Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх мягмар гарагаас эхлэн “Богдхан уул-Төв номын сан” чиглэлд автобус явуулахаар боллоо

2019 оны 12 сарын 06

Arslan.mnНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай”, “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай” зэрэг найман асуудлыг хэлэлцлээ.

“Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр асуудлыг хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12,031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газрын давхцал үүссэний улмаас цогцолборын төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болоод буй. Тиймээс Аргалант сум болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.

Өнөөдрийн хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Arslan.mn

Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 авто зогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүлэв. Ингэснээр тухайн чиглэлд автобус өдөр бүр явах боломжтой болж буй.

Энэ талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Ирэх мягмар гарагаас эхлэх өдөр бүр ажлын цагаар нийтийн тээвэр зорчиж өдөртөө 1600 орчим зорчигч тээвэрлэх тооцоо гарсан. Хан-Уул дүүргийн XI хороонд 980 өрхийн 3790 орчим оршин суугч амьдардаг. Зөвхөн Богд уул руу нийтийн тээврээр зорчино гэхээсээ илүү энэ Ар зайсангийн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг давхар нэмэгдүүлж өгч байгаа юм. Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 авто зогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой гэдгийг Нийтийн тээврийн газраас тооцсон. Улмаар ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Богдхан ууланд амрагчдад зориулан нийтийн тээврийн асуудлыг нь шийдэж өгсөнөөр олон талын ач холбогдолтой. Чөлөөт цагаа зөв зохистой эрүүл агаарт алхаж өнгөрүүлдэг нийслэлчүүддээ зориулан цаашид холбогдох асуудлуудыг шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611321
0 эможи

Зочин
2019-12-07 07:37
20 ond tsaashaa shuu ta nar
Зочин
2019-12-07 05:57
keyboard_arrow_up