Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шалган нэвтрүүлэх товчоогоор орж гарсан иргэдийн мэдээлэл машины дугаараар бүртгэгдэнэ

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч  уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар байлцав.

Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хотын Захирагчийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад цахимаар буюу таблет дэлгэц ашиглан асуулга явуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Тэрбээр “ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тус асуулгад идэвхтэй оролцох, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалах, мөн асуулга авах үеэр иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх болно. Бидний ажлыг нийслэлийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахыг хүсч байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байна. Тун удахгүй Монгол үндэсний сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө, орон нутаг нийслэлийн хооронд хөдөлгөөн идэвхтэй болдог. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд асуулга явуулж, эрүүл мэндийн тандалт хийхийг нийслэлийн зүгээс дэмжих болно” хэмээн хэллээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас явуулах асуулгыг зохион байгуулж ажиллахаар болов. Үүний тулд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан мэдээлэл болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэх аж.

 

Эх сурвалж:  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
613867
2 эможи

keyboard_arrow_up