Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Авто зам ашигласны төлбөрийг НЭМЭХИЙГ ДЭМЖИХ НЬ

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан /НИТХ/-наас /2019.12.02/ авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ журам ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.  Шийдвэр гарсан даруйдаа зарим иргэдний эсэргүүцэлтэй тулсан. Өнөөдөр ч эсэргүүцэл үргэлжлэн, нийслэлийн АН-ынхан автомашинтай жагсаалыг Хангарди ордны гадна хийж, ачаалал ихтэй хотын төвийн замыг таг гацаав. 

Хэдийгээр иргэдийнхээ халаас руу “өнгийж” байгаа огцом шийдвэр боловч  нөгөө талаас өмнөх  20 мянган төгрөгийн төлбөр авто зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээнд зарцуулахад хүрэлцдэггүй учраас нэмэж буй. Үүнийг дэмжсэн хэсэг ч бий.

Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ олон хүчин зүйлээс хамаарч, хэлбэлзэж байдаг нийгэм юм. Инфляц буюу бидний өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ нийслэлд 9 хувьд хэлбэлзэж байна. Иргэдийн дундаж цалин, өрхийн орлого алгуур боловч өссөөр байна. Дундаж цалин өсөх хэрээр ажиллагсдын нийгмийн даатгал ч өсөн, компанийн зардлыг нэмнэ. Энэ нь зам засвар, арчлалтын компаниудад ч хамаатай тул хотын төсөвт нөлөөлж байгаа нь лав.

Өнөөдрийн жагсаж буй иргэд “Төсвийн алдагдлыг түмэнд бүү үүрүүл” гэжээ. Угтаа бол  Улсын төсвийн  ирэх оны 2 их наяд төгрөгийн алдагдлыг хэлж байгаа бол хотынхонд биш УИХ-ын 76-д хаяглах ёстой л доо.  

Шатахууны үнэ өссөнийг ч эсэргүүцсэн байна. Энэ гомдлоо Хангардийн гадаа биш хамгийн том, шатахуун импортлогчдод мэдэгдэх ёстой юм. 

Авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бололцоотой. Өнгөрөгч онуудад авто зам ашигласны төлбөрөөр жилд  14 тэрбумыг "босгох" даалгаврыг нийслэлийн төсөвт суулгаж иржээ. Жолооч нар өдөр бүр замын түгжрэл, эвдрэлтэй нүүр тулж бухимддаг нь нууц биш.

Өөрөөр хэлбэл, таны ашиглаж байгаа зам, таны төлж буй татвартай шууд хамааралтай болж байна. Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 789,2 км, хотын бүсийн хэмжээнд нийт 1051 км урт авто замын сүлжээтэй. Гэвч замын сүлжээний техник ашиглалтын түвшингээр үзэхэд өнөөгийн байгаа авто замын 40 хувь нь хангалтгүй гэсэн тооцоо байдаг аж.

Дээрх журам хэрэгжиж эхэлснээр түгжрэлийг багасгаад зогсохгүй эдийн засагт тодорхой хэмжээний өгөөжтэйг харж болох юм. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, гэрлэн дохионы хэвийн ажиллагааг хангах, уулзвар, жолооч нарыг ая тухай зорчуулахад энэ төлбөрийг нэмэгдүүлсэн гэхэд илүүдэхгүй.

Авто зам ашигласны төлбөр нэмсний бас нэг шалтгааныг агаарын бохирдолтой холбон тайлбарласан. Нийслэлчүүдийн дийлэнх нь он хуучин машин худалдан авдаг. Тэдгээр нь агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг.

Химийн хүнд элементүүдээр бохирдсон агаараар зөвхөн жолооч нар амьсгалдаггүй. Автобус хүлээн зогсох хүүхдүүд, оюутнууд, албан хаагчид хамгийн их хохирдог.

Дээр нь Улаанбаатарт өдөр тутам хөдөлгөөнд оролцдог 401 мянга гаруй автомашины 78 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэсэн үзүүлэлттэй байгаа нөхцөлд ногоон хотыг цогцлоохын төлөө ийм зохицуулалтыг хүчээр хийдэг бодлого ч хаа сайгүй бий.

Эцэст нь хэлэхэд, ер нь тэгээд ажил хийе, асуудлыг шийдье гэхээр эсэргүүцэж байна хэмээн чээжээ дэлдэн, нийтийн эрх ашгийг биш хувь хүний жижигхээн амбийцаа урьтал болгодгоо болимоор юм...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611396
2 эможи

Зочин
2019-12-10 01:13
keyboard_arrow_up