Замын цагдаагийн газар цагаан сараар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ
Сар шинийн баярын өдрүүдээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт 2 ээлжээр уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж, ялангуяа гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажилласан байна.
Хөдөлгөөний ачаалал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил их гардаг учраас замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ээс Баянхошууны Хөтлийн зам, нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь эхийн уулзвар зэрэг хэдэн хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэрсэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын замыг шороогоор дүүргэж тэгшилжээ.
Шинийн 2 буюу 2 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн учраас нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд 3,4 дүгээр хороолол, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Дарь эх зэрэг ачаалал ихтэй, өгсүүр замуудын халтиргаа гулгааг арилгаж, давс, бодос цацан шуурхай арга хэмжээ авсан байна.