ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
С.Батболд: Хот бол хамтын амьдрал. Нэг хүний биш нийтийн эрх ашигт захирагдах дүрэм үйлчлэх ёстой
Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Гантөмөр болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцож, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулт өгч, хотоос хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа.
Азийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сан 2012 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Хотын засаглал”, “Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт”, “Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тиймээс цаашид засаглалыг бэхжүүлэх, сайн засаглалыг дэмжих чиглэлээр урьд бий болгосон харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна.
Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно
Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, үйлдвэрлэл эрхлэгсдийг оролцуулсан цахим хурал боллоо. Цахим хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар үг хэлсэн. Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэл ажил, цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, чиглэлийнхээ талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа.
Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд олон талт хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Улаанбаатар хотын даргын хувьд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж, Хотын дарга А.М.Голковтой албан уулзалт хийсэн.
“Ногоон сан” ТББ хамтарч байгуулахыг дэмжлээ
Нийслэл хотод үйл ажиллагаа тогтмол явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэдэг “Улаанбаатар худалдааны танхим”-ын гишүүд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, энэ ажлын хүрээнд “Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулах саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Уг сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм.
Газар гэсч, урин цаг ирэх үетэй зэрэгцэн Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд 9 дүүргийн дарга нартай уулзалт хийж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийхээр төлөвлөж байгаа ажил болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг чангатгах талаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР эрдэмтэдтэй санал солилцох ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд НИТХ-ын даргатай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байсан. Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөн тооны байрууд ашиглалтад орсон ч зуу, зуун өрх орон гэргүй шаналж явна. Өөрийн газар дээр өр ширгүй, дарамтгүй тайван амьдарч байсан иргэд өнөөдөр түрээсийн төлбөр ч үгүй гудманд гараад байна. НИТХ-ын даргатай эдгээр иргэдийн төлөөлөл уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон айлууд доод тал нь 4 жил дээд тал нь 8 жил болж байгаа юм.
“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт боллоо
Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нар ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт боллоо.
Бүтээн байгуулалтын ажилд зарим компаниуд саад болж байна
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар чөлөөлөлт хийгдэж эхэллээ.
БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Таван богд трейд” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллаж байна.
Цэвэрлэгээний менежментийн үр дүнд алслагдсан замууд бүрэн цасгүй болов
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч онд нийслэл хотын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч ажилласан билээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн зам талбайн цэвэрлэгээг Нисэх Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик, Найрамдлын зам, Хүй долоон худаг, Эмээлтийн зам, Тээврийн товчооны замуудыг бүрэн эзэнтэй болгож жилийн 4 улиралд тогтмол арчилгаатай байлгах бодлого, зорилт баримтлан ажилласан юм. Энэ ажлын үр дүнд алслагдсан замуудад гарах овар ослын тоо эрс буурсан судалгаа гарсан байна.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа
Жил бүрийн аравдугаар сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөлийн улирал явагддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд, үүнд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд хамгийн олонтаа өвчилдөг. Иймээс ч нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг.
Энэ байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо. Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Томуу нь жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх хандлагатай юм.
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа. Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд: Монос, өрөл, тэхийн шээг, боролзгоно, нохойн хошуу, голт бор, шар хуайс, гүйлс, буйлс, хус, агч мод зэрэг хэлбэр өнгө зэргээрээ ялгарсан гоёлын модод багтаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Ойн баясах ХХК, Мандан баясах ХХК болон бусад гоёл чимэглэлийн мод бутны нөөц ихтэй байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.
Нийслэлд цэргийн бүртгэл 80 хувьтай байна
Цэргийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамжийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 20-ний өдрийг дуустал ажлын өдөр 8 цаг 30 минутаас 19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00 цагаас 18.00 цагийн хооронд хорооны Засаг даргын ажлын байранд зохион байгуулж байна.