Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОЮУНЧИМЭГ:Иргэний танхим бол иргэдийн нийтийн хурал болон иргэн хоёрыг холбох гүүр болж өгсөн

2015 оны 3 сарын 20

ХУД-ийн 19-р хорооны ИНХ-ын дарга Д.Оюунчимэгтэй хэдэн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Иргэдийн Нийтийн хуралд хэдэн оноос эхэлж сонгогдон ажилласан бэ?

 

Миний хувьд 2008 оноос хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр, 2013 оноос өнөөдрийг хүртэл хурлын даргаар ажиллаж байна.

- Тэгэхээр өмнө нь ажиллаж байсан одоо ажиллаж байгаагийн хувьд ажлын уялдаа холбооны талаар яриач? Тэр үед засаг өөр байсан байх тийм үү?

Тийм ээ. 2008 онд Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байх үед иргэдийн нийтийн хурлын үйл  ажиллагаа бол нилээд сул байсан.  Иргэд ч гэсэн Иргэдийн нийтийн хурал гэж юу байдаг, хурлын дарга, тэргүүлэгч нар юу хийдэг талаарх мэдээлэл харьцангуй багатай байсан. 2012 оноос эхлээд Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа идэвхжсэн бөгөөд  төр засгаас ч гэсэн иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа ихээр явуулдаг болсны  үр дүнд эргээд иргэд Иргэдийн нийтийн хуралтайгаа яаж харьцах вэ? Эдгээр хүмүүс бидний төлөө ажилладаг  юм байна. Бид нар өөрсдийн дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гэдэг тал дээр түлхүү ажилладаг болсон.

-Мэдээж өнгөрсөн онд  хийж хэрэгжүүлсэн олон ажил байгаа байх. Тэдгээрээс онцлох ямар, ямар ажлыг дурдах вэ?

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөлөөс хороо бүрийг иргэний танхимтай болгох ажлыг дэмжсэний үр дүнд 9-р хороо Иргэний танхимтай болсон. Түүнчлэн тоног төхөөрөмж, эд хогшил, тавилгаар хангаж өгч, орон тооны ажилтанг бий болгосон байгаа. Энэ бол  маш том ажил байсан бөгөөд  хорооны Иргэдийн нийтийн хурал болоод иргэн хоёрыг холбох гүүр болж өгсөн.  Мөн 9-р хороог гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орох асуудлыг иргэд өөрсдөө санаачлан  бид дүүрэгт уламжласны дагуу нийслэлд шийдэгдэн энэ оны хавраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлэх гэж байна.

Манай ХУД-ийн  9-р хороо 8500 хүн амтай дангаараа гэр хорооллоос бүрдсэн, ядуурал ихтэй, хойд талдаа их алслагдсан хороо учраас иргэд рүүгээ чиглэсэн ажлыг маш их хийх шаардлагатай байдаг. Мөн иргэдийнхээ дуу хоолойг сонсож тэднийг яаж хөгжүүлэх вэ, тэдний амьдралын түвшинг яаж дээшлүүлэх тал дээр илүү анхааран ажиллах шаардлага гарч байна.

-Танай дүүргийн хувьд боловсролд чиглэсэн олон ажлыг хийдэг онцлогтой шүү дээ. Үүний нэг жишээ нь “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр  юм. Энэ тал дээр та өнгөрсөн жилд  ямар ажлыг хийж хэрэгжүүлсэн бэ?

Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн дагуу  ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчид, сургуулийн удирдлага болон сурагчдын  эцэг эх, багш, мөн нутаг дэвсгэрийн  нэгжийн удирдлагатай хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.  Жишээ нь 114 дүгээр сургууль дээр 10 дугаар ангийнханд зориулан “Мэргэжлээ яаж зөв сонгох вэ?” гэсэн зөвлөгөө өгөх арга хэмжээ явуулсан. 

-Энэхүү сургалт, зөвлөгөө өгөх ажиллагаа хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ?

Миний хувьд их үр дүнтэй болсон гэж бодож байна. Яагаад гэвэл бид самбар дээр мэргэжилтнүүдийг жагсаан бичиж, хүүхдүүдээс ямар чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа, эцэг эхээсээ зөвлөгөө авсан эсэхийг асууж судалгаа авахад хүүхдүүд өөрөө сонгосон мэргэжилдээ тэмүүлж байгаа нь харагдаж байсан.  Энэ ажил нь хүүхдүүдийг нээж өгсөн томоохон ажил болсон байхаа гэж бодож байна.

- 9-р хороо нь алслагдсан хороо шүү дээ. Тэгэхээр хогны асуудлаа яаж шийддэг вэ?

Манай хороо  хогныхоо асуудлыг шийдээд 3, 4 жил болж байна.  Өмнө нь  хур хог ихтэй байсан.  Одоо бол  дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаа сайжирсан. Хогоо сардаа 2 удаа ачуулдаг болсон. Мөн иргэд өөрсдөө хогоо ил задгай хаях нь багассан. Нийтээрээ олон нийтийн гудамж талбайгаа цэвэрлэдэг болсон байгаа.

-Дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаа сайжирч хур хогноосоо салсан гэж ойлгож болох юм нь байна. Тэгэхээр Иргэний танхим гэж хороо болгонд байдаг. Энэ иргэний Танхим болоод иргэд хоорондын уялдаа холбоо ер нь ямар байна вэ? Хамгийн анхан шатны нэгж бол хорооны иргэний танхим байгаа шүү дээ. Иргэд та бүхэнд хэр хандаж байна вэ? Мөн ямар шалтгаанаар ханддаг  вэ?

Иргэний танхим маань 2013 онд байгуулагдсан.  2014 онд түрүүнд хэлсэнчлэн тоног төхөөрөмж, эд хогшлоор хангагдсаны үр дүнд бидэнд иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахад дөхөм болсон. Он гараад манай 9-р хорооны Иргэний танхимаар 200 гаруй хүн үйлчлүүлээд байна. Тухайн хүн маань ямар шалтгаанаар бидэнд хандаж байгааг нь тодруулаад тухайн хүний утас, интернэтээр холбогдох хаягийг нь авч үлдээд эргэж холбогдож тодорхой мэдээллийг нь өгч ажилладаг. Тийм учраас Иргэний танхимийн үйл ажиллагаа өргөжиж бидэнд хандах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

-  2015 онд ямар ажлууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

2015 онд манай хороонд олон ажил хийгдэх гэж байна. Үүний нэг нь Нисэхийн эцсийн буудлаас Сонсголонгийн гүүр хүртэл 5км хар зам тавигдах гэж байна. Үүний 1.5 км замыг нийслэлийн хөрөнгөөр 3.5 км замыг конвенцийн гэрээгээр хийх юм. Мөн дүүргийн орон нутгийн сангаас 9-р хороонд 926 сая төгрөгийг баталсан байгаа. Энэ мөнгөөр хорооны бүх гэрэлтүүлгийг шинээр хийх төлөвлөгөөтэй байгаа.

Түүнчлэн 2015 онд манай хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 65 сая төгрөг хуваарилагдаж ирсэн байгаа.  Уг мөнгөөр 114-р сургуулийн араас эхлээд Хайрхан дэлгүүр хүртэлх замыг сайжруулсан зам болгон засах, явган хүний зам тавих, үерийн шуудуу тавих гэх мэт ажлуудад зарцуулахаар  иргэд өөрсдийн саналаа өгсөн байгаа. Тэгэхээр энэ он бол манай хорооны хувьд бүтээн байгуулалтын жил болох төлөвтэй байна.

-Тэгвэл 2015 ондоо ямар онцлог том ажлыг хийх вэ? Энэ талаар дурдвал.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамаарах газар шинэчлэн зохион байгуулахад их анхаарч ажиллаж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр өгсөн иргэдийн саналаас харахад таун хаусыг их сонирхож байна.

Үүний дагуу 9-р хороонд Нармандах ахлагчтай ажлын хэсэг байгуулагдан ажилласны үр дүнд 200 гаруй айл өрхийг  гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оруулах гэж байна.  Ингэснээрээ гэр хорооллыг дулаанаар хангах, дэд бүтэц, хүүхдийн тоглоомийн талбай, сургууль, цэцэрлэг гэх мэт асуудлыг шийдэх юм.

-Танай хороонд хамгийн түрүүнд тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?

Хамгийн эхэнд хөрсний бохирдол, агаарын бохирдол, усны бохирдол гэх мэт асуудлууд байгаа. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд  дүүргийн зүгээс маш олон арга хэмжээ авч байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Туул голын орчимд мод тарих ажил юм. Жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа мод тарих ажил өргөжин тэлж одоо хувийн хэвшлүүд хүртэл хамрагдах болсон юм. Тухайлбал,  Монгол-Машин-Концерн компани хүртэл энэхүү мод тарих ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Олон, олон ажилтайгаар эргэн уулзая.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19510
0 эможи
keyboard_arrow_up