Өгөөмөр техникийн захынхан гурван том кабель шугам гэмтээлээ
Өнгөрсөн ням гарагт Алтан тэвш, Өгөөмөр, Шинэ үе, Грийн ресорт, Ахмадын хорооллууд орчмын 420 гаруй айл өрх, 11 аж ахуйн нэгж нь өдрийн 14:35 цагаас хойш найман цагийн туршид цахилгааны хомсдолд орсон байна. Шалтгаан нь Өгөөмөр техникийн захын захиргаа хашаан дотроо зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байгаад 10 кВ-ын гурван гол цахилгааны кабель шугамыг механикаар гэмтээснээс үүдэлтэй.
Гэмтлийг шуурхай устгаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр яаралтай хангахаар УБЦТС ХК-ийн Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний хоёр бригад, кабелийн гэмтэл тодорхойлогч Явуулын лаборатори, универсал трактор, компрессор, дизель станцууд гээд машин механизм, инженер техникийн ажилчдын томоохон баг -26 хэмийн хүйтэнд ажилласаар 22:35 цагт эрчим хүчийг сэргээжээ. Мөн энэ хорооллуудыг ус, дулаанаар хангадаг ОСНААУГ-ын хоёр ЦТП, гурван өргөх насосыг зөөврийн дизель эх үүсвэрүүд ашиглан цахилгаан эрчим хүчээр түр тэжээснээр усны шугамуудыг хөлдөж, дулааны доголдол үүсэх нөхцлөөс сэргийлсэн байна.
Энэхүү гэнэтийн осол аваарийг үүсгэн цахилгаан хэрэглэгчдэд болон эрчим хүчний салбарт их хэмжээний хохирол учруулсан Өгөөмөр техникийн захын захиргаанд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, торгууль ногдуулахаар эрчим хүчний хяналтын улсын байцаагчид ажиллаж байна.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан цахилгаан эрчим хүчээр тасалдаж, амралтын өдрийн ая тухаа алдсан хэрэглэгчдээсээ хүлцэл өчье гэж УБЦТС ХК-аас мэдээллээ.