Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 6 сарын 30

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.06.24-2019.06.30/ болсон Нийслэлтэй холбоотой онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Arslan.mn

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм. “Яармагийн шинэ дэд төвд баригдаж буй 68 мянган ам метр талбай бүхий хотын захиргааны шинэ цогцолборыг нийслэлийн Засаг даргын хувьд миний бие хүүхэд, залуустаа зориулахыг хүсэж байна. Төрийн албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах нь чухал. Гэхдээ албан хаагчид нэн тэргүүнд ажлын хариуцлага, чадавхаа дээшлүүлэх нь чухал. Ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийе, бүтээе гэвэл хаана ч хийх боломжтой. Хотын ажил гэдэг бол бодит амьдрал дунд орж, асуудал шийдэхийг шаарддаг. Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш. Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлов. 

Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичтой уулзлаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Улаанбаатар Лифт” ОНӨҮГ-ын дарга  Б.Батбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, БНБУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Африк, Латин Америкийн ерөнхий газрын дарга Рыбак Станислав Васильевич болон холбогдох албаныхан оролцов. 

Нийслэлийн 2019 оны төсвийг тодотгов

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв.  

Л.Эрдэнэчулуун: Зөрчилтэй ААН, үйлдвэрүүдийг олон нийтэд зарла. Ард иргэд өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй

Arslan.mn

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурлаар "Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа. НМХГ-аас нийслэлийн хэмжээнд 2019 онд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийжээ. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799 буюу 64.7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлжээ. Мөн гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан зөрчил гаргасан 87 аж ахуйн нэгж, иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 80,  зөрчлийн хэрэг 7 газарт нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажилласан байна. Хурлын үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ "Хийж байгаа бизнестээ хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрээс чинь эрсдэл алдаа гарах, хүний амь нас эрсдэх бол  өөрөө үүрэг хариуцлага үүрнэ. Энэ ААН байгууллагуудад дотоод хяналтаа тавьж ажиллахыг онцгой үүрэг даалгавар болгож өгч байна. Нийт үйлдвэрүүдийн 93 хувь нь хяналтгүй байна гэдэг чинь том асуудал. Бүтээгдэхүүнээс дээж шинжилгээ хийлгээгүй байж хаяг шошго тавих чинь асуудал шүү. Та нар хэнийг хуураад байна вэ. Үйл ажиллагаа явуулж байгаа нийт үйлдвэрүүдийн 77 хувь нь өөрийн гэсэн лабораторгүй байж өдөр тутмын үйл ажиллагаа явуулж, махан бүтээгдэхүүн гаргаад байдаг.  Хаана шинжлүүлээд хаяг, шошгоо тавиад байна. Бодит байдал  ийм байна. Эцсийн хохирогч нь Улаанбаатарын иргэд. Маш өндөр хариуцлага үүрнэ шүү гэдгийг анхааруулмаар байна.  Мөн хөдөлмөрийн харилцаа дээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, авсан ажилтандаа эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэх мэт зөрчлүүд илэрсэн. Гэрээ хийлгүй ажиллуулдаг, цалин хөлсийг бүрэн олгодоггүй ийм л зөрчлүүд их байна.Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн чинь хяналт хийлгээгүйгээс үйлдвэрийн осол гарч байна. Баталгаажуулаагүй тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ явуулж байна. Ажилтуудаа эрүүл мэндийн үзүүлэгт хамруулаагүй. Ямар халдварттай  хүн ажиллаж байгаа тодорхойгүй. Үүнээс болж халдварт өвчин гарах том эрсдэл дагуулж байна. Ийм байж хиамаа зараад байдаг. Хяналтын байгууллагад шалгуулахдаа гол нь биш үйлдвэр бизнес эрхэлж байгаа бол дотоод хяналтаа сайн тавьж стандартаа барих хэрэгтэй. Дүгнэж хэлэхэд  зөрчөлтэй аж ахуйн нэгж үйлдвэрүүдийг олон нийтэд зарла. Ард иргэд өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй" гэв. 

Түгжрэлийг бууруулах зорилгоор автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар иргэдээс санал асуулга авч байна

Arslan.mn

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм.

НХЭГ-аас ЗУРГААН дүүрэгт “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ“ ажиллуулав

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг тавдугаар сараас зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нийт 48 хорооны иргэдийг хамруулан 13 байршилд ажиллаж, холбогдох хөтөлбөр арга хэмжээнд хэрхэн хамрагдах болон зохистой, тогтвортой ажлын байртай болоход чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө өгч, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос хүргэн ажиллалаа гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

“И март”-аас шаардлага хангаагүй 83.4 тонн барааг устгажээ

Arslan.mn

“И март”  дэлгүүрт гал гарсанаас болж шаардлага хангахгүй болсон 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн I хороонд байрлах "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" “И март” салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулжээ. Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.  Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулжээ. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх гэнэ.

“Хүнсний 20“-ын нүхэн гарц 31 жилийн дараа шинэчлэгдлээ

Arslan.mn

Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд өнөөдөр хотын Захирагч газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авлаа. Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй нүхэн гарцад иргэд зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засварлаж, иргэд, явган зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүллээ.

Дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

Arslan.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс  өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна. Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.

БЗД-ийн 13, 14 хорооны 1000-аад айл энэ зундаа ОРОН СУУЦТАЙ болно

Arslan.mn

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын барилгын ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нарантуул захын Ахмадын хотхоны зүүн хойно байрлах орон сууцны XIV хорооллын Б, Е хэсэгчилсэн талбайд Зургаан талт, Моннис Урбан Девелопмент болон Цагаан хуаран компаниуд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, орон сууцны барилга барьж байгаа юм. Моннис Урбан Деволопмент ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын талбайд очлоо. Тус компани нь НИТХ-ын 2013 оны 7/29 тоот тогтоолоор БЗД-ийн 13,14 хорооны нутаг дэвсгэр, орон сууцны XIV хорооллын Б хэсэгчилсэн талбайд нийт 11,3 га барилгажих талбайд 165 нэгж талбарт 2304 айлын 14 блок орон сууцны барилга, 300 хүүхдийн цэцэрлэг барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус барилгын явцтай танилцахад барилгын гүйцэтгэлийн явц 95 хувьтай, гадна болон дотор заслын ажлаа хийж дууссан, одоо барилгын цэвэрлэгээндээ орсон, лифт ашиглалтад ороход бэлэн болсон байдалтай байлаа. Гүйцэтгэх захирал Б.Урантулгатай уулзаж, байдлыг тодруулахад “Манай компани Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 110 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжийн 168 айлын орон сууцыг энэ 7 сардаа багтаагаад ашиглалтад өгөх гэж байна. Дараагийн 168 айлын орон сууцыг гадна талаа дуусгаад 9 сардаа дотор заслын ажилдаа орно, оны өмнө буюу 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна” гэв.

Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.  “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр"-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. “Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирж, харилцан туршлага солилцсон” хэмээн “Зориг сан”-ийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.

ЖУРАМ: Түрээсийн орон сууцын 30%-ийг зорилтот бүлгийнхэнд, 30%-ийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгоно

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

НМХГ: Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ

Arslan.mnНийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж 15 үсчин, гоо сайхны газарт мэргэжлийн хяналтаас шалгалт хийжээ. Шалгалтаар зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж буй зөрчил нийтлэг илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн гоо сайхны газруудаас таван газар буюу 33.3% нь, үсчний газруудаас 61.9% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй нь илэрчээ. Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд  хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байсан байна. Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 19 газарт 101 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, таван газарт 15 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан даалгавар өгч, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлжээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн УР ЧАДВАР олгох эрхийн бичгийн сургалт явагдаж байна

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулагдаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулахаар эрх авсан 50 байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс “Дүнжингарав” дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дүүргүүдийн ХХҮХ-ээс суралцах эрхийн бичиг авсан иргэдэд сургалтын байгууллагуудын мэдээллийг хүргэж, сургалтад хамрагдах эрхийн бичгийн бичилт хийн ажиллаж байна 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605404
0 эможи

keyboard_arrow_up