Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах санал асуулгын ирцийн мэдээллийг 2 цаг тутамд мэдээлнэ

2015 оны 1 сарын 21

Багануур, Налайх дүүргийн иргэд 2006 оноос нийслэлийн алслагдсан дүүрэгт эдийн засгийн бие даасан хот байгуулах асуудлыг хөндөж, нийслэлийн үе үеийн удирдлагуудад хандаж байжээ. Харин УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилт дэвшүүлсэн юм. Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сараас ажиллаж байна.
Хотын дүрмийн үндсэн хэлэлцүүлэг боловсруулах явцад Багануур, Налайх дүүргийн иргэдээс санал авч, дахин боловсруулсан бөгөөд олон удаагийн хэлэлцүүлгийн дүнд дүүргийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулга явуулахаар болсон. Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 21, 22,  Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 21-ны өдөр 07:00-20:00 цагийн хооронд болно. Өнөөдөр тус дүүргүүдэд санал авах ажиллагаа эхлээд байна. Иргэд хороо бүрт зассан санал авах байранд иргэний цахим үнэмлэхтэйгээ хамт ирж, саналаа өгөх юм. Налайх дүүргийн саналын ирцийн мэдээллийг 2 цаг тутамд мэдээлэх бол Багануур дүүргийн ирцийн мэдээллийг 12, 18, 21 цагуудад мэдээлнэ. Санал хураалтад иргэдийн 50 хувиас дээш нь оролцсон тохиолдолд уг санал авах ажиллагааг хүчинтэйд тооцно.  Харин оролцсон иргэдийн 50 хувиас нь дээш нь дэмжвэл нийслэлийн ИТХ-д өргөн барих юм. Тиймээс Налайх, Багануур дүүргийн иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцохыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.
Багануур дүүрэгт хот байгуулсанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч,нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө. Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох тооцоо, төлөвлөгөөтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16168
0 эможи
keyboard_arrow_up