Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны 20 саяын урьдчилгаа төлбөрийн 10 саяыг нь нийслэл даахаар боллоо

2015 оны 3 сарын 17

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам” – ын төслийг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

 

НИТХ-ын ээлжит 17 дугаар  хуралдаанаар баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах” чиглэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууц сан”-гаас нийслэлийн нутгийн захиргааны болон харъяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх юм. Ингэхдээ журамд заасны дагуу нийслэлийн харъяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай, ажил олгогчоос тухайн төрийн албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгуулахаар шийдвэрлэсэн байх, урьдчилгаа төлбөр дутагдалтай боловч харилцагч банк, санхүүгийн байгууллагын зээл олгох бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай  гэдгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Төрийн албан хаагч гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгаа орон сууц худалдан авахад моргейжийн зээл авах боломжтой эсэх талаар харилцагч банкиндаа хүсэлт гаргах бөгөөд банк моргейжийн зээл өгөх боломжтой гэж үзсэн тохиолдолд “Улаанбаатар орон сууц сан”-гаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ харилцагч банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолтын хамт ажил олгогчдоо гаргах юм.
Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зарим нь төрийн албан хаагч 2 хүртэлх жил ажилласан байх гэсэн саналыг гаргасан боловч зарим нь төрийн албанд 5 – аас дээш жил ажилласан байх шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан ч олонхийн саналаар 3 – аас доошгүй жил тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагч зээлд хамрагдах боломжтой гэж үзсэн.
 Мөн Өмчит үйлдвэрийн газар, хорооны хэсгийн ахлагч нарыг зээлд хамруулах, төрийн албан хаагчид байраа өөрөө сонгох, моргейжийн зээлд хамрагдах шаардлага хангасан төрийн албан хаагчдын материалыг эхлээд “Улаанбаатар орон сууц сан” хүлээн авч, дараа нь банкаар дамжих зэрэг саналыг гаргасан ч журамд тусгасны дагуу  эхлээд банкаар дамжин “Улаанбаатар орон сууц сан” – д очих ёстой. Банк бол эргэн төлөх эрсдэл хариуцаж, тогтвортой ажиллах баталгаа болж өгдөг гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлж байв. Мөн тэрээр “Ажил олгогчийн хувиар төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойрон ажиллаж байна. Бид эмч, багш нартай уулзах үеэр бага ангийн багш нарын 80 гаруй хувь нь цалингийн зээлтэй гэдгээ учирлаж байсан. Ийм үед өндөр хүүтэй моргейжийн зээлд хамрагдана гэвэл их дарамтад орно. Тийм ч учраас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх нь цаг үеэ олсон чухал асуудал юм” гэдгийг онцлон хэллээ.
НИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд давуу эрх эдэлж байна гэж шүүмжлэлтэй хандаж байв. Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах замаар орчны бохирдол, экологийн доройтол, эрүүл аюулгүй байдал алдагдсан үйл явцыг алга болгоно гэдгийг анхнаасаа төлөвлөж байсан учир дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид гэр хорооллын төсөл хэрэгжүүлэгч компаниудад ийм хэмжээний дэмжлэг үзүүлэхгүй бол дахин төлөлвлөлтийн компаниуд сул чөлөөтэй байгаа шинэ суурьшлын  бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Хэрвээ ийм зүйл тохиолдвол Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Иймээс дахин төлөвлөлтийн компаниудыг дэмжих нь чухал юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19257
0 эможи
keyboard_arrow_up