Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хонхны баярыг зохистой тэмдэглэх чиглэлээр хяналт тавих үүрэг өглөө

2015 оны 4 сарын 06

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Хан-Уул дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн дүүргүүд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулжээ.

Хан-Уул дүүрэгт сүүлийн 14 хоногт нийт 1247 гомдол мэдээлэл ирснээс өмнөх 14 хоногоос 8.9 хувиар буурчээ. Тус дүүрэгт тулгамдаж буй асуудал нь 13-р хорооны “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд А зэрэглэлийн гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар “Хязгаарлалтын дэглэм” тогтоож 24 цагийн эргүүл, пост гарган ажиллаж байна гэлээ. Өвчин гарсантай холбоотой хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх, гахайг нядлан устгах зардалд Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Харин Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хяналт”, “Тамхины хуулийн хэрэгжилт”, “Эргүүл хяналт”, “Архины албадан эмчилгээ” зэрэг нэгдсэн арга хэмжээг удирдамж төлөвлөгөөний дагуу дүүргийн холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, дэлгүүр болон зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг  198  аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж арга хэмжээ авсан гэлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт илрээд байгаа гахайн мялзан өвчний нөхцөл байдал, даатгалын талаар тодруулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгав. Мөн нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр Худалдан авах үйл ажиллагааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн  бүх Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар хамтран ажиллаж, ил тод нээлттэй зохион байгууулахыг үүрэг болголоо. Мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зар сурталчилгааны самбаруудыг стандартын дагуу нэгтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд,  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа мөн үерийн эрсдэлийн менежмент, даатгалыг судлахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, нийслэлийн сургуулиудын хонхны баярын үйл ажиллагаанд хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газар, Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20137
0 эможи
keyboard_arrow_up