Гэр хороололд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллаж байна
Сар шинийн баярын өдрүүдээр гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс гэр хорооллын гудамж замуудад шинээр гарц гаргаж, боломжтой замуудыг өргөсгөж, тэгшлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа гулгааг арилгах ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ. Замын цагдаагийн газрын өгсөн мэдээллээр сар шинийн баярын өдрүүдээр Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Баянхошуу, Хайлааст, Долоон Буудал, Гандангийн гудамж, замуудад түгжрэл ихээхэн үүсдэг байна. Эдгээр газруудад тээврийн хэрэгсэлд зориулсан замын зорчих хэсэг нь эвдэрсэнээс автомашинуудын хөдөлгөөн удааширч замын хажуу талаар явах, урсгал сөрөх нөхцөл бий болдог. Тиймээс эвдрэл ихтэй замыг шар шороогоор дүүргэх, эсвэл хүйтний улиралд хийх боломжтой асьфалтан нөхөөс тавих, зарим замуудын голоор тусгаарлах хаалт хийж шаардлагатай гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар Зурагтын эцсээс Дэнжийн мянгын асфальт бетон замыг холбосон 500 метр шороон замыг шинээр тавьж байгаа бөгөөд Баянхошууны Хөтлийн зам, 3, 4 дүгээр хорооллын эвдэрсэн замуудыг шороогоор дүүргэж тэгшлээд байна. Цаашлаад 1-р хорооллын 34-р байрнаас Хангай захын уулзвар руу ордог замын нарийссан хэсгийг өргөсгөж, Хангай захын баруун урд талын гэрлэн дохионы зохицуулалтыг өөрчлөн, Гандангийн гудамжаас Гэсэр сүмийн уулзвар руу орох замын халтиргааг арилгаж, тэгшлэх юм.