Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Индра: Хураамж нэмэгдэхэд иргэд тав тухтай ЗОРЧИХ БОЛОМЖ бүрдэнэ

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индратай ярилцлаа.

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргах шалтгааныг та яаж харж байна вэ?

-Иргэдийн дунд татвар нэмэгдсэн гэсэн ташаа ойлголт яваад байна. Энэ бол татвар биш хураамж. Энэ хураамж замын санд төвлөрдөг. Замын санд төвлөрснөөр Улаанбаатар хотын зургаа, алслагдсан гурван дүүргийн замын арчлалтад зориулагддаг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 1,000 орчим км зам байна. 1,000 гаруй км замыг авто замын насжилтаар нь авч үзвэл 60 орчим хувь нь өндөр насжилттай байна. Өндөр насжилттай авто замуудад жил бүр арчлалт хийдэг. Гэвч замын санд төвлөрдөг мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй.

Өндөр насжилттай авто замууд дээр бүтцийн эвдрэл их хэмжээгээр гарсан байгаа. Бүтцийн эвдрэл гарсан авто замуудад нөхөөс хийгээд ямар ч үр ашиггүй байдаг. Эвдрэлтэй замуудад нөхөөс хийхэд нэгээс хоёр жил болоод л эвдэрчихнэ.

Хураамж нэмэгдэхэд замын сангийн хөрөнгө өснө. Ингэснээр бүтцийн эвдрэлд орсон замуудаа хэсэгчлээд урсгал засвар хийгээд шинэчлээд, өргөтгөөд явах боломж бүрдэнэ.

Мөн Улаанбаатарын нийт авто замуудын 60 гаруй хувь нь л ус зайлуулах хоолойтой. Үлдсэн замууд нь ус зайлуулах хоолойгүй. Ингээд зам дээр ус тогтох асуудал үүсэж байгаа юм. Ус зайлуулах хоолойнуудыг шинэчилж, нэмэх ажил хийх  гэхэд замын сангийн хөрөнгө мөн хүрэлцдэггүй.

Хураамж нэмэгдээд явахад тээврийн хэрэгсэл эзэмшээд явж буй иргэдийн өөрсдийнх нь тав тухтай зорчих боломж нь бүрдэнэ. Нэмж хэлэхэд зам тээврийн осол багасна. Мөн тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл гарах нь ч багасна.

Энхэл донхолтой замаар зорчиход автомашинд эвдрэл их гардаг шүү дээ. Энэ хэрээр иргэдийн халааснаас мөнгө урсдаг. Иймээс бид авто замаа чанаржуулъя, нөхөөс хийгээд байх биш шинэчлээд явъя гэж төлөвлөсөн.

Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах бололцоо бүрдэнэ гэж үзсэн. Мөн Улаанбаатар хот хоёр тийшээ тэлж байгаа. Хураамжийг нэмэгдүүлснээр авто замын чанар, түгжрэлийн асуудлыг шийдэх төсөл арга хэмжээнүүдийг хийгээд явах боломж бүрдэнэ.

-Өмнө нь 20 мянган төгрөг зам засвар арчилгаанд авдаг байсан. Энэ нь зам засвар арчилгаатай холбоотой төсвийн хэдэн хувийг бүрдүүлдэг байв?

-Хураамжаараа замаа бүрэн засаж чаддаггүй байсан. 20 мянган төгрөг зам засвар үйлчилгээнд авлаа гэхэд замынхаа 40 хувийг нь л засчихаад л дараа жилийнхээ хөрөнгийг хүлээдэг байсан. Энэ хураамж нэмэгдээд орох юм бол дээр дурдсан асуудлууд бүрэн шийдэгдээд явах боломж бүрдэнэ.

Өнөөдөр жилд 100 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байна. Энэ хэмжээгээр авто замын ачаалал нэмэгдэж байгаа юм. Энэ ачаалал ихсээд ирэхээр авто замын насжилт богиносдог. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд стандартын дагуу шинэчлэх, бүхэлд нь болон хэсэгчлээд өргөтгөөд явна. Уулзваруудыг өргөтгөж, шинэчлээд явахад түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Дээрээс нь явган хүний гүүрэн гарц манайд шаардлагатай байгаа. Явган хүний гарц авто замтай нэг түвшинд байдаг учраас уулзвараа нэвтрэхээр автомашин зогсолт хийдэг. Уулзвараа нэвтрээд явган хүний гарцан дээр мөн зогсолт хийдэг.

Энэ асуудлыг гүүрэн болон нүхэн гарцаар шийдэж болно. Үүнийг шийдэх гэхэд өнөөх санхүүгийн асуудал тулгараад л зогсдог. Энэ бүхнийг хийхэд өмнөх хураамж хаанаа ч хүрдэггүй. Бид хураамжийг тав дахин нэмэгдүүлсэн ч 100 хувь хангаж чадахгүй. Бүх замуудад ус зайлуулах хоолой бариад, дугуйн болон явган хүний стандарт зам хийхэд хүрэлцэхгүй.

Жилд 400 гаруй тэрбум төгрөг байж л үүнийг иж бүрнээр нь шинэчилнэ. Тав дахин нэмэгдүүлээд орчих юм бол 80 орчим хувийг засчихаж болно. Бид хотдоо нүхтэй замаар зорчихгүй. Хотын замын стандартын асуудлыг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Иргэд нимгэн, нарийн зам тавьсан байна гэж шүүмжилдэг. Энэ нь төсөвтэй л холбоотой байдаг.

-Автомашин тэр бүр ашиглаад байдаггүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог жолооч нар байдаг. Эдэнд хохиролтой юм биш үү?

-Авто тээвэр эзэмшиж байгаа иргэд өвлийн улиралд гараашдаа хийчихдэг, зун нь унадаг гэдийг бид батлах боломжгүй. Үнэхээр эвдрээд бүтэн жил зогссон тээврийн хэрэгсэл байгаа бол холбогдох баримтуудыг үзүүлээд шийдэж болох байх. Энэ бол Авто тээврийн үндэсний төвийн шийдэх асуудал.

-Хөгжилтэй орнуудын жишиг ямар байдаг вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харахад хэт олон тооны тээврийн хэрэгслээс татгалзсан хандлагатай байдаг. Улаанбаатарт бол хүн бүхэн л тээврийн хэрэгсэл эзэмшээд л түгжрээд зогсоод байна.

Нэг өрх л багаар бодоход нэгээс хоёр тээврийн хэрэгсэлтэй байна. Бид нийтийн тээврийг хөгжүүлээд автомашингүй хот болохыг зорих хэрэгтэй. Олон улсын жишгийг дагаж хөгжье гэвэл автомашинаас татгалзах нь зүйтэй.

Татгалзуулаад нийтийн тээвэр, дугуйн замаар зорчих боломжийг нь бид бүрдүүлэх хэрэгтэй. Бүрдүүлэхийн тулд бид нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дугуйн замыг түлхүү тавихаар төлөвлөсөн. Унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуйны хэрэглээ манайд дэлгэрээд байна шүү дээ.

-Олон улсын жишигт автомашинаас татгалзуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлдэг юм бэ?

-Автомашинаас татгалзуулахын тулд төлбөртэй зогсоол их хэмжээгээр хийдэг. Зогсоолын төлбөр нь ч өндөр байдаг. Хураамжууд нь мөн өндөр байдаг.

Хөгжилтэй орнуудын зам шил толь шиг байдаг нь хөрөнгө санхүүжүүлэлт сайн байдагтай холбоотой. Үүний эхлэлүүдийг манайх хийгээд явж л байна. Сая Яармагийн гүүрийг хоёр түвшний огтлолцолтой хийлээ. Замын цагдаагийн гүүрэн гарцыг дурдаж болно. Шууд нэг дор бүтээж чадахгүй ч гэсэн ойрын, дунд, урт хугацаанд хийх төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд л явж байна.

-Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шийдвэр гаргалаа. 2020 онд ямар ямар ажил төлөвлөөд байна?

-Баянбүрдийн тойргоос Тасганы овоо руу өгссөн зам бүтцийн эвдрэлд орсон, нөхөх боломжгүй болсон. Мөн Улаанбаатар хотын гадна тойруу буюу лагерийн бүсийн Санзайн зам эвдрэлтэй байна лээ. Нарны зам ч 10 гаруй жил болсон байна. Шинэчлэлт хийж хэсэгчлэн засах шаардлагатай замууд байгаа.

Дээрээс нь орон сууц хорооллын дотор бүхлээр нь шинэчлэх шаардлагатай замууд олон байна. Энэ бүхнийг засна. Ерөнхийдөө шинээр тавих замууд гэр хороолол руу түлхүү чиглэсэн байгаа.

-Улаанбаатар хотын бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслүүд хураамж төлнө гэж ойлголоо. Эхний ээлжид хураамж төлсөн тээврийн хэрэгслийг “А” бүсээр зорчуулах гэх мэт зохицуулалт хийж болоогүй юм уу. Наанадаж зах замбараагүй түгжрэл хэвийн болно шүү дээ?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Тэнд түгжрэлийг бууруулахаас олон концепцууд дэвшүүлсэн. Одоогоор судалгаа нь хийгдээд явж байна. Энд бүсчлэлийн асуудал яригдаж байгаа. Хотын төв рүү орох тээврийн хэрэгсэл яах вэ, “Б”, “В” бүсийн тээврийн хэрэгсэл яах вэ гэх мэт шийдлүүдийг дэвшүүлээд судалгаа хийгээд явж байна.

-Орон нутгийн автомашин хотод нэвтэрсэн тохиолдолд яах вэ?

-Судалгаа хийгээд явж байгаа. Өнөөдөр бол Улаанбаатар хотын тээвэр эзэмшигчид хөдөө орон нутгийн замаар зорчиход хураамж төлдөг. Орон нутгийн автомашин нийслэл рүү орж байгаа тохиолдолд хураамж төлдөг. Удахгүй шийдэх байх.

2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС МӨРДӨГДӨХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

Д/д Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 150,000
2 Бусад /2000см3 хүртэл/ 100,000
3 2001-3000см3 150,000
4 3001-4000см3-ээс дээш 250,000
5 4001см3-ээс дээш 300,000
6 Ачааны 1 тонн хүртэл 200,000
7 1-2 тонн 225,000
8 2-3 тонн 250,000
9 3-5 тонн 275,000
10 5-8 тонн 300,000
11 8-10 тонн 325,000
12 10 тонноос дээш 350,000
13 Автобус 15 хүртэл суудалтай 200,000
14 15-аас дээш хүний суудалтай 300,000
15 Цистерн 250,000
16 Тусгай 200,000
17 Чиргүүл 150,000
18 Механизм Тээвэр үйлчилгээний 300,000
19 Технологийн 300,000
20 Бага оврын 150,000
21 Мотоцикл, мопед 2 дугуйт 50,000
22 3 дугуйт 50,000

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611219
0 эможи

Зочин
2019-12-04 12:32
Хэзээ ч тийм зүйл болохгүй... Та нар автозамын Ганбат, Доржханд мэтийн идсэн, авилгад авсан шамшигдуулсан мөнгөөр хэдэн арав дахин мөнгөөр засахгүй яасан юм бэ? Авилга авахаа л больчих...
keyboard_arrow_up