Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн өдөрт зорилусан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2015 оны 1 сарын 10

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2015.01.10/ Төрийн ордонд эхэллээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Мөн тэрээр “Үндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулахаар анх санаачилсан энэ тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байна. Анхны жил зөвхөн нийслэлийн хүрээнд явагдаж байсан бол өнгөрсөн жил аймаг, нийслэлийг хамарч нийт 1200 гаруй тамирчин оролцож байсан. Өнөө жил сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван шаттайгаар явагдаж, нийт 2300 орчим тамирчин оролцсоноос 120 тамирчин шилдгээр шалгарч, оюуны хүчээ сорихоор өнөөдөр энд хуран цуглаад байна.

Шатар бол хүний хамгийн суурь чадвар болох бодох чадварыг хөгжүүлдэг оюуны спортын төрөл юм. Шатар тоглох нь хүний бодох чадвар, аливаа үйл хэргийн өрнөлийг урьдчилан тооцоолох, стратеги боловсруулах зэрэг чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Өнгөрсөн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилга гаргасны хүрээнд тодорхой ажлууд хийгдэж эхэлсэн. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж, түгээх зэрэг чиглэлд анхаарах нь чухал. Үүнд интернет ашиглан онлайнаар шатрын сургалт явуулах хэлбэрийг ашиглах нь оновчтой байж болно. 2014 онд болсон дэлхийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчдаас Г.Мөнхбаяр, Ү.Ажбилэг, Ү.Үүрийнтуяа нар алт, мөнгө, хүрэл медаль авсан. Ийнхүү манай шатарчдын амжилт жилээс жилд өсч байгаад энэхүү тэмцээн хувь нэмрээ оруулж байгаа нь дамжиггүй” гэв.

Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдлийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 315 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явагдсан тэмцээнүүдээс шалгарсан шилдэг 126 шатар сонирхогч оролцож буйгаараа онцлогтой. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. Мөн тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг тухай бүрт нь бид мэдээллэх болно гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15496
0 эможи
keyboard_arrow_up