Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тавгийн идээ нь бие, насыг бэлгэддэг

2015 оны 2 сарын 17

Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг ёстой. Монголчууд тухайн өрхийн тэргүүн хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна.

Хүнд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан биеэс гадна сүнсэн бие, гэрлэн бие гэсэн нийт таван бие байдаг. Энэ таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг уламжлалтай юм. Харин тавгийн идээний сууриас дээш явах үений тоо нь гэрийн эзний наснаас хамаардаг ажээ. Өөрөөр дээшлэх үе нь нас, доод тойрог нь бие гэсэн үг юм.

Залуу гэр бүл “Таваар гурван үе” засна

Залуу гэр бүл сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л билэгдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой ажээ.

Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

Бурхан болоочид зориулсан тавгийн идээнд хүрч болохгүй

Хэрэв өрхийн тэргүүн бурхан болоод удаагүй, гурван жил болоогүй тохиолдолд таваар есөн үе таваг засдаг. Тэрхүү тавгийн идээ тусдаа тавигдана. Эцгээ явсны хойно гурван жил хугацаанд бүсгүй хүн ул тавихыг цээрлэдэг. Харин хойчийн буй юмыг билэгдэж өвчүү тавьдаг. Бурхан болоочид зориулагдсан тавгийн идээг ширээнийхээ хойморьт засна. 

Хүндэтгэл идээ учраас зочид хүрэхийг цээрлэдэг. Харин зочид цагаан идээ нэмж тавьж болно. Цагаан сар өнгөрсний дараа бурхан болоочид зориулсан тавгийн идээг хураагаад хүртэж, амсдаггүй бөгөөд галын тахилганд өргөдөг байна.

Тавгийн идээний дор гурил будаа хийхийг цээрлэнэ

Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг. Учир нь тойруулж өрсөн ул боов нь сав болдог бөгөөд түүн дотор таны билэгдэл таван бие оршдог. Энэхүү утга учир, мөн чанарыг ариун сайхан, цэвэр цагаан шүү гэж билэгдэж цагаан идээгээр дүүргэдэг байна.

Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг

Эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавганы идээн дээр еэвэн тавьдаггүй байжээ. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зүй нь бол зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэж өгдөг байна. Энэ ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа билэгдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм.  

Шууд тавгийн идээнд хүрэхийг цээрлэнэ

Тавгийн идээг гэрийн эзнээ хүндэтгэн засдаг. Тиймээс зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой ажээ. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрдэг байна.  Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой.

Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсон

Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүсдээ хүртээдэг.
Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн билэгддэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17870
0 эможи
keyboard_arrow_up