Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 12 сарын 21

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.12.16-2019.12.22/ Нийслэлээс олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан боллоо. Хуралдаанаар  авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр  жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол ирэх онд 74 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, нийт 50 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 100 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжгүй болох юм.

Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо

Arslan.mn

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга “Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Э.Содномпилжээг нийслэл хотын хүндэт иргэнд өргөмжилж байна. Таны цаашдын үйлсэд амжилт хүсье” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Манай улсын пауэрлифтингийн шилдэг тамирчин, дэлхийн аварга, Гавьяат тамирчин “Нийслэл хотын хүндэт иргэн” болж байгаад хотын даргын хувьд баяртай байна. Спортын салбарт оруулсан хувь нэмрээ илүү амжилтаар үргэлжлүүлж, залуусын үлгэр жишээ түүчээ болж яваарай” гэв.

Автомашин ачилтын компаниудад ҮҮРЭГ, ДААЛГАВАР өглөө

Arslan.mn

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай /2019.12.19/ уулзалт хийлээ. Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Иргэдээс авто машин ачилттай холбоотой нэлээдгүй санал гомдол ирсэний дагуу өнөөдөр та бүхнийг дуудаж уулзаад байна. Авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирчихээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад яваг зэрэг гомдлууд баримттайгаа надад байна. Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж байгууллага зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалсан. Дахин шалгалт зохион байгуулж алдаа дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.  Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсныг улиралд нэг удаа болгож манай авто замын хөгжлийн газраас шалгалт хийж байгаа..." гэв. 

Хотын удирдлагууд “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар энэ сарын 17-ны өдөр  Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Daewoo Bus  Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus  Kazakhstan”  компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон ЖИЛИЙН ажлаа ТАЙЛАГНАЛАА

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас 2019 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгээ хэлэлцэж, ажил хөдөлмөртөө амжилт гаргасан албан хаагчдаа өчигдөр шагнаж урамшууллаа. Хууль тогтоомжийг сахиулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, үндсэн чиг үүрэгтэй ажилладаг тус байгууллагад 500 гаран улсын байцаагч 4700 хяналт шалгалт, 2754 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Энэ онд шилэн хяналтын цахим системд 139 мянган объектыг бүртгэж, 45 мянган объектод эрсдэлийн үнэлгээ хийж, 99.1 хувийн гүйцэтгэлтэй ажиласан байна.

Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарт ШИНЭЧЛЭЛТ хийх ажлууд он гараад ХЭРЭГЖИЖ эхэлнэ

Arslan.mn

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр болон холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм. Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч байгаа утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх гэх мэт нийт 18 саналыг ирүүлсэн бөгөөд эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.  

Хятадын Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан хүлээн авч уулзав

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хүрээнд хийгдсэн олон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсан юм. Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцаж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

Дахин төлөвлөн барилгажуулах төслийн эхний ээлжийн 187 айлын орон сууц ашиглалтад орлоо

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хуучин гурван давхар 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр шинэ байрны батламж, түлхүүрийг оршин суугчдад гардууллаа.

БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

Arslan.mn

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. БНСУ-ын Бусон хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар, Бусан хотуудын ложистикийг хөгжүүлэх зорилгоор айлчлан ирсэн гэдгээ уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дуулгаад ложистикийг хөгжүүлэх асуудлыг талархалтай хүлээн авч байгаагаа хэлсэн юм. Талууд харилцан ашигтай байдлаар ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд санал солилцоод, Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын тээвэр ложистикийн холбогдох албаныхантай уулзаж нэмэлт мэдээлэл авахаар тогтлоо.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаан болж, 2020 оны төсвөө баталлаа

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар /Ээлжит/ хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тухай, Дүүргийн 2020 оны төсөв батлах тухай, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

С.Даваасүрэн: Шүүлтүүрээ ажиллуулаагүй ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн ТОРГУУЛЬ ногдуулсан

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бүх зууханд хийсэн шалгалтын явцад илэрсэн зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Иргэд гэхээсээ илүү ААН-үүд агаар бохирдуулж байна, яндангаас нь хар утаа гарч байна гэх гомдол их ирж байгаа. Тиймээс өмнө нь шалгалт хийж байсан. Энэ удаад бүх уурын зуухыг хамруулснаараа онцлог. Шалгалтаар шүүлтүүр суурилуулсан ч түүнийгээ ажиллуулдаггүй, түүхий нүүрсээ ил задгай хадгалсан зөрчлүүд голлон илэрлээ.  Шүүлтүүрээ суурилуулаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгээд шалгаж байгаа. Харин шүүлтүүр суурилуулсан хэдий ч ажиллуулаагүй бол ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан..." гэв.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны дүн гарлаа

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн, Орчин, Төлөвлөлт төвтэй /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан залуусын дунд зохион байгуулж, шагналыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гардууллаа. Уралдаанд нийт таван багийн 12 бүтээл ирүүлж, Хот байгуулалт хөгжлийн газрын цахим хуудаст нийт 3117 иргэн саналаа өгсөн байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хамт олон “Бүрэн хангалттай“ үнэлгээ авлаа

Arslan.mn

Улсын үзлэг зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 46 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын А/518 дугаар захирамжийн дагуу Төрийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгийн нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд улсын үзлэг явуулсан. Улсын үзлэгт дүүргийн ИТХ нь 94,1 хувь буюу "Бүрэн хангалттай" үнэлгээгээр дүгнэгдсэн батламжаа гардан авлаа.

Г.Нэргүй: Анх удаа угаарын хийн хордлогын дуудлага ирээгүй 24 цагийн турш тайван хонолоо

Arslan.mn

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Хоногийн хугацаанд анх удаа угаарын дуудлагагүй 24 цагийн турш тайван хонолоо. Аравдугаар сараас хойш төвийн зургаан дүүрэгт угаарын хийд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагагүй байна гэдэг маш сайхан мэдээ. Нийслэлийн онцгой комиссын тушаалаар хөдөлгөөнт эргүүлүүд төвийн зургаан дүүрэгт өдрийн 11.00 цагаас оройн 24.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хөдөлгөөнт эргүүлүүд сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, түүхий нүүрс хэрэглэхгүй байхад анхаарал тавин ажиллаж байгаа" гэв.

НМХГ-аас хугацаа дууссан зэрэг зөрчилтэй, 1.2 сая төгрөгийн барааг буцаав

Arslan.mn

Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан НМХГ-аас энэ сарын 16-ны өдөр мэдээлэл хийж, дараах зүйлийг анхаарууллаа. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтаар хаяг шошго буруу, хуурамч, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бараа худалдаж байсан зэрэг 532 зөрчил илрүүлээд байна. Шалгалтаар 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд цөөнгүй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Төв аймгийн “Морьт хангай” компанийн үйлдвэрлэсэн “Морьтон” архи дахь найрлага стандарт хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс татаад байна.

НМХГ-аас хяналт шалгалтын хүрээнд нийт 34 зөрчил илрүүлжээ

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтад нийт 13 ААН, 8 иргэн, нийт 21 худалдааны газар хамрагдлаа. Хяналт шалгалтын хүрээнд нийт 34 зөрчил илрүүлж, 20 зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

“Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг хэрэгжүүлэхээр болжээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 20-ны өдөр болж, “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжжээ. Нийслэлийн 202,000 гаруй айл өрхөөс жилд 168 мянган тонн үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ. Энэхүү туршилтын зэрэгцээ сайжруулсан түлшнээс гарсан үнсийг ШУА-ын Хими химийн технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лабораториудад өгч шинжлүүлж байна. 

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хуралдааны эхэнд Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Улаанбаатар хотод 2019 оны эхний байдлаар нийт 387,4 мянган өрх байгаагаас 44,8 хувь буюу 173526 өрх нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Нийтийн орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, техник технологийн шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ болн хувийн хэвшлийн 82 контор хариуцаж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг яаралтай шинэчлэн баталж 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. 

Иргэд “E-POLICE” гар утасны аппликейшныг ашиглан дараах зөрчлүүдийг илгээж хариуцлага тооцууллаа

Arslan.mn

Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байна.

Төв талбайд тавьсан хаалтын талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас тайлбар өглөө

Arslan.mn

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв. Дашрамд дурдахад, Гадаадын хөгжингүй орнууд иргэд, олон нийт амарч зугаалдаг төв талбайгаа гадны элдэв халдлага, гэмт хэргээс хамгаалах зорилгоор ийм хаалтууд байршуулдаг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611846
0 эможи

keyboard_arrow_up