажилгүй иргэд ирдэг. Хороон дээрээ бүлэг байгуулж ажиллаж байгаа учраас бүлгийн иргэд мөн хуралд идэвхтэй оролцдог.

Бид өнгөрсөн гурван сард “Жижиг дунд үйлдвэрлэл буюу өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг дүүргийн Соёлын  ордонд зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтанд манай хорооны 98 хүн оролцсон. Нийслэл, дүүргийн бүх удирдлагууд тус чуулга уулзалтанд оролцсон ба эндээсээ иргэдээ дэмжих бүлэг байгуулах зорилтыг тавьсан. Одоогийн байдлаар манай хороонд 10-аад бүлэг байгуулагдаад ажиллаж байна. Төсөл, хөтөлбөр болон иргэд хамтраад хийж байгаа мөнгөн хуримтлалын таван бүлэг, Дэлхийн зөнтэй хамтран хөгжлийн хөтөчийн таван бүлэг, Адра Монгол хөтөлбөртэй хамтарч тариалан эрхлэлтийн таван бүлэг зэрэг тус тус ажлууд хийгдэж байна. Дээрээс нь манай орон нутгийн хөгжлийн сангаар гурван бүлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэтчилэн бүлгүүдийг маш сайн зохион байгуулж иргэдээ тодорхой орлоготой болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа.  

Дүүргийн иргэд олон нийтийн ажилд ямар түвшинд оролцож байна бэ?

Манай хороонд “Иргэдийн спортын их наадам” гурав дахь удаагаа зохион байгуулагдсан. Өнгөрсөн жил дүүргээс зохион байгуулсан “Иргэдийн спортын их наадам”-д манай хороо тэргүүн байр эзэлсэн нь иргэдэд их урам зориг өгсөн. Энэ жил бас “Шилдэг тэргүүний хороо” болсон. Үүнээс гадна “Нийслэлийн иргэдийн спортын наадам”-д “Шилдэг хороо”-гоор шалгарч,  Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өргөмжлөл, цомоор шагнууллаа. “Иргэдийн спортын наадам” спортын найман төрлөөр 30-40, 40-өөс дээш насны  иргэдийн дунд зохион байгуулагддаг. Иргэддээ давхцуулахгүй оролцуулахыг хичээдэг учраас их өргөн цар хүрээг хамарч чаддаг. Энэ жил явган аялал, гэр бүлийн тэмцээнд манай хороо нэгдүгээр байр эзэлсэн. Явган аялалаар Цэцээ гүн, Хан-Уул, Баянзүрх уул руу аялсан. Энэ ялдамд  “Иргэдийн спортын наадам”-д идэвхтэй оролцсон иргэд болон ажилтан, ажиллагсаддаа баярлаж талархсанаа илэрхийлье!

Хорооны хувьд ганц байдаг 118-р сургуультай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Бид 118-р сургуультайгаа нягт холбоотой ажилладаг. Уг сургууль дээр сургалтуудаа зохион байгуулдаг. Өнгөрсөн 10 сарын нэгэнд Ахмадын баярыг тус сургууль дээрээ зохион байгуулсан. Үүнээс гадна 118-р сургуультай ижил төстэй сургуулиудтай туршлага судлах уулзалтанд очиж оролцох зэргээр төлөөлөгч, засаг даргын хувьд сургуультай холбоотой бүх л үйл ажиллагааг дэмжин ажилладаг.  Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 118-р сургууль дээр “Иргэдээ сонсьё” аяны хүрээнд төрийн  бүх үйлчилгээг авчирч иргэдэд үйлчилсэн. Тэнд 178 иргэн хандаж зөвөлгөө, үйлчилгээг авсан. Үүнээс гадна хорооны иргэд тав дахь өдөр болгон хорооны ажилчидтай 118-р сургууль дээр хоёр цаг заал авч, иргэдийн бие бялдарыг хөгжүүлэх үйл ажиллагаан дээр хамтардаг.

Энэ жил дахин төлөвлөлтөнд танай хорооны аль хэсгийн нутаг дэвсгэр хамрагдсан вэ? Ажил хэр урагштай явагдаж байна.

Дахин төлөвлөлтөнд хорооны 26,5 га газар буюу дэнжийн 9,10,11 болон сонсголонгийн 22 дугаар гудамжны  зарим хэсгүүд маань орсон ба эхний шатны тендер шалгаруулалт хийгдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс болон шалгарсан хоёр компани нь иргэдэд саналын урилга тараагаад ойрын өдрүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авахаар Иргэдийн танхим болон ахмадын байрандаа үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Мөн гэр хорооллын зураглал гэж байгаа. Энэ зураглалууд дээр иргэд маань санаа бодлоо тусган хоггүй хороо болох зорилт тавин ажиллаж байна.  Одоогоор хогийн цэг устсан байгаа. Эко-Орчин ХХК-тай хамтарч ажиллаж байна. Энэ жилийн нэг онцлог бол манай хорооны иргэд өдрийн хуваарийн дагуу хогоо ачуулж сурсан. Хогийг сард хоёр удаа ачдаг. Мөн жалга, гуунд хуримтлагдсан хог багассан. Гэртээ тогтмол байдаггүй айлууд хоцрох талууд гарч байсан бол бид үүнийг зохицуулж утсаар ярьж боломжтой үед нь хогоо ачдаг болсон. Өнөөдрийн байдлаар хог 80-90 хувь  ачигддаг болсон.

Иргэд хорооноосоо ямар төрлийн үйлчилгээг саадгүй авч байна вэ?

Улсаас иргэний бүртгэл мэдээллийн үйл ажиллагааг  иргэдэд ойртуулах тал дээр анхаарч арваад төрлийн үйлчилгээг иргэдэд хороон дээрээс үзүүлдэг болсон. Энэ ажлыг анх манай хорооноос эхлүүлж Улсын иргэний бүртгэл, Нийслэлийн иргэний бүртгэл, Нийслэлийн захирагчийн албанаас хороон дээр ирж үйл ажиллагаагаа нээсэн. Манай хороо Азийн сантай хамтарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд улиралд нэг сонин гаргадаг. Одоогийн байдлаар санхүүгийн тал дээр бага хэмжээний асуудал гарсан учраас хоёр улирлын сонин хугацаандаа хэвлэгдээгүй. Өнөө маргаашгүй хэвлэгдэж гарах гээд хүлээгээд байж байна. Эхлээд бид “Эхлэл” гэдэг сонин гаргадаг байсан бол одоо Өнөөдрийн сонинтой хамтраад “Өнөөдрийн тойм” сонингоо хэвлүүлж байгаа.

8-р хороо энэ жил  шинээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурьдвал.

Энэ онд бидний шинээр хийж эхэлсэн ажлын нэг бол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр “Мессеж программ”-ыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд үүрэн телефоны дөрвөн оператортой гэрээ байгуулан 139596 тусгай дугаар авч хорооны бүх иргэд рүүгээ зар, мэдээллийг мессежээр хүргэдэг. Энэ ажил нь ганц манай наймдугаар хороонд л хийгдэж байгаа ажил юм. Жишээ нь:

 Өнгөрсөн хагас сайн өдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болсон. Тэр өдрөөр бүх иргэд рүүгээ эргэн тойрны хогоо цэвэрлээрэй гэсэн мессеж бичсэн. 2013 оноос эхэлсэн Азийн сангийн төсөл ганцхан манай хороонд болон 5 аймгийн 5 суманд хэрэгжиж байсан бол 2014 оноос манай дүүргийн гурван хороон дээр хэрэгжиж байгаа. 2015 он хүртэл хэрэгжээд цаашаа сунгагдах боломж өндөр байна. Мөн Азийн сангийн “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт очиж туршлага судалж, тус хөтөлбөрт хамрагдаж байгаа Төв, Хэнтий, Дундговь, Ховд, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа дээрх ажлуудаа сурталчилсан.

Мөн энэ жил Эко уурын зуухыг ашиглалтанд өгсөн. Энэ нь нийслэлийн хэмжээнд манай 118-р сургууль дээр л хийгдсэн. Хамгийн гол нь манай сургуулийн захирал болон бидний зүгээс аль болох шинэлэг сайн, эрүүл мэндэд тустай, агаарын бохирдлыг багасгах тал дээр анхаарч ажиллаж төрөөс төсөв болгоныг хүсэлгүй төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж таатай орчныг бүрдүүлэхийг хичээдэг. Энэ жил манай хороонд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Хан-Уул дүүргийн зуух олголтын цэг ажиллаж байгаа.

Хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал ?

Манай хороонд тулгамдаж байгаа асуудлын нэг бол автобусны асуудал. Хорооны иргэд дэнжээс 3-4 км явж автобусанд суудаг. Энэ хооронд 1500 төгрөгийн таксинд сууж явдаг бөгөөд өглөө, оройдоо ингэж таксинд суух нь иргэдэд их хүндрэлтэй байдаг. Хорооны зүгээс микро явуулъя гэсэн саналыг Нийслэлийн авто тээврийн газарт хүргүүлсэн боловч зөвшөөрдөггүй. Учир нь зөвшөөрөгдсөн шугам, зам нь сайхан байх хэрэгтэй гэх мэт хэд хэдэн шаардлагыг тавьдаг юм байна лээ. Үүнээс гадна  нэг тулгамдаж байгаа асуудал бол камержуулалт. Камерын асуудал дээр бид дөрвөн камерыг суурилуулаад байгаа ч тэр нь одоогийн байдлаар ажиллаагүй байна. Сургуулийн хүүхдийн автобус ч  хэрэгтэй л байна.

Хорооны хувьд статистик тоогоор 11268 хүн амтай ч түр оршин суугч, бүртгэлгүй хүмүүсийг оруулбал 12000 гаруй хүн амтай байгаа. Нэмж Улаанбаатар хороолол болон 118-р сургуулийн хажууд 1300-аад айлын орон сууц баригдаж байна. Тиймээс ачаалал улам л нэмэгдэнэ. Ийм учраас хороогоо хуваалгах нь бидний бас нэгэн тулгамдсан асуудал болсон. Хөрөнгө санхүүтэй холбоотой тул энэ асуудал одоогоор шийдэгдэхгүй байна.

Тодорхой мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Таньд ч бас ажлын амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14821
0 эможи
keyboard_arrow_up